Ибупрофен эмийг 35-аас дээш настай бол уух хэрэггүй гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ибупрофен эмийг 35-аас дээш настай бол уух хэрэггүй гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ибупрофеныг өндөр тун болон олноор хэтрүүлэн хэрэглэх нь бөөр, зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлт хүчин зүйлсэд тооцогддог. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвийн Эм зүйн мэргэжлийн үйлчилгээний албаны вэбсайтад турмерикийн биед гаж нөлөө үзүүлж болохуйц тохиолдлууд болон хамтад нь хэрэглэхгүй байх бодисуудыг анхааруулсан байна.

2022 оны 09 дүгээр сарын 29-нд Lifestyle.mn∞ нэртэй пэйжид “Хэрэв та 35-аас дээш настай бол энэ эмийг ууж болохгүй, зүрхний шигдээс үүсгэж болзошгүй” гэсэн тайлбартай, sunny.mn домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулжээ.
Уг пост 09 дүгээр сарын 30-ны байдлаар 265 реакц, 47 сэтгэгдэл авч 681 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 1,091 хариу үйлдэл авсан байна.

sunny.mn домайны холбоосоор дарж үзэхэд:
“Бид болгоомжтой байхгүй бол ибупрофен эм нь нөхөн сэргээх боломжгүй ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Бусад эмийн нэгэн адил энэ нь бидний бөөрийг аажмаар гэмтээдэг. Үүнээс гадна цус харвалт, тэр ч байтугай зүрхний шигдээс үүсгэдэг” гээд турмерик, нимбэгний шүүс, зөгийн бал, халуун цайг ижил хэмжээтэй хольсон бэлдмэлийг санал болгоод “Өвдөлт арилахын тулд бид энэ хүчтэй байгалийн сиропыг өдөрт 3 удаа уух хэрэгтэй. Ингэснээр та ибупрофенийн үр нөлөөг авах болно, гэхдээ ибупрофен хэрэглэхээс хамаагүй аюулгүй юм. Дараагийн удаа та үүнийг хэрэглэхийг хүсвэл турмерик дээр суурилсан энэхүү эмийг анхаарч үзээрэй” гэсэн байна.

1. Ибупрофен эм нь бөөрийг гэмтээхээс гадна цус харвалт, зүрхний шигдээс үүсгэх аюултай #ҮНЭН

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвийн вэбсайтын эрүүл мэндийн тайлбар тольд ибупрофенийг “Стэройд бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй эм /Олон нийтийн хэрэглэж заншсанаар өвдөлт намдаах эм/ бөгөөд өвдөлтийн гормоныг бууруулах үйлчилгээтэй эм юм. Хүүхдэд гурваас дээш хоног, насанд хүрсэн хүнд арваас дээш хоног хэрэглүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй” гэсэн байна.

АНУ-ын Хүнс ба эмийн агентлагаас Стэройд бус үрэвслийн эрсэг үйлдэлтэй эмийн хэрэглээтэй холбоотой хэд, хэдэн анхааруулга гаргаж байжээ. Эдгээрт:

Өвдөлт намдаах эм нь цус харвалт, зүрхний шигдээс үүсгэх боломжтой “Үе мөч, нурууны өвчин, толгой өвдөх, сарын тэмдгийн өвдөлт, ханиад, халуурах гээд бүх үед өргөнөөр хэрэглэдэг өвдөлт намдаах эм /аспиринаас бусад/ нь лаборатори, практикт хийсэн төрөл бүрийн эмнэл зүйн туршилтаар зүрхний шигдээс болох, цус харвах, зүрхний үйл ажиллагаа доголдох магадлалыг ихэсгэдэг нь тогтоогдсон. Эмчийн зааврын дагуу бус, шаардлагагүй нөхцөлд дур мэдэн хэрэглэх тоолонд зүрх судасны өвчлөл үүсэх магадлал нэмэгдэж байна” (2015 оны 07 дугаар сарын 09)

Өвчин намдаах эмийг жирэмсний 20 дахь долоо хоногоос хойш хэрэглэхээс зайлсхийх “3 сараас дээш хоногтой жирэмсэн эх өвдөлт намдаах эм уухаас зайлсхийх ёстойг анхаарна уу. Учир нь ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, төрөхийн хүндрэл үүсэх магадлал ихсэх аюултай. 20-30 долоо хоногтой эх өвдөлт намдаах эм уух зайлшгүй тохиолдолд эмчтэй зөвлөлдөж, хамгийн бага тунгаар уух ёстой” (2020 оны 10 дугаар сарын 15)

АНУ-ын Үндэсний эмийн мэдээллийн сангийн вэбсайтад ибупрофен эмийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулжээ. Хэрэглэхэд анхаарах зүйлс хэсэгт бичсэн заалтуудаас дурдвал:
“Анхааруулга

  • Харшил үзүүлэх магадлалтай тул эмийг хэрэглэх үед арьс улайх, тууралт гарах, загатнах, нүүр хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анхаарах
  • Дараах тохиолдолд ибупрофен эмийн ходоод, гэдэсний цус алдалт үүсгэх магадлал нэмэгдэнэ
  • Зүрх доголдох, зүрхний шигдээс үүсэх, цус харвах магадлалыг нэмэгдүүлнэ
  • Дараах тохиолдолд хэрэглэхийн өмнө заавал эмчид хандах

АНУ Үндэсний бөөр судлалын нийгэмлэгийн вэбсайтын асуулт, хариулт, зөвлөмж хэсэгт:
“Ибупрофен, напроксен, аспирин зэрэг өвчин намдаах эмүүдийг өндөр тунгаар, тогтмол хэрэглэсэн тохиолдолд бөөрний үрэвсэл үүсэх боломжтойг анхаарна уу” гэсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2021 оны Чухал эмийн жагсаалтад ибупрофенийг 130 улсад чухал эм гэж бүртгэжээ. Ибупрофен биш ч гэсэн бусад нэр, төрлийн өвдөлт намдаах эмийг олон улсад өргөн ашиглаж байна. Ибупрофен тэргүүтэй стеройдын бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмүүдийн хэрэглээний талаар АНУ Харвардын Анагаах ухааны сургуулийн вебсайтад 2017 оны 08 дугаар сарын 09-нд байршуулсан мэдээнд: “Өвдөлт намдаах эмийг богино хугацаанд, бага тунгаар хэрэглэхэд айгаад байх шаардлагагүй. Өндөр тун болон олноор хэтрүүлэн хэрэглэх нь бөөр, зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлт хүчин зүйлсэд тооцогддог.

2017 оны 07 дугаар сард Түргэн тусламжид хэрэглэгдэх эмийн сэтгүүлд нэгэн туршилтын тайланг хэвлүүлжээ. Туршилтад 250 км туулах уралдаанд оролцож буй хөнгөн атлетикийн 89 тамирчдыг 2 бүлэгт хуваан 1 хэсэгт нь 400 мг ибупрофенийг 4 цаг тутамд, нөгөө хэсэгт нь яг адил хэлбэр дүрстэй ч эмийн үйлчилгээгүй бодисыг (placebo) хэрэглүүлж туршсан байна. Үр дүнд нь ибупрофин хэрэглэж байсан бүлэгт бөөрний үйл ажиллагаа доголдох тохиолдол нөгөө бүлгээс 2 дахин их, бөөрөнд гэмтэл учрах мөн л харьцангуй нийтлэг байсан гэжээ. Хэдийгээр иргэд жирийн нөхцөлд тамирчид шиг биендээ их ачаалал авалгүйгээр эмийг хэрэглэх хэдий ч бөөр, шээсний замын өвчтэй хүмүүс анхаарах ёстой. Хамгийн чухал нь их хэмжээгээр, эмчийн жоргүйгээр хэрэглэхгүй байхыг анхаарна уу” гэжээ.

2. Турмерикийг өвдөлт намдаах зорилгоор ашиглаж болно гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2021 оны 12 дугаар сарын 01-нд АНУ-ын Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн вэбсайтад үе, мөчний үрэвслийн үед турмерик /куркумин/ ашиглан өвдөлт намдаах туршилттай холбоотой нийтлэл байршуулжээ. Нийтлэлд:
“BMC сэтгүүлд нийтлүүлсэн куркумин буюу турмерикт агуулагддаг бодисын үе, мөчний үрэвслийн үед өвчин намдаах чадамжийг ибупрофен эмтэй харьцуулжээ. Үе, мөчний үрэвсэлтэй 139 өвчтөнийг 2 бүлэгт хуваан нэг бүлэгт нь өдөрт 50 мг тунгаар 2 удаа ибупрофен, нөгөө бүлэгт нь 500 мг тунгаар 3 удаа куркумин өгсөн байна. Судалгааны үр дүнд

  • Куркумин хэрэглэсэн оролцогчдын 94 хувь, Ибупрофен хэрэглэсэн оролцогчдын 97 хувь нь зовуурь 50 хувиар намдсан
  • Куркумин хэрэглэсэн оролцогчид нөгөө бүлгээс 28 хувиар бага гаж нөлөө мэдүүлсэн байна.

Гэвч куркуминийг зөвхөн үе, мөчний үрэвслийн үед туршсан, бусад тохиолдолд ибупрофенийг шууд орлуулан хэрэглэх талаар хангалттай судалгаа байхгүй. Мөн ибупрофенийг маш бага тунгаар туршсан тул шууд харьцуулах нь зохимжгүй” гэжээ.

Мөн Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвийн Эм зүйн мэргэжлийн үйлчилгээний албаны вэбсайтад турмерикийн биед гаж нөлөө үзүүлж болохуйц тохиолдлууд болон хамтад нь хэрэглэхгүй байх бодисуудыг анхааруулжээ. Анхааруулгад:
“Өдөрт 8 грамм хүртэлх турмерик хэрэглэхэд биед аюулгүй. Гэвч дараах зөвлөмжүүдийг анхаарвал зохилтой.

  • Хоол боловсруулах замын эмгэгтэй
  • Элэгний өвчлөл, цөсний чулуу, цөсний өтгөрөл, цөсний үрэвсэлтэй
  • Цус шингэлэх эм уудаг
  • Хагалгаанд орохоос дор хаяж хоёр долоо хоногийн өмнөөс турмерик хэрэглэхээ зогсоох
  • Варфарин, Клопидогрел зэрэг цус шингэлэх эм
  • Глибурид болон бусад төрлийн чихрийн шижингийн эсрэг эм
  • Доксорубицин, Циклофосфамид, Паклитаксел, Доцетаксел зэрэг хими эмчилгээний эм
  • Лоратадин, Лосартан, Мидазолам, Верапамил зэрэг эм
  • Норфлаксацин, сульфасалазин эм

Шалгаж буй баримтад дурдсан зөгийн балын тухай Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвийн вэбсайтын зөвлөмжид “Нярайн саажилт, татах өвчин, амны хөндийн өвчлөл үүсгэх боломжтой тул бага насны хүүхдэд зөгийн бал өгөхийг бүрэн хориглох” ёстойг анхааруулжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document