Сонгинын хальс хандалж уугаад сахарын өвчинг арилгасан гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сонгинын хальс хандалж уугаад сахрын өвчнийг арилгасан гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сонгиноор чихрийн шижин өвчний хүндрэлийн нөхцөл байдлыг дээрдүүлдэг гэх клиник баримт байхгүй.

2022 оны 08 дугаар сарын 26-нд mngoals.com вэб сайт “Сахарын өвчинд баяртай гэж хэлсэн миний эмчилгээ” гэх гарчигтай мэдээлэл оруулсан. Тус мэдээнд чихрийн шижин өвчний хүндрэлтэй хүн сонгинын хальсыг хандлан тогтмол ууснаар өвчнөө эдгээсэн хүний бичжээ.

2022 оны 10 дугаар сарын 04-ний байдлаар Crowdtangle аппликэйшнээр шалгаж үзэхэд 681 реакц, 74 коммент авч, 1373 удаа цааш түгээгдсэн байна.

Уг мэдээлэлд дурдсан сонгинынн хальсны ач холбогдлуудын талаарх хэсгийг товчлон авлаа. Уг мэдээлэл чихрийн шижин өвчинтэй хүний түүх маягаар бичигдсэн бөгөөд хүндэрч, заримдаа хөл нь мэдээгүй болж, цаашдаа хараагаа алдах айдастай байх үедээ сонгинын хальс хандалж уугаад эдгэрсэн гэх агуулгатай байна. Гол агуулгыг сийрүүлбэл:
“сонгинынхоо хальсыг тусгай саванд аваад шилэн сав руу хийж буцлам халуун ус дээрээс нь хийн хандлаад ууна. Анх мэдэлгүй хүссэн үедээ уугаад байдаг байсан. Гэвч зүрх дэлсэж, уур хүрээд хачин мэдрэмж төрсөн л дөө. Тэгсэн сонгинын хальс цус цэвэрлэж, судас тэлдэг сайн үйлчилгээтэй бөгөөд тун ихэдснээр үүдэлтэй сөрөг нөлөө үзүүлсэн байгаа юм. Тиймээс л эмчилгээний журмын дагуу өглөө, орой нэг нэг аяга уудаг болсон. Оросын эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг сайт дээр энэ тухай бичсэн байсан. Хандыг уух үе буюу эхний арав хоног их гүйлгэсэн. Их эвгүй үнэртэй. Ёстой л миний дотор ялзарчихсан мэт л эвгүй мэдрэмж төрж байв. Гүйлгэхээ болих үед миний биед таатай, эерэг мэдрэмжүүд төрж, хөнгөрч эхэлсэн. Одоо байнга л сонгинынхоо хальсыг хандалж тавьчихаад өглөө, оройдоо уусаар л байгаа. Сахарын өвчин холын холд одсон. сонгинынн хальсаар хийсэн ханд ганц сахар гэлтгүй зүрх судасны өвчинд тустай санагдсан. Эхэн үедээ хоолны дэглэм яс барьдаг байсан. Бор гурилан бүтээгдэхүүн хэрэглэж, өөх тосыг мартаж, байцаа, юуцай зэргийг хэрэглээд л… Гэхдээ одоо бол хоолны дэглэмийг хаяж, хүссэн бүхнээ идэж байгаа. Мөн сонгинын хальсаа хандаж уусаар л байна” гэжээ.

1. Сонгинын хальс цус цэвэрлэж, судас тэлдэг сайн үйлчилгээтэй гэх мэдээлэл нь батлагдаагүй

Сонгинын хальсанд кверцетин (quercetin), кемпферол (kaempferol) зэрэг био идэвхит нэгдмэлүүд ихээр агуулагддаг. Эдгээр нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг гэх судалгаа байгаа ч эцсийн байдлаар дүгнэж, батлагдаж, эмчилгээнд хэрэглэх заавар байхгүй буюу одоогийн байдлаар зөвхөн хулганад хийсэн туршилтын үр дүнгүүд байгаа юм.

2013 онд И Сэн-Мин (Lee Seung-Min) нарын “Food and Chemical Toxicology” сэтгүүлд “Кверцетинээр баялаг сонгинын хальс артерын тромбозтой хулгануудад нөлөөлөх нь” (Effect of quercetin-rich onion peel extracts on arterial thrombosis in rats) өгүүлэлд сонгинын хальсанд агуулагддаг кверцетин бодис хулганад хийсэн туршилтад тромбозын эсрэг үйлчилгээтэй байж болохыг дурдсан байна. Мөн 2015 онд Жо Ру Е (Ro Ju-Ye) нарын “Сонгинын хальс хулгануудад тромбозын эсрэг нөлөөтэй” (Onion (Allium cepa L.) peel extract has anti-platelet effects in rat platelets) гэх өгүүлэлд мөн тробмоз буюу цус бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэй байж болохыг дүгнэсэн байна. Гэвч эдгээр судалгаа нь зөвхөн туршилтын хулганад хийсэн бөгөөд хүний биед эерэг нөлөөлөхийг батлаагүйг анхаарна уу.

