2022 оны 09 дүгээр сарын 30-ны 16:00 цагт “erennews.mn” нэртэй пэйжид “ ГИХГ: Хүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргалаа” гэсэн зураг бүхий пост хийжээ.
Тус постонд 09 дүгээр сарын 30-ны оройн 20:00 цагийн байдлаар нийт 583 реакц, 141 сэтгэгдэл авч, 27 удаа цааш хуваалцжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Гадаадын Иргэн Харьяатын Газрын тайлбар
09 дүгээр сарын 30-ны өдрийн 17:35 цагт Гадаадын Иргэн Харьяатын Газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Ч.Гантуяатай утсаар холбогдож “ОХУ-ын бүх иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож” байгаа эсэхийг тодрууллаа. Тэрбээр манай төвд дараах мэдээллийг бичгээр өгсөн юм.
Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн мэдээллийг хүргэж байна. “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.
Гэвч олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөн, дэлхий нийтийг хамарсан цар тахал, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр улс орнуудад томоохон сорилт болж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн Оросын Холбооны Улсын иргэд нь Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу оршин суух хүсэлтийн баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалтыг Гадаадын иргэн, харьяатын газар байгууллагын эрхлэх чиг үүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлнэ.
Иймд гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэхийг хүсье. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу” гэсэн байна. Тэгэхээр ОХУ-аас орж ирсэн БҮХ ИРГЭНД оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гараагүй, журмын дагуу хүсэлтээ өгсөн иргэдэд оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалт хийнэ гэдгээ илэрхийлжээ.
2. 09 дүгээр сарын 21-ээс 30-ны 14:00 цагийн байдлаар ОХУ-ын 748 иргэн байх хугацаагаа сунгуулж, 1,221 иргэн зөвлөгөө мэдээлэл авсан байна
2022 оны 09 дүгээр сарын 21-ээс 30-ны өдрийн 14:00 цагийн байдлаар байх хугацаагаа сунгуулсан Оросын Холбооны Улсын 748 иргэн байгаагаас 679 эрэгтэй, 50 эмэгтэй,19 хүүхэд байна. Түүнчлэн “оршин суух зөвшөөрөл авах, байх хугацаа сунгуулах талаар 610 иргэн биечлэн ирж зөвлөгөө мэдээлэл авсан байна. Харин цахим хуудсаар 66, 1800-1882 утсаар 545 иргэн зөвлөгөө мэдээлэл аваад байна.