2022 оны 10 дугаар сарын 4-нд Төгөлдөр Йога нэртэй хэрэглэгч “Байгалийн антибиотик зааж өгье. 250мл усанд 1-2 халба алимны цуу + тал хоолны жижиг халбага турмерик + халбага лемоны шүүс. Дотор өөх сайн хайлуулж, хорт бохирдлыг эрчимтэй хөөнө” гэсэн пост оруулсан байна. Мөн постын сэтгэгдэл хэсэгт “Өдөрт 1-2 аяга болно. Бүх хүмүүсийг хэрэглэ гээгүй шүү. Алимны цуунаас харшилдаг, ходоод гэдэсний үрэвсэлтэй хүмүүс хэрэглэхгүй” гэсэн ба “Хоолны дараа 60-90 минутын хойно уувал зүгээр” гэж зөвлөсөн байна. Уг постыг 10 дугаар сарын 6-ны байдлаар 1,968 реакц, 98 сэтгэгдэл авч 1,381 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Турмерик, лемоны шүүс нь антибиотик үйлчилгээтэй гэх мэдээлэл #ҮНЭН
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвийн цахим тайлбар тольд антибиотикийг “Бактерийн гаралтай халдварыг эмчлэх, сэргийлэх зорилготой ашигладаг, бактерийн тархалтыг бууруулдаг, устгадаг идэвхтэй нэгдэл” гэж тодорхойлжээ.
Эмийн химийн 5 дахь удаагийн олон улсын цахим хурлын тусгай хэвлэлд нийтлүүлсэн дараах судалгааны ажлуудад баримт шалгалтад дурдсан бүтээгдэхүүнүүдийн талаар дурджээ.
- Индонезийн эрдэмтдийн 2019 оны судалгааны ажилд “Лемоны шүүс нь флавоноид, каротеноид, лемоноид, таннин зэрэг олон биологийн идэвхт нэгдлийг агуулдаг. Уг нэгдлүүд тус бүр бактерийн эсрэг үйлчилгээтэй. Лемоны шүүс нь суулгах халдварыг үүсгэгч бактерийн өсөлтийг хязгаарладаг онцгой үйлчилгээтэй” болохыг дурджээ.
- Польшийн эрдэмтдийн 2020 оны судалгааны ажилд “Турмерик нь биологийн идэвхт куркумин нэгдэл агуулдаг. 1949 онд Nature сэтгүүлд анх куркуминий бактерийн эсрэг үйлчилгээг мэдээлж байснаас хойш өнөөг хүртэл куркумин нь үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээтэйг олон улсын эрдэмтэд тогтоогоод буй” гэж дурдсан байна.
2018 онд Nature агентлагийн Scientific Reports сэтгүүлд Их Британийн эрдэмтдийн нийтлүүлсэн туршилтын тайланд алимны цууг E.coli, S. aureus, C. albicans зэрэг бактерийн эсрэг туршсан ба үр дүн хэсэгтээ “Алимны цуу нь микробын төрлөөс хамаараад янз бүрийн эсрэг үйлчлэл үзүүлдэг. Микробын өсөлтийг бууруулах, цитокиний хариу үйлдлийг дарангуйлах үйлчилгээтэй” гэж дурджээ.
2. Алимны цууг жин хасах зорилгоор туршсан тохиолдол
АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллагын мэргэжилтэн, Нью Йоркийн их сургуулийн эрдэмтэн, хүнс судлаач Алис Фигуэроагийн ярилцлагыг 2022 оны 05 дугаар сарын 06-нд Shape.com вэбсайтад байршуулжээ. Тэрээр:
“Алимны цууг жин хасах зорилгоор хэрэглэх боломжтой эсэхийг хүн дээр туршсан тохиолдол цөөн. Лабораторийн нөхцөлд хархан дээр туршилт хийхэд их хэмжээний биш ч гэсэн эерэг нөлөө үзүүлсэн тохиолдол байдаг. Гэсэн ч жин хасах хамгийн сайн арга бол хэрэглэж буй хүнсний илчлэгийг багасгаж, дасгал хөдөлгөөн хийх юм” гэдгийг онцолсон байна.
2010 онд Япон улсад таргалалттай хулгана дээр хийсэн туршилтын тайланг Оксфордын их сургуулийн академик санд байршуулжээ. Туршилтаар, алимны цууг тогтмол уулгасан хулганууд ус уулгасан бүлгээс хүчилтөрөгчийн хэрэглээ, эрчим хүч зарцуулалт, өөх шатаалт нь бага хэмжээгээр илүү байсан байна. 2016 онд Францын Зүрх, судас судлалын сэтгүүлд хэвлүүлсэн 30 хоногийн туршилтын тайланд алимны цууг харханд хэрэглүүлэхэд хоолны дуршил нь буурч, бодисын солилцоо нь нэмэгдсэн байна.
Хүн дээр хийсэн туршилтууд хангалттай сайн гэж үзэхүйц үр дүн үзүүлээгүй байна. Японы Биошинжлэх ухаан, биотехнологи, биохимийн сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны ажилд дараах үр дүнд хүрсэн тухай бичжээ.
2009 онд японы эрдэмтэд хамтран илүүдэл жинтэй 175 хүнийг 3 бүлэгт хуваан өөр өөр дэглэм бариулсан байна. Тухайлбал, 12 долоо хоногийн турш өдөрт 500 мл усанд 15 мл алимны цуу хийж уух, мөн 500 мл усанд 30 мл алимны цуу найруулж уух, үлдсэн нь алимны цуу огт хэрэглэхгүй байх гэсэн 3 өөр дэглэм бариулсан. Үр дүнг харьцуулахад алимны цуу ууж хэрэглэсэн бүлэг 1-1.5 кг жин хассан байжээ. Гурван сарын хугацаанд 1-1.5 кг хассан гэдэг нь хангалттай сайн үр дүн биш, гэвч таргалалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тохиромжтой хэмжээгээр хэрэглэх боломжтойг онцолжээ.