2. Оросын эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг сайт гэх тойм мэдээлэл баталгаагүй

Бидний шалгаж буй постод орос хэл дээрх чухам ямар эх сурвалжаас эш татсаныг дурдаагүй. Харин орос хэлээр сонгинын хальсны талаарх мэдээллийг хайж үзэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, баталгаагүй эх сурвалжид ам дамжсан яриа, зөвлөгөө хэлбэрээр байх бөгөөд “чихрийн шижин өвчнийг эмчилнэ” гэсэн утга агуулга алга байна.

3. Сонгинын хальс чихрийн шижин өвчин, зүрх судасны өвчнийг эмчилдэг нь батлагдаагүй

Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис эрүүл мэндэд ач холбогдолтой ч зөвхөн сонгинын хальсыг хандалж хэрэглэснээр чихрийн шижин өвчнийг эдгээх ялангуяа хүндэрсэн хэлбэрийг эмчлэх боломжгүй юм.

Манож Кумар (Manoj Kumar) нарын “Biomedicine & Pharmotherapy” сэтгүүлд хэвлүүлсэн “Сонгинын хальс: био идэвхит нэгдлүүд болон био анагаахын үйлдлүүдийн үнэлгээ” (Onion (Allium cepa L.) peels: A review on bioactive compounds and biomedical activities) өгүүлэлд сонгинын хальсны эрүүл мэнд болон био идэвхит бодисуудын талаарх өмнө хийгдсэн судалгаануудыг тоймлон үнэлсэн бөгөөд тус өгүүлэлд дурдсанаар сонгинын хальсанд агуулагддаг кверцетин нь зүрх судасны өвчлөлийн үед тустай байж болохыг дурдсан. Өөрөөр хэлбэл тус бодисоор цусан дахь холестролын хэмжээг бууруулах нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулах, хүндрэлийн үед хэрэглэх боломжтой байж болохыг дурдсан. Гэхдээ энэ нь сонгинын хальс нь дангаараа эм, эмчилгээг орлохгүй ба сонгинын хальс цусан дахь холестролын түвшинг бууруулдаг эсэх өмнөх судалгаануудын зөрүүтэй үр дүнгээс шалтгаалан эцсийн байдлаар дүгнэгдээгүй байна.
Мөн И Сэн-Мин нарын өгүүлэлд хулгануудыг сонгинын хальсаар хооллоход тэдний цусан дахь триглицерид (цусан дахь өөхний нэг төрөл) болон глюкозын (сахарын нэг төрөл) түвшин буурсан үр дүн гарсан байна. Сонгинын хальс цусанд сахарын хэмжээг бууруулсан үр дүнтэй судалгаанууд нь хулгана дээр хийсэн туршилтууд бөгөөд Манож Кумар нарын өгүүлэлд тоймложээ.

Харин 2021 онд Ван Хуан (Wang Huang) “Food Science & Nutrition” сэтгүүлд хэвлүүлсэн “Цусны липидийн профильд сонгинын нөлөө: санамсаргүй хяналтын туршилтуудын мета-анализ” (Effect of onion on blood lipid profile: A meta‐analysis of randomized controlled trials) өгүүлэлд 446 хүнийг хамарсан 10 туршилтын 9-д нь сонгинын нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд триглицеридийн хэмжээ бус цусан дахь бусад холестролын хэмжээ буурч байсан дүн гарсан байна.
Мөн 2021 онд Амин Галави (Amin Galavi) нарын “Iranian Journal of Basic Medical Sciences” сэтгүүлд хэвлүүлсэн “Сонгино болон идэвхит хэсгүүдийн бодисын солилцооны синдромд нөлөөлөх нь” (The effects of Allium cepa L. (onion) and its active constituents on metabolic syndrome: A review) өгүүлэлд сонгинын хэсгүүдийн эрүүл мэндийн ач холбогдлын судалгаануудыг тоймлон үнэлэсэн. Тус өгүүлэлд тайлбарласнаар:
“Дүгнээд хэлбэл, сонгино болон түүний идэвхтэй хэсгүүд нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл эмчилгээний агентууд гэж үзэгдэх боломжтой ч…харамсалтай нь сонгиноор чихрийн шижин өвчний хүндрэлийн нөхцөл байдлыг дээрдүүлдэг гэсэн клиник баримт байхгүй байна” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document