🔍Дараах байдлаар анхан шатны баримт шалгалт хийж хуурамч пэйжийг ялгаж сураарай.
1. Хаягийг нягтал
Урамшуулал амласан, азтан болохыг уриалсан, үнэгүй бэлэг тараах талаар мэдээлэл оруулсан хаягуудыг “Page transparency” буюу пэйжийн мэдээллийг ил тод харуулах зорилготой цэсийг дарж хардаг байгаарай. Шалгаж буй мэдээллийг оруулсан “Худалдаа хөгжлийн банк” нэртэй пэйжийг 2022 оны 10 дугаар сарын 8-нд нээсэн, 17 дагагчтай болсон байна. Энэ нь Монголд 30 жил үйл ажиллагаа явуулж буй ууган банкны пэйж гэх боломжгүй юм. Харин ХХБ-ны албан ёсны пэйж нь 2011 оны 01 дүгээр сарын 20-нд нээгдсэн, Монголоос 8 админ удирддаг, 333 мянган дагагчтай пэйж байгааг “Худалдаа хөгжлийн банк” гэсэн нэрийг Facebook-ийн хайлт хэсэгт оруулаад харж болно. Уг албан ёсны хаягт 100 хүнд зүгээр азтан болгоод бэлэн мөнгө тараах тухай мэдээлэл байхгүй.
2. Зургаар хайх
Эргэлзэж байгаа мэдээллийнхээ зургийг скрийншот хийж аваад Google Lens апп-д оруулж хайх, эсвэл компьютерээс орж байгаа бол маусын баруун товчийг дарж “Search image with Google Lens” цэсийг сонгон хайж болно.
Шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг нь ХХБ-ны албан ёсны пэйжид 10 дугаар сарын 7-нд оруулсан хадгаламждаа мөнгө нэмсэн харилцагчдад урамшууллын эрх олгох тухай мэдээлэлд ашигласан байна.
3. Үйлдэл хийхийг уриалж, таны хувийн мэдээллийг авдаг
Шалгаж буй постод азтан болохын тулд 5-10 группэд шэйрлэх нөхцөл тавьсан байна. Энэ нь тухайн мэдээллийг идэвхжүүлэх, линкийг хуулах зэргээр үйлдэл хийлгэх замаар таны хаяг руу нэвтрэх боломжтойг Facebook-ээс анхааруулсан. Мөн ийм луйврын шинжтэй мэдээллийг мэдэгдэх аргыг зааж өгсөн байдаг. /эх сурвалж хэсгээс харна уу/ Тэгэхээр та баталгаагүй мэдээлэлд автаж, азтан болохыг хүсэн шэйр хийж, сэтгэгдэл хэсэгт тоо, тэмдэгт оруулсан бол цахим луйварт өртөх магадлалтай гэсэн үг.