2018 онд Зохицуулах үйлчилгээтэй хүнс судлалын сэтгүүлд Иран улсын эрдэмтдийн хамтран хийсэн туршилтын тайланг нийтлүүлжээ. Туршилтад 39 хүнийг 12 долоо хоногийн турш алимны цуутай ус уулгаж туршихад 1-1.5 кг хассан байсан байна.
2018 онд Nature.com вэбсайтад байршуулсан судалгааны ажилд “Алимны цуу нь нян болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй” гэж дурдсан байна. Өөр бусад судалгааны ажлуудад ч алимны цуу нян, бактерийн эсрэг үйлчилгээтэй болохыг онцолжээ.
3. Лемоны шүүс болон турмерикийн үйлчилгээ
IndiaTimes агентлагийн вэбсайтад 2022 оны 06 дугаар сарын 06-нд байршуулсан “Лемонтой усны талаарх худал мэдээллүүд” нэртэй нийтлэлд “Лемонтой ус тураах үйлчилгээтэй, өөх хайлуулна гэдэг ч үнэндээ үгүй. Лемоны найрлагад өөхийг хайлуулах нөлөө бүхий онцгой, шидэт бодис байхгүй. Лемон нь жимсний нэг төрөл учраас сайн хэрэглэж байх нь хүний биед тустай. Мэдээж лемон биед тустай микро шим тэжээл агуулдаг ч өөх шатаах үйлчилгээтэйг нь нотолсон тохиолдол байхгүй тул дасгал хөдөлгөөн сайн хийж, зөв хооллох замаар жин хасах нь хамгий зөв арга” гэсэн байна.
Их Британид үйл ажиллагаа явуулдаг The Turmeric компани нь турмерик агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ олонд танигдсан байна. 2021 оны 08 дугаар сарын 21-нд The Turmeric компани өөрийн вэбсайтдаа турмериктэй холбоотой худал мэдээллийг залруулж нийтэлж байжээ. Нийтлэлд: “Турмерик жин хасахад туслах үйлчилгээтэйг нотолсон хэд, хэдэн судалгааны ажил байдаг ч дангаар нь хэрэглээд л байвал жин хасна гэсэн үг биш. Турмерик гэлтгүй ямар ч хүнсний бүтээгдэхүүн жин хасахад шууд нөлөөлөх боломжгүй. Жин хасахын тулд долоо хоногт дор хаяж 150 минут эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, хоолны дэглэмдээ агуулагдах илчлэгийн хэмжээг багасгаж, зөв хооллох хэрэгтэй. Уг хэвшлийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлсний дараа тураах үйлчилгээтэй гэх бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ ашиглаж эхэлбэл илүү хурдан жин хасах ач холбогдолтой” гэсэн байна.
4.Алимны цууг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай
Алимны цуутай усыг хэт удаан хугацаагаар тогтмол уух шаардлагагүй ба хоол, хүнс, салатанд бага тунгаар хэрэглэх нь зүйтэй аж. Жишээлбэл, Karger цахим сэтгүүлд байршуулсан нэгэн судалгааны ажилд “Австри улсад 1998 онд 6 жилийн турш алимны цуутай ус тогтмол хэрэглэж ирсэн эмэгтэйн цусан дахь калийн түвшин хэт багасаж, ясны сийрэгжилттэй болж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон” гэж дурджээ.
Харвардын Анагаах ухааны сургуулийн вэбсайтад 2020 оны 10 дугаар сарын 29-нд нийтэлсэн мэдээнд алимны цууны тунг өдөрт 2 халбагаас дээш хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. Тун хэтэрсэн тохиолдолд дараах гаж нөлөөг үзүүлэх боломжтой гэжээ.
- Шүдний пааланг гэмтээх
- Цусан дахь калийн түвшинг бууруулах
- Инсулин дааврын ялгарлыг тэнцвэргүй болгох
Баруун Виржиниагийн их сургуулийн вэбсайтад байршсан мэдээнд “Алимны цууг өдөрт 2 хоолны халбагаас их хэмжээгээр хэрэглэхгүй байх, шууд ууж болохгүй буюу дор хаяж 250 мл усанд найруулах, шөл, салатын хачир, мах ногооны дүрлэг байдлаар хэрэглэвэл зохино” гэжээ.
Тодорхой төрлийн эмчилгээ хийлгэж буй эм, бэлдмэл хэрэглэдэг хүмүүс алимны цууг хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг байна. IndiaTimes агентлагийн вэбсайтад 2017 оны 07 дугаар сарын 27-нд байршуулсан дараах анхааруулгыг хүргэж байна.
- Чихрийн шижингийн эмчилгээ хийлгэдэг, инсулин хэрэглэдэг
- Цусны даралт багасгах эм уудаг
- Зүрх, судасны өвчний эм ууж буй тохиолдолд алимны цуу хэрэглэхээс
- зайлсхийх шаардлагатай.
- Тун хэтэрвэл ходоод, гэдэс хямрах гаж нөлөөтэй тул тохируулж хэрэглэх
- Алимны цуутай хүнс идсэний дараа шууд шүдээ угаахгүй байх
- Хоол идсэнээс дор хаяж 20 минутын дараа хэрэглэх
- Хүчиллэг шинж чанар ихтэй тул заавал шингэлж хэрэглэх
- Улаан хоолойг гэмтээх аюултай тул унтахаас дор хаяж 30 минутын өмнөөс хэрэглэхгүй байх