🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. АНУ-ын Хүнс ба эмийн агентлаг озон эмчилгээг хэрэглэхгүй байхыг анхааруулсан гэх мэдээлэл #ҮНЭН
📌АНУ-ын Хүнс ба эмийн агентлагийн вебсайтад хайлт хийхэд 2022 оны 03 дугаар сарын 29-нд шинэчилсэн озон эмчилгээг эмнэл зүйн практикт ашиглахгүй байхыг анхааруулсан мэдэгдэл байна. Уг зохицуулалтад:
👉“Озон бол хорт хий бөгөөд эмнэл зүйд урьдчилан сэргийлэх, өвчнийг анагаах, хавсарга эмчилгээнд ашиглах ямар нэгэн зориулалт байхгүй.
📌Хэрэв озоныг цусан дахь нян, халдварыг устгагчаар ашиглах тохиолдолд хүн ба мал амьтны бие тэсвэрлэх боломжгүй өндөр концентрациар хэрэглэж байж л үр дүн үзүүлэх боломжтой. Тиймээс нян халдварыг озон эмчилгээгээр бүрэн устгах боломжгүй” гэжээ.
📌Мөн “Озон эмчилгээнд орсон өвчтөний бие физиологид гаж нөлөө үзүүлж болно. Тухайлбал, төв мэдрэлийн систем, зүрх, хараанд өөрчлөлт орж болзошгүй бөгөөд эмчилгээний үр дүнд хальс, салст цочрох нь нийтлэг” гэсэн байна.
👉Харин АНУ Үндэсний биотехнологийн мэдээллийн төвийн цахим архивд 2018 оны 09 дүгээр сарын 25-нд байршуулсан “Бактерийн гаралтай халдварын үед озон эмчилгээг дангаар нь хэрэглэх туршилт” нэртэй судалгааны ажилд “Озон эмчилгээг анх Дэлхийн I дайны үед ашиглаж эхэлсэн. Цэргүүдийн ил шархыг озон хийгээр хайрахад шарханд байх нян болон өвчлүүлэгчдийг устгаж байсан байна. Гэвч зөвхөн нян, өвчлүүлэгчдээр зогсохгүй хүний биеийн эрүүл эсүүдийг ч устгаж байсан” гэж онцолжээ.
2. 16 хүртэлх насны хүүхдэд аутотрансфузийн аргыг хориглодог
📌Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Заавар батлах тухай А/03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Зонхилон тохиолдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх заавар”-ыг баталсан.
👉Уг зааврын Хоёрдугаар бүлэгт “Цус сэлбэлтийг орлох алтернатив аргууд”-ыг жагсаасан байна. Үүнд:
Нэг. Судсаар шингэн юүлэх
Хоёр. Аутотрансфузи
Гурав. Мэс заслын үеийн цус шингэрүүлэлт
Дөрөв. Эмийн бэлдмэл гэсэн дэд сэдвүүдээр тодорхойлсон байна.
📌Эдгээрийн хоёрдугаарт байгаа аутотрансфузийг дараах байдлаар тодорхойлжээ: “Аутотрансфузи гэдэг нь өвчтөний өөрийнх нь цус, түүний бүрдэл хэсгийг урьдчилан авч бэлтгэн, мэс заслын явцад өөрт нь сэлбэх ажилбарыг хэлнэ” гэжээ.
👉АНУ-ын Үндэсний биотехнологийн мэдээллийн төвийн цахим архивт буй 2011 онд хийсэн “Озон эмчилгээний үнэлгээ” тайланд “Озон эмчилгээний хамгийн түгээмэл хувилбар нь “Аутотрансфузи” буюу хүний өөрийн цус, түүний бүрдэл хэсгийг авч, өөрт нь буцаан хийх аргачлалыг ашиглан, цусыг озонжуулан сэлбэх аргачлал” гэж тодорхойлжээ.
👉Эрүүл мэндийн сайдын А/03 тоот дээрх тушаалын хавсралт дахь мэдээлэлд озон эмчилгээний тухай нарийн зохицуулалт байхгүй байна. Харин аутотрансфузийн аргыг хориглох 14 тохиолдлыг зааж өгсний дотор ☝“16 хүртэлх насны хүүхдэд хийж болохгүй” гэжээ.
📌Аутотрансфузийн аргыг хориглох заалт:
-Тархины цусны эргэлтийн өөрчлөлттэй
-Зүрхний үйл ажиллагааны II-IV зэргийн дутмагшилтай
-Стенокарди болон 3 хүртэлх сарын өмнө зүрхний булчингийн шигдээс болсон
-Пароксизмаль хэм алдалт болон цусны судасны бүрэн бөглөрөлттэй
-Хэсэг газрын цусны эргэлтийн IV зэргийн дутмагшилтай
-Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай
-Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай
-Биеийн жин 10 хувиас илүү буурсан
-Цусны даралт багадалттай
-Цус гоожимтгой хам шинж
-Цусанд агуулагдах уургийн хэмжээ 60 гр/л-ээс багассан
-Сэтгэцийн өвчний улмаас ухаан санаа өөрчлөгдсөн
-16 хүртэлх насны хүүхэд
-ХДХВ, хепатит, В, С, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ эерэг илэрсэн зэрэг тохиолдолд аутотрансфузийн аргыг хэрэглэхийг хориглодог байна.
3. ЭМЯ-аас озон эмчилгээг зөвлөдөггүй
👉АНУ Үндэсний хавдрын институтын тайлбарт эмчилгээний аргуудыг үндсэн 3 байдлаар ангилдаг гэжээ.
📌Стандарт эмчилгээний аргууд гэж анагаах ухааны эмч, мэрэгжилтнүүд нийтлэг хүлээн зөвшөөрсөн, практикт өргөн хэрэглэдэг, хэрэглэх тохиолдлууд нь заавар, удирдамжаар баталгаажсан аргууд,
📌Хавсарга эмчилгээний аргууд гэж аливаа өвчний нөлөөг бууруулах зорилготой, стандарт аргуудтай цуг хэрэглэдэг дангаараа тухайн өвчний эмчилгээ болдоггүй аргууд,
📌Алтернатив эмчилгээний аргууд гэж олон улсын эсвэл эрүүл мэндийн эрх бүхий байгууллагын удирдамж, заавар, зөвлөмжид багтаагүй, стандартын бус эмчилгээ бөгөөд нийтлэг хүлээн зөвшөөрөх ач холбогдол, үр дүнгийн судалгаа бага хийсэн байдаг хэмээн тодорхойлсон байна.
👉Озон эмчилгээ нь алтернатив эмчилгээний аргад багтдаг
📌АНУ-ын Үндэсний биотехнологийн мэдээллийн төвийн цахим архивт Энэтхэгийн Мумбай хотын их сургуулийн эрдэмтдийн 2011 онд хийсэн “Озон эмчилгээний үнэлгээ” тайланд озон эмчилгээг “Озон болон озонидийг төрөл бүрийн хэлбэр, төрлөөр нэвтрүүлэх алтернатив эмчилгээний арга” хэмээн тодорхойлжээ.
☝Озон эмчилгээ нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамны ямар нэг баримт бичиг, удирдамж, зөвлөмжид тусгаагүй эмчилгээний арга юм.
📌Эрүүл мэндийн яамны вэбсайт дахь “Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн бүртгэл мэдээллийн систем”-д озон эмчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан байгууллага байдаг эсэхийг хайхад илэрц гарсангүй.
Мөн 09 дүгээр сарын 20-нд Ийгл телевизийн бэлтгэсэн мэдээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл яамнаас удирдамж, зөвлөмж гаргаагүй гэдгийг хэлсэн байна.
👉Озон эмчилгээг олон улсад судалсан байдал:
📌Олон улсын озон эмчилгээний сэтгүүлийн вебсайтад 2012 оны 05 дугаар сарын 04-нд байршсан мэдээнд “Озоныг өөр бодистой нийлэгжүүлэн ашиглах аргыг анх 1840 онд Германы химич Фредрих Кристиан нээснээс хойш одоог хүртэл энэ арга анагаах ухаанд өөрийн байр суурийг олж чадаагүй байгаа” болохыг дурджээ.
📌2020 оны 09 дүгээр сарын 21-нд АНУ-ын Хавдрын үеийн нэмэлт болон алтернатив эмчилгээний төвийн вебсайтад байршуулсан мэдээнд “2006 онд озоны эмчилгээг ашигласнаас болж уушгины судас бөглөрч үхэлд хүргэх тохиолдол гарч байсан” гэж дурдсан байна.
📌2005 оны 12 дугаар сард Малайзын Эрүүл мэндийн яамны Озон эмчилгээний талаар гаргасан тайланд “Озон эмчилгээний дараа цусны хомсролын үхжил, цусны үрэвсэл, түр зуурын хараа алдах зэрэг гаж нөлөө илэрсэн” хэмээн мэдээлжээ.
👉Эерэг нөлөө үзүүлсэн судалгааны жишээ:
📌АНУ AJCEM анагаах ухааны сэтгүүлд Италийн Сиэний их сургуулийн эрдэмтдийн 2014 онд хийсэн судалгааны ажил байршжээ. Уг судалгааны ажилд “Тамхидалтаас үүдэлтэй уушгины архаг бөглөрөлт өвчний үед озонжуулсан цус сэлбэлт нь өвчтөний биед эерэг нөлөөлж байсан” гэж дурдсан байна.
📌Elsevier сэтгүүлд нийтэлсэн Ираны эрдэмтдийн 2019 онд хийсэн Чихрийн шижингийн үед озон эмчилгээ ашиглах туршилтаар озон хий нь чихрийн шижингийн шалтгаант шархлаа үрэвсэх эрсдэлийг бууруулж байсан байна.
👉Озон эмчилгээны ашиглах зааврыг баталсан 14 улс:
📌Испанийн озон эмчилгээний мэргэжилтнүүдийн холбооны вебсайтад дурдсанаар озон эмчилгээг ашиглах зааврыг дэлхийн 14 оронд баталсан байна. Уг орнуудад:
-Грек /1991 онд/
-Украйн /2001 онд/
-Итали /2003 онд/
-БНХАУ /2005 онд/
-ОХУ /2005 онд/
-Испанийн 15 мужид /2007 онд/
-Куба /2009 онд/
-Оман / 2009 онд/
-Арабын бүгд найрамдах Эмират улс Дубай хот /2011 онд/
-Португал /2013 онд/
-Турк /2014 онд/
-Бразил /2015 онд/
-Мексик /2018 онд/
-Венесуэл /2020 онд/
Эдгээр улсаас бусад нь нийтээр хүлээн зөвшөөрөх эмчилгээний аргад оруулаагүй, удирдамжид тусгаж, зөвлөдөггүй байна.
- Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.
Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээний гишүүний хувьд бид нийтлэл бүрдээ “Баримт шалгах үйл ажиллагааны журам”, “Ёс зүйн зарчим”-аа хатуу баримталдаг бөгөөд шинээр үүсэж болзошгүй нөхцөл байдлаас хамааран “Залруулга хийх бодлого”-ын дагуу ил тодоор шинэчилж, залруулдаг болно. Хэрвээ та манай байгууллагын баримт шалгалтад эргэлзэж байвал энэ холбоосоор Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ байгууллагад гомдол гарган, бидний үйл ажиллагаа ёс зүйн стандартад нийцэж байгаа эсэхийг шалгуулах боломжтой.
- Шалгасан мэдээwww.facebook.com
- Озон эмчилгээний тайлбарwww.ncbi.nlm.nih.gov
- АНУ Хүнс ба эмийн агентлагийн анхааруулгаwww.accessdata.fda.gov
- АНУ Үндэсний хавдрын институтын тайлбарwww.cancer.gov
- Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/03 тушаалmoh.gov.mn
- Олон улсын озон эмчилгээний сэтгүүлwww.ozonetherapyglobaljournal.es
- Озон эмчилгээг ашиглах зааврыг баталсан орнуудын жагсаалтwww.aepromo.org
- Озон эмчилгээг ашиглах зааврыг баталсан орнуудын жагсаалтwww.aepromo.org
- АНУ Озон эмчилгээг ашигласнаар уушгины судас бөглөрсөн гэх мэдээлэлwww.cam-cancer.org
- Малайзын Эрүүл мэндийн яамны тайланwww.moh.gov.my
- Италийн Сиэний их сургуулийн тайланwww.researchgate.net
- Ираны эрдэмтдийн туршилтwww.sciencedirect.com
- Озоны эмчилгээг ашиглаж эхэлсэн ньwww.ncbi.nlm.nih.gov
- Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлтэй байгууллагын жагсаалтwww.sciencedirect.com