2022 оны 10 дугаар сарын 6-нд LG MongoIia нэртэй пэйжид “Өнөөдөр бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдаагүй 260 ширхэг хөргөгчийг бэлэглэж байна, бүх хөргөгч нь бүрэн бүтэн байгаа тул “ХҮСЭЖ БАЙНА” гэж бичсэн хүнд санамсаргүй байдлаар явуулна. Таны нэр манай гайхалтай шагналтнуудын жагсаалтад байгаа эсэхийг шалгаарай” гэсэн тайлбартай, дэлгүүрт эгнүүлэн тавьсан хөргөгчийн зурагтай пост оруулсан байна. “Сэтгэгдэл бичсэнд баярлалаа, энэхүү бэлгийг авах гол шаардлага бол 5-10 фэйсбүүк групптэй хуваалцах явдал юм. Амжилт хүсье” гэж коммент бичсэн хаяг болгонд автоматаар хариулах тохиргоо хийжээ.
Энэхүү пост нь 3 цагийн дараах байдлаар 17 реакц, 91 сэтгэгдэл, 188 шэйртэй болсон байна. Тайлан бичих хугацаанд 200 шэйр болон нэмэгдэж, ойролцоогоор минутад 2 удаа цааш хуваалцаж байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Хаягийг нягтлах
Пост оруулсан хаяг руу ороход 10 дугаар сарын 6-нд шинээр нээсэн 20 дагагчтай пэйж байна. Пэйжид холбоо барих мэдээлэл, танилцуулагагүй, дээрх постоос өөр мэдээлэл оруулаагүй байна.
Харин “LG MongoIia” гэх үгийг нь Facebook-ийн хайлт хэсэгт оруулж үзэхэд “LG electronics Mongolia” нэртэй, 2021 оны 01 дүгээр сарын 12-нд нээсэн, Монгол улсаас 12 админ удирддаг, 6.9 мянган дагагчтай, холбоо барих мэдээлэл, утасны дугаараа оруулсан Монгол дахь LG брэндийн албан ёсны дистрибьютор гэсэн тайлбартай пэйж гарч ирж байна.
Энд ямар нэг гэмтэл, зураастай хөргөгчүүдийг үнэгүй тараах тухай агуулга байхгүй бөгөөд 09 дүгээр сарын 13-нд оруулсан бэлэгтэй худалдааны тухай постдоо “Та цахим гэмт хэргээс сэргийлж хувийн мэдээллээ коммэнт хэсэгт бүү үлдээнэ үү. Пи Си Молл ХХК нь ямар ч тохиолдолд хувь хүний дансаар гүйлгээ хийдэггүй болно” гэсэн санамжтай оруулсан байна.
2. Зургаар хайх
Ашигласан зургийг Google Lens-д хайхад 09 дүгээр сарын 27-нд LG Fans нэртэй пэйжид ижил агуулгатай мэдээлэл оруулсан илэрц гарч ирж байна.
Энэ нь олон улсад ижил агуулгаар хуурамч мэдээлэл оруулж, хандалт, хувийн мэдээлэл цуглуулах зорилготой үйл ажиллагаа явуулж буйн илрэл гэж үзэх үндэслэл юм.
3. Хувийн мэдээллээ хамгаалаарай
Үнэгүй тараана, урамшуулал олгоно, бэлэг хожлоо гэх мэт агуулгатай хуурамч мэдээллээр хандалт нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хувийн мэдээллийг авахыг санаархах зэрэг цахим залилангийн зорилготой үйл ажиллагаа явуулдаг тул хувийн мэдээллээ хамгаалаарай.