2022 оны 09 дүгээр сарын 18-ний 16:22 цагт 𝗗𝗔𝗜𝗦𝗢 𝗩𝗮𝗻𝘀 нэртэй пэйжид “@DAISO Mongolia-ийн 80 жилийн ойг тохиолдуулан 9-р сарын 21-ний өдрийн 19:00 цагаас өмнө “Баяр хүргэе” гэж шэйр хийж, бичсэн хүн бүрт тусгай бэлгийн уут илгээж байна!!!!” тайлбартай, Daiso брэндийн дэлгүүр болон ууттай бэлэгнүүдийн зурагтай пост оруулсан нь 09 дүгээр сарын 19-ний 13:00 цагийн байдлаар 1.3 мянган реакц, 1.9 мянган сэтгэгдэл авч, 7.4 мянган удаа цааш хуваалцсан үзүүлэлттэй байна.
Танилцуулга, холбоо барих мэдээллээ оруулаагүй шинээр нээсэн пэйжид энэ төрлийн урамшуулал олгох, азтан болох, үнэгүй бэлэг тараах гэх мэт агуулгатай пост оруулж, хувийн мэдээллээ бүртгүүлж байж бэлгээ авах үйлдэлд уриалсан мэдээллийг анхан шатны баримт шалгалтаар таньж сурах аргыг заасаар ирсэн.
🔍Энэ удаад давтан баримт шалгах анхан шатны мэдээллийг хүргэе.
1. Хаягийг нягтлах
Мэдээлэл оруулсан хаягийн нэр дээр нь дарж ороод пэйжийн мэдээлэлтэй танилцаж үзээрэй. “Page transparency” /пэйжийн ил тод байдал/ буюу Мета компаниас баримталдаг дүрмийн дагуу тухайн хуудасны нээсэн огноо, нэрийг өөрчилсөн байдал, ямар байршлаас хэдэн хаяг удирддаг вэ зэрэг мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлдэг хэсэг бий.
Тухайн пэйж рүү орсон байхдаа доош нь гүйлгэж “Page transparency” гэсэн бичгийг олж дарж нягтлаарай.
𝗗𝗔𝗜𝗦𝗢 𝗩𝗮𝗻𝘀 нэртэй пэйжийг Page transparency цэсээр нягталбал 2022 оны 09 дүгээр сарын 18-нд шинээр нээсэн, бэлэг тараах тухай мэдээллээс өөр пост оруулаагүй, 1,832 дагагчтай нь албан ёсны пэйж биш байх магадлалын анхдагч шалтгаан юм.
2. Нэрээр хайж, албан ёсны пэйжийг олох
𝗗𝗔𝗜𝗦𝗢 брэндийн нэрийг Facebook-ийн хайлт хэсэгт оруулж үзээрэй. Хайж буй үг орсон олон сонголт гарч ирэх ба “DAISO Mongolia” нэртэй, 2016 оны 10 дугаар сарын 18-нд нээсэн, 189 мянган дагагчтай, холбоо барих дугаар, хаяг болон танилцуулгатай албан ёсны пэйж нь мөн илэрц дунд байна.
Албан ёсны пэйжид оруулсан мэдээллүүдийг шүүж үзвэл 2022 оны 09 дүгээр сарын 18-ны 11:59 цагт “#АНХААРУУЛГА #ХУУРАМЧ.
Манай Daiso Mongolia нь энэ хаягаас өөр ямар нэгэн хаяггүй тул манай нэрийг барин өөр хуурамч хаяг нээн хүмүүсийн мэдээллийг авах зорилготой хуурамч хаягнууд байгаа тул итгэж өөрийн мэдээллийг өгөх юмуу ямар нэгэн #Линк дээр дарж орохгүй байхыг хүсье #Доорх_хаяг_бол_хуурамч #ХУУРАМЧ_МЭДЭЭЛЭЛД_ИТГЭХГҮЙ_БАЙХЫГ_ХҮСЬЕ” гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Шалгаж буй мэдээлэл нь анхааруулгаас хожим нийтлэгдсэн мэтээр харагдаж байгаа нь цагийн зөрүүтэй газраас нийтэлснийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл тухайн мэдээллийг Монголоос болон манайхтай нэг цагийн бүсэд багтдаг улсуудаас постлоогүйг харуулж байна.
3. Хувийн мэдээллээ хамгаалж, хуурамч мэдээлэлд хууртахгүй хэрсүү хэрэглэгч байгаарай
Шалгаж буй мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “Өмнөх ялагчиддаа баяр хүргэе, дараагийн арга хэмжээнд зочилж манай линк дээр дарж сэтгэгдэл бичээрэй”, “Бүртгэлээ зөвхөн манай албан ёсны сайтаар бөглөнө үү” гэх мэт тайлбартай линкүүд оруулсан байна. Тухайн линкээр ороход
“Доорх (БҮРТГҮҮЛЭХ) товчийг дарснаар та манай ивээн тэтгэгчийн вэб сайт руу (ClickSMS-New Gift Voucher/Click2SMS – COD Points ) чиглүүлж, гар утасны дугаар/и-мэйл хаягаа бүртгүүлж, DAISO ивээн тэтгэгч програмыг татаж аваад 14400 дугаарт баталгаажуулах SMS илгээнэ үү!” гэсэн мэдээлэл гарч ирж байна. Энэ тайлбар хэсэгт анивчиж харагдах Register now гэсэн бичгийг дарж орвол таны хувийн мэдээллийг программын аргаар авч болзошгүй хамгаалалтгүй сайтад нэвтрэх шаардлагатай болно.
Та ийм сайтад мэдээллээ бүртгүүлсэн л бол нууц үг, нэрээ сольсон ч олон нийтэд ил харагдах агуулгаас үл хамааран таныг хэрэглэгчээр бүртгэсэн кодоор дамжуулж, хувийн хаяг, банкны мэдээлэл рүү чинь нэвтэрч болзошгүй нөхцөл үүсэх юм.
Хувийн мэдээллээ нууцалж, баталгаагүй зүйлд бүртгүүлж, өгөхөөс сэрэмжлээрэй.