🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Барагшин найрлагадаа хүний биед тустай эрдэс бодис ихээр агуулдаг гэх мэдээлэл #ҮНЭН
Netmeds нь Энэтхэг улсад цахим эмийн сангийн үйлчилгээ үзүүлдэг, албан ёсны зөвшөөрөлтэй эрүүл мэндийн платформ юм. Netmeds платформд барагшины талаар мэдээлэхдээ:
“Байгаль дээрх барагшин найрлагадаа органик нэгдлүүд 60-80 хувь, эрдэс бодис 20-40 хувь, микро элементүүд 5 хувийг тус тус агуулдаг. Мөн тосны хүчлүүд, бензолын хүчил, гиппурын хүчил, давирхай, цавуулаг, албумин, бохь, ургамлын нэгдлүүд зэрэг 80 орчим биологийн идэвхт нэгдэл найрлагад нь багтсан байдаг” гэжээ.
2017 оны 08 дугаар сард АНУ-ын Индиана мужийн их сургуулийн эрдэмтдийн хамтран гүйцэтгэсэн “Барагшины эрүүл мэндийн ач тус” нэртэй судалгааны ажлыг Researchgate вебсайтад байршуулжээ. Уг судалгааны ажилд “Монголын эртний анагаах ухааны түүхэнд барагшиныг 404 өвчнийг илааршуулах ач тустай гэж үздэг” хэмээн дурджээ. Тус судалгааны ажлыг нийт 62 удаа эш татсан байна.
2. Сэрүүн чанартай эм учраас Барагшиныг зарим тохиолдолд хэрэглэхийг хориглодог
Бид 09 дүгээр сарын 27-ны өдөр Манба Дацан Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төвийн 7710-9977 лавлах утсаар холбогдон барагшины талаар тодруулахад: “Барагшин бол Монголчууд эрт үеэс анагаах ухаанд хэрэглэж ирсэн хадны хагаас гаргаж авдаг эм. Ихэвчлэн дотор цул эрхтний болон үе мөчний халуун чанартай өвчний үед хэрэглэнэ. Сэрүүн чанартай эм учраас бусад төрлийн өвчинд дур мэдэн хэрэглэх зохимжгүй. Аливаа эмийг хэзээ, яаж, юунд хэрэглэхээс хамаараад өөр, өөр нөлөө үзүүлдэг тул өвчнийг анагаах тохиолдолд эмчид хандах нь чухал” гэж хариуллаа.
АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний хүрээлэнгийн вебсайтад 2012 онд байршуулсан Чили улсын эрдэмтэд хамтран хийсэн Барагшины тухай судалгааны ажилд: “Байгалийн барагшиныг боловсруулалгүйгээр шууд хэрэглэх нь хүнд метал, хорт ионы хорлогод оруулах боломжтойг анхаарах” гэсэн байна.
Ази номхон далайн халуун орнуудын биоанагаахын сэтгүүлд нийтлүүлсэн 2012 онд Энэтхэгийн эрдэмтдийн хамтран гүйцэтгэсэн харханд барагшин ашигласан лабораторийн туршилтын тайланд “Барагшин нь цусан дахь төмрийн хэмжээг нэмэгдүүлдэг тул цусны төмрийн илүүдэлтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай” болохыг онцолжээ. Wiley судалгааны цахим санд байршуулсан 2015 онд Энэтхэгийн Аюурведийн анагаах ухааны коллежийн судлаачдын хамтран гүйцэтгэсэн судалгааны ажилд “Барагшин гормоны тэнцвэрийг алдагдуулах нөлөөтэй, тэр тусмаа тестостерон буюу эр бэлгийн дааврын ялгарлыг нэмэгдүүлэх тул гормоны асуудалтай өвчтөн анхаарч хэрэглэх ёстой” болохыг дурдсан байна.