Хар нүүрсэн эмийн ач холбогдол гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хар нүүрсэн эмийн биед үзүүлэх эрүүл мэндийг ач тусын тухай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Идэвхжүүлсэн нүүрсийг тодорхой төрлийн хордлогын үед хэрэглэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл бүх төрлийн хордлогод ашиглахад үр дүнтэй биш гэдгийг дээр дурдсан. Мөн тус эмийг биеийн жингийн 10 кг тутамдаа 1 ширхэг эм уух ёстой гэх зөвлөгөө байдаг боловч үүнийг ХОРДООГҮЙ ҮЕД ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВЛӨДӨГГҮЙ байна.

📌2022 оны 08 дугаар сарын 10-нд Bayanmunkh нэртэй фэйсбүүк хаягт “Хар нүүрсэн эм хэрэглэх заавар ач холбогдол” нэртэй пост оруулжээ.
📌Тус пост 09 дугаар сарын 09-ний байдлаар 2600 гаруй реакц, 212 коммент авч, 3900 гаруй удаа цааш түгээгдсэн байна.

Мэдээллийн агуулгад буюу хар нүүрсэн эмийг ач холбогдол хэмээн дараах эрүүл мэндийн ач холбогдлуудыг жагсаасан байна.

Гэдэс дүүрэхийг зогсоох
Хоол идэхээсээ өмнө нэг ширхэг нүүрсэн эмийг стакантай усаар даруулан ууна.
Өдөрт хооллох тоогоороо уг аргыг хэрэглэх нь үр дүнтэй аж.

Хордлого болохоос сэргийлэх
Нүүрсэн эм нь хордлого болохоос урьдчилан сэргийлэхээс гадна хоолны хордлогыг эмчлэх ач тустай аж.
Насанд хүрсэн хүн 25-100 грамм, харин хүүхэд 25-50 грамм хэмжээтэй нүүрсэн эм хэрэглэх хэрэгтэй.

Бие дэх холестрины хэмжээг зохицуулах
1986 онд холестрины хэмжээ нь хэт ихэссэн өвчтөнүүдэд дөрвөн 7 хоногийн турш өдөрт 3 удаа 8 грамм нүүрсэн эм өгсөн бөгөөд үр дүнд нь өвчтөнүүдийн холестрины хэмжээ өмнөхөөсөө 25%-иар буурсан байна. Үүнээс хойш хүний бие дэх холестриныг ихэсгэхгүйн тулд нүүрсэн эмийг ашиглах болжээ.

Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах
Заримдаа бид буруу хооллосноос болж хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, ходоод, гэдэсний янз бүрийн өвчин тусах магадлалтай байдаг. Харин 1985 онд Америкын хэсэг бүлэг эрдэмтэд нүүрсэн эмийг ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай болохыг олж илрүүлсэн байна.
Өдрийн болон оройн хоолны өмнө 10 грамм нүүрсэн эмийг хэрэглээрэй. Энэ зааврыг 2 өдөр туршаад үзээрэй.

Шартуулахгүй байх
Архи, дарс уусны маргааш нь шартах гэдэг том асуудал байдаг билээ. Эмийн сангуудаар шартуулахгүй байх эм, тан асуусан хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл нүүрсэн эм хэрэглэсэн нөхцөлд маргааш нь шартана гэж айх хэрэггүй ажээ.

Бөөрний үйл ажиллагааг дэмжих
2010 онд “Бөөрний дутагдалд орох, бөөрний өрөвслийг эмчлэх”” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн Саудын Арабын мэргэжил дээшлүүлэх багш нарын судалгаагаар бөөрний өрөвслийг нүүрсэн эм анагаах чадвартай болох нь тогтоогдсон байна. Бөөрөнд дутагдаж байдаг шим тэжээлийг нүүрсэн эм нь өөртөө агуулдаг аж” гэжээ.

📌Хар нүүрсэн эмийг хүний биед хорт бодис шингэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэдэг ба тус эм бодисыг өөртөө шингээн шулуун гэдсээр биеэс гадагшлуулдаг. Тийм учраас идэвхжүүлсэн нүүрсийг хордлогоос хойш яаралтай уухыг зөвлөдөг.
📌Гэхдээ бүх төрлийн хордлогод ашиглахад үр дүнтэй биш. Голчлон эмийн хордлого, хортой ургамал, химийн бодисын хордлогод ашигладаг байна.

👉Ерөнхий мэдээлэл:
Хар нүүрсэн эм буюу идэвхжүүлсэн нүүрсийг (activated charcoal буюу оросоор уголь активированный) хордлогын үед амаар уудаг эм бөгөөд Дэлхий Эрүүл Мэндийн байгууллагын Хэрэгцээт эмийн жагсаалтад (WHO model list of essential medicines) багтсан байдаг.
📌Уг эмийг хүний биед хорт бодис шингэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэдэг ба тус эм бодисыг өөртөө шингээн шулуун гэдсээр биеэс гадагшлуулдаг. Тийм учраас идэвхжүүлсэн нүүрсийг хордлогоос хойш яаралтай уухыг зөвлөдөг.
📌Гэхдээ бүх төрлийн хордлогод ашиглахад үр дүнтэй биш. Голчлон эмийн хордлого, хортой ургамал, химийн бодисын хордлогод ашигладаг байна.

1. Нүүрсэн эм арьс толийлгож, таргалалтаас сэргийлдэг нь батлагдаагүй

📌Идэвхжүүлсэн нүүрсийг тодорхой төрлийн хордлогын үед хэрэглэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл бүх төрлийн хордлогод ашиглахад үр дүнтэй биш гэдгийг дээр дурдсан.
👉Мөн идэвхжүүлсэн нүүрсийг хэрэглэснээр арьс толийлгож, таргалалтаас сэргийлдэг талаар өргөн хэмжээнд хийсэн судалгаа одоогоор байхгүй байна.
📌2021 онд Дви Атманто (Dwi Atmanto) нарын “American Institue of Physics”-н Шинжлэх ухааны ба Математикын Олон улсын хоёрдугаар хурлын үеэр танилцуулсан өгүүлэлд 25 хувийн идэвхжүүлсэн нүүрсийн найрлагатай цайруулах тос хуурай арьсанд цайруулах үйлчилгээтэй байсан талаар бичжээ.
📌Харин 2019 онд Нелсон Санчез (Nelson Sanchez) нарын “Clinics in Dermatology” сэтгүүлд хэвлүүлсэн “Нүүрс: Шинэ нүүр царайтай эртний түүхий эд” (Charcoal: An Ancient Material with a New Face) өгүүлэлд идэвхжүүлсэн нүүрсийг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад оруулан ашиг тусыг нь сурталчилж байгаа ч үр дүнг батлахуйц “хангалттай баримт цуглараагүй” гэжээ.
📌Мөн 2021 онд Мухсана Сажжад (Muhsana Sajjad) нарын “International Journal of Community Medicine and Public Health” сэтгүүлд хэвлүүлсэн “Идэвхжүүлсэн нүүрсийг косметик хэрэглээнд ашиглах нь” (Cosmetic uses of activated charcoal) өгүүлэлд идэвхжүүлсэн нүүрсийг арьс цайруулах, цэвэрлэх зