Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Юуны өмнө тухайн үед нөхцөл байдлыг газар дээр нь байсан хүнээс тодруулахаар “Амгалан” СӨХ-ны ажилтантай 80110819 дугаарын утсаар холбогдлоо. Тэрээр “Оршин суугчид гарах гээд байсан тул орцны хаалгыг цоожилж, гаражийн хаалгыг хяналтдаа авсан цагдаа, хамгаалалтын ажилтнуудаар дамжуулан хүнс, эм тариа авах зохицуулалт хийх болсон. Тиймээс орцны хаалганд цүү гагнуулж цоожилсон. Эхлээд дээр нь гагнуулсан боловч гар хүрэхгүй байсан тул доор нь цүүгээ хийлгэсэн” гэсэн мэдээлэл өгсөн юм. /Дэлгэрэнгүй тайланд яриаг бүтнээр нь оруулсан болно/
2. Сошиал орчинд оруулсан зургийг томруулан харахад хаалгыг онгойх аргагүй болтол нь шавж гагнасан байв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтнуудын хийсэн шууд дамжуулалтаар /линкийг коммент хэсгээс/ дээрх зурагт үзүүлсэн хаалга 13 дугаар байрных мөн болох нь батлагдана.
Уг зургийг 29a.ch/photo-forensics хэрэглүүр ашиглан шалгахад фотошоп ороогүй оригинал зураг гэдэг нь батлагдсан юм. /зураг хэсэгт гагнасныг томруулан үзүүлэв/
3. СӨХ-ны ажилтны утсаар өгсөн мэдээллийг баталгаажуулахаар Барилгын политехник коллежийн төгсөгч, “Трансвест” ХХК-ийн токарьчин Э.Цэрэнноровт хаалганд гагнуур хийсэн зургийг үзүүлэн үлдсэн ул мөрд шинжилгээ хийлгэхэд “Албаар онгойлгохгүй гэж гагнасан байна. Ямар ч муу гагнуурчин цүүг ингэж хийхгүй” гэж хариулсан юм. Улмаар Facebook дэх “Монголын гагнуурчдын нэгдсэн групп“ пэйжид уг зургийг оруулаад ямар зорилготой гагнуур хийсэн байгааг, дээд хэсэгт цүү хийх гээд буцаагаад авсан гагнуур мөн эсэхийг асуухад “Онгойлгохгүй гэж гагнасан байна”, “Түр торгоож гагнасан байна”, “Доод цүүгээ түлхэлтээс хамгаалж түр торгоож гагнасан байна”, “Яв цав тааруулах гээд хөдөлгөөнгүй, хэмжээ алдахгүйн тулд торгоосон байдал” гэх мэтээр мэргэжлийн гагнуурчид хариулжээ. /группын комментыг зургаас/
4. Дээр дурдсан ЦЕГ-аас хийсэн шууд дамжуулалтаар орцны хаалга нээлттэй байгааг үзүүлж, онгойхгүй гагнасан нь ХУДАЛ мэдээлэл гэж мэдэгдсэн. Гэтэл оршин суугчдын постолсон мэдээлэлд хаалгыг онгойлгох аргагүй гагнасан нь зураг болон зурагт шинжилгээ хийсэн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр баталгаажиж байна гэж үзэж байна.
Эдгээр баримтад үндэслэн “Амгалан” хотхоны 13 дугаар байрны хаалгыг эхлээд гагнаж, дараа нь буцаагаад нээсэн үйл явц болж өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөхцөл байдалд баримтын шалгалт хийхэд ийм үр дүн гарсан ч ЦЕГ, ЭМЯ, БЗД-ийн Онцгой комисс зэрэг төрийн байгууллагын өгсөн мэдээлэл хоорондоо зөрүүтэй, постолсон залруулгаа дахин засварласан зэрэг нь бодит байдлыг төөрөгдүүлж байна. Тиймээс бид илүү тодорхой болгох үүднээс баримтын шалгалт хийснээ цаг хугацааны дарааллаар дэлгэрэнгүй тайлагнах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.13-т /2020 оны тавдугаар сарын 14-ний шинэчилсэн найруулгаар орсон өөрчлөлт/ бэлэн байдлыг хангах чиглэлээр “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх” гэж заасан. Уг хуулийн дагуу төрийн байгууллагууд ажил үүргээ хэрэгжүүлэхдээ мэдээллийн худал, эсвэл үнэн эсэхийг хэрхэн тогтоож, хэрэв худал мэдээлэл бол түгээлтийг хэрхэн бууруулах тал дээр хууль эрхзүйн тодорхой зохицуулалт, нээлттэй мэдээлэл чухал хэрэгтэйг онцолъё.
Баримт шалгасан дэлгэрэнгүй тайлан:
2020 оны 12 дугаар сарын 24. Пүрэв гараг. 13:30 цаг:
“Баянзүрх дүүргийн онцгой комисс” нэртэй Facebook пэйжид уг асуудалтай холбоотой залруулга гаргасан.
Уг залруулгад:
“БЗД-ийн “Амгалан хотхон”-ы орцны хаалгыг гаднаас нь гагнажээ” гэх цахим орчинд өнөөдөр цацагдсан мэдээлэл ХУДАЛ болохыг мэдэгдэж, залруулга хийж байна. Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг тодруулахад “Орон сууцны хаалга эвдэрсэн тул, гагнаж зассан. Ямар нэгэн байдлаар айлын хаалгыг хааж, түгжсэн зүйл байхгүй” гэдэг мэдээллийг өглөө. Коронавирусийн цар тахлын онцгой нөхцөлд ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ олон нийтийн сүлжээнд түгээж нийгмийн сэтгэл зүйд буруугаар нөлөөлөхгүй байхыг нийт ард иргэдээсээ хүсье” гэсэн байв.
Харин гурван цагийн дараа буюу 16:31 цагт уг мэдэгдэлдээ засвар хийж:
“…Баянзүрх дүүргийн 16-р хороо Амгалан хотхоны 13-р байрны иргэдийг коронавирусийн хавьтал байж болзошгүй гэж үзэн тусгаарлаж, цагдаагийн хамгаалалтад аваад байна. Тухайн байранд СӨХ-өөс хаалганы засвар үйлчилгээ хийсэн нь үнэн бөгөөд иргэдийг гаргахгүйгээр гагнасан гэсэн ойлголт өгсөн асуудлыг БЗД-ийн Цагдаагийн I хэлтэс материалжуулан шалгаж байна. Голомтын бүс гэж үзсэн газар оронд зайлшгүй тохиолдолд хүнсний хангалт, тусламж өгөх, эмнэлгийн тусламж өгөх үед ямар нэгэн саадгүй байх ёстой учир хаалгыг бүрмөсөн хаах шаардлагагүй байдаг. Харин хамгаалалтын бүс тогтоож болно. Тухайн худал мэдээлэл олон нийтийн хэрэгслээр явуулсан иргэний асуудлыг хуулийн дагуу шалгах ажиллагаа хийгдэж байна” гэж өөрчилжээ.
12 дугаар сарын 24. Пүрэв гараг. 17:56 цаг:
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн алба хаагчид “Амгалан” хотхоноос шууд дамжуулалтаар гагнуур хийсэн хаалгыг үзүүллээ. Уг шууд дамжуулалтын үеэр БЗД-ийн Цагдаагийн I хэлтсээс үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн хошууч Д.Бадам-Очир дараах тайлбарыг хийсэн. -2020 оны 12 дугаар сарын 20-нд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа коронавирусийн шинжилгээгээр батлагдсан иргэн Н-ийн оршин суугаа хаяг нь энэ 16 дугаар хороо, “Амгалан” хотхоны 13 дугаар байр. Энд гэр бүлийнх нь гишүүд амьдарч байна. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БЗД-ийн Онцгой комиссын шийдвэрээр тухайн обьектыг хамгаалалтад авах шаардлагатай болсон. Энд амьдарч байгаа 96 өрхийн гишүүдийг гадагшаа гаргахгүй байх, шинжилгээнд хамруулах ажил явагдаж байна. Шинжилгээг 1-3 удаагийн давтамжтай авч байна. Хариу үүнээс шалтгаалж харилцан адилгүй хоногийн дараа гарах тул цагдаагийн хамгаалалт тавьж байгаа юм. Өнөөдрийн яригдаад байгаа оршин суугчдыг гаднаас нь хаалаа, түгжлээ гэдэг асуудал-тийм юм байхгүй, газар дээрээс нь нөхцөл байдлыг харуулъя. Гаднаас иргэд чөлөөтэй орж болно.
Сайн дураараа шинжилгээгээ хийлгээд хариугаа хүлээнэ. Харин гадагшаа гарах хөдөлгөөн хориотой. Үүнийг БЗД-ийн Онцгой комиссын шийдвэр гарч байж цуцална. Тэр хүртэл хөл хорио хэвээр үргэлжилнэ.
Энэ хотхоны СӨХ өөрсдөө санаачилгаараа арга хэмжээ авсан байна. Оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах чиглэлээр дотроосоо цоож, чип байхгүй учраас зүгээр л цоож цуурга хийсэн байна. Цоожны гагнуурыг л иргэд буруугаар ойлгож хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудал үүсгэсэн байна” гэж тайлбар өгжээ.
Ингээд гагнуур хийсэн хаалгыг үзүүллээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Энд 2-3 газар гагнуур хийсэн ул мөр харагдаж байна. Манай алба хаагчдын хэлж байгаагаар СӨХ-ны зүгээс оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, чипийг түр хугацаагаар ажиллуулахгүй байгаа учраас гагнуур, цоож зүйлүүдийг сайжруулах зорилгоор ингэж хийсэн гэж ярьж байна. Тэгэхээр өнөөдрийн цахим мэдээллийн хэрэгслүүдээр ярьсанчлан оршин суугчдыг оруулахгүй, гаргахгүй байхаар гаднаас нь гагнуур хийсэн гэдэг нь ХУДАЛ ТАШАА болохыг шууд дамжуулан хүргэж байна” гэж тайлбарлав.
Мөн тэрээр “Энэ үйл явдал маш олон хүнд ташаа ойлголт төрүүлсэн тул СӨХ-ны хүнийг БЗД-ийн Цагдаагийн хэлтэс рүү авч явж тайлбар мэдүүлэг авч байна” гэсэн юм.
12 дугаар сарын 24. Пүрэв гараг. 20:30 цаг:
Манай багийн ажилтан “Амгалан” хотхонд очиход орцны хаалгыг хамаалалтын туузаар тойруулан татсан байв. Хэрэв орох буюу хүргэлт авчирсан бол гаражийн хаалгаар хамгаалалтын хувцастай ажилтнуудаар дамжуулах ёстойг ойролцоох хүнсний дэлгүүрийн худалдагч хэлсэн гэв. /Орцыг хамгаалалад авсан байдлыг зургаас харна уу/
12 дугаар сарын 25. Баасан гараг. 11:00 цаг:
ЭМЯ: Халдвартай нь батлагдсан иргэн “Амгалан” хотхонд айлд очсон учраас шинжилгээ хийсэн гэв. Тодруулбал, ЭМЯ-наас хийдэг ээлжит мэдээллийн цагаар “Амгалан хотхон”-д халдвар бүртгэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “”Амгалан хотхон”-д халдвар бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлоор бүртгэгдсэн иргэн “Амгалан хотхон”-д АЙЛД ОЧСОН учраас хавьтлыг илрүүлэх судалгаа шинжилгээ хийсэн. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөх шаардлагатай” гэв.
12 дугаар сарын 25. Баасан гараг. 12:07 цаг:
Said.mn сайтын холбоо барих хэсэгт байршуулсан 90333321 дугаарт залгаж дээрх мэдээллийн талаар лавлахад “иргэдээс ирүүлсэн эх сурвалжийн дагуу холбогдох албаас тодруулга авсан” гэдгээ хэлсэн юм. “Уг мэдээлэлтэй холбоотой асуудлыг БЗД-ийн Цагдаагийн I хэлтсээс баримтжуулан шалгаж байгаа тухай тус дүүргийн шуурхай штаб Facebook пэйждээ дурдсан байсан, said.mn сайт үүнд холбоотой юу” гэсэн асуултад “Манайхыг сэжигтнээр ирж мэдүүлэг өг гэсэн” гэв.
12 дугаар сарын 28. Даваа гараг. 12:43 цаг:
Сайтын мэдээлэлд оруулсан аудио бичлэг дээрх БЗД-ийн шуурхай штабын 80535063 дугаарын утсанд тухайн үед холбогдох гэсэн боловч дуудлагад хариу өгөхгүй байв. Ингээд 12 дугаар сарын 28-ны даваа гаргийн 12:43 минутад залгаж асуухад “Худал мэдээлэл, холбогдох албаныхан мэдэгдэл гаргасан байгаа биз” гэж хариулсан юм.
12 дугаар сарын 28. Даваа гараг. 13:00 цаг:
“Амгалан” СӨХ-ны 80110819 дугаарын утсаар холбогдож тухайн үеийн нөхцөл байдлыг газар дээр нь байсан хүнээс тодрууллаа. Тэрбээр СӨХ-ны ажилтан бөгөөд өөрөө хамгаалалтын хувцас өмсөж, орцны нэгдүгээр давхрын цэвэрлэгээ хийснээ хэлсэн юм. Тэрээр “12 дугаар сарын 23-ны өглөө 9.00 цагт цагдаагийн болон эмнэлгийн машин ирж зогсоод шууд 1 тоотоос шинжилгээ аваад эхэлсэн. Бидэнд урьдчилж юу ч хэлээгүй. Оршин суугчид гарч ороод хөдөлгөөн ихтэй байсан. Цагдаа нар зөвхөн ганц хаалгаар иргэдийг хяналттай оруулна гээд гаражийн хаалганы дэргэд хамгаалалт тавьсан. Ингээд орцны үүдийг цоожлох хэрэгтэй болсон. Тэгэхгүй бол дотроосоо кноп дараад л нээгдчихэж байгаа юм чинь… Тэгээд төмөр хаалганд цоож зүүхийн тулд цүү гагнасан. Эхэлж дээр нь гагнасан чинь гар хүрэхгүй өндөрдөөд, тэгэхээр нь доор нь цүүгээ гагнаж цоож зүүсэн. Үүнийг л гагнасан гэж олон нийтийн сүлжээгээр явуулаад эхэлсэн” гэж ярьсан юм. Мөн тэрбээр “Хогоо ачуулахын тулд өнөө өглөө /12 дугаар сарын 28-ны даваа гараг/ ганц удаа тэр хаалгыг нээсэн. Оршин суугчид гарах гэж уурлаад, хаалга үүд өшиглөж, цонхоороо орилолдоод эхэндээ их хэцүү байсан, одоо бол ойлгоод тайван болсон. Би өөрөө 22:00 цаг хүртэл дэлгүүр, эмийн сан руу явж, хүнс, эм тариаг нь зөөж өгдөг. Шинжилгээний хариу эхнээсээ сөрөг гарч байгаа” гэсэн юм.
12 дугаар сарын 30. Лхагва гараг. 12:00 цаг:
БЗД-ийн онцгой комиссын пэйжид “Иргэдийг гаргахгүйгээр гагнасан гэсэн ойлголт өгсөн асуудлыг БЗД-ийн Цагдаагийн I хэлтэс материалжуулан шалгаж байна” гэж мэдээлсэн. Хэргийн явцын талаар БЗД-ийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Чулуунбатаас тодруулах гэсэн боловч “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэдгээ хэллээ.