🔍 Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. ХӨСҮТ-өөс мэдээллийг няцаалаа
Бид дээрх посттой холбоотойгоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвтэй холбогдсон. Тодруулбал, шалгаж буй постын мэдээлэл буюу буриад хүнээс ДОХ-ын вирусийн халдвар авсан 12 тохиолдол бүртгэгдсэн эсэх талаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны 17:40 цаг орчимд ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга, Анагаах ухааны доктор Ж. Даваалхамаас тодруулахад, “ХӨСҮТ-д “буриадуудаас ДОХ аваад ирж хэвтсэн” гэж бүртгэгдсэн нэг ч тохиолдол байхгүй. Хэрвээ ОХУ-ын иргэд ирээд халдвар тараалаа гэхэд өнөөдөр 12 хүн оношлогдоод, эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүрэх ямар ч боломжгүй, логикгүй мэдээлэл байна” гэсэн юм.
ОХУ-д цэрэг татлага зарлагдсантай холбоотойгоор энэ сарын 21-нээс хойш тус улсын олон тооны иргэд (үүнд буриадууд) Монгол улс руу нэвтэрсэн ба энэ үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын Эрхүү мужид ДОХ-ын халдвар өндөр байдаг гэсэн мэдээллүүд Твиттер, Фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Ийм мэдээллүүдтэй холбоотойгоор баримтгүй, худал мэдээлэл тараах гэсэн оролдлогуудын нэг нь энэ пост юм. Хэдийгээр Буриад иргэд олноор оршин суудаг Эрхүү муж нь ОХУ дахь ХДХВ-ийн халдвар өндөртэй мужуудын тоонд багтдаг ч тус муж болон тэнд оршдог Буриадын Бүгд Найрамдах Улсад хүн амын бүтцийн хувьд буриад угсаатан цөөнх харин оросууд давамгай олонх байдаг.
2. ДОХ-ын вирусээр халдварласан тохиолдолд 10-90 хоног хүртэл тестээр илрэхгүй байх боломжтой
АНУ-ын Халдварт Халдварт өвчний хяналт, сэргийлэх төвийн (Center for Disease Control and Prevention) вэб сайт дахь ДОХ-ын талаар мэдээлэлд “хэрвээ хавьтагч Дархлал Олдмол Хомсдолын вирусээр халдварласан тохиолдол шууд илрэхгүй ба тестээр илрэхгүй байх цонх үе байдаг байна. Тодруулбал, тестийн төрлөөс хамаарч хавьталаас хойш 10-90 хоног хүртэл хугацаанд илрэхгүй байх боломжтой” гэдгийг онцолжээ. Тэгэхээр энэ сарын 21-нээс хойш ОХУ-аас буриад иргэд орж ирээд ДОХ-ын халдварыг тараасан байлаа гэж үзэхэд илрүүлэх боломжтой хугацаа өнгөрөөгүй байна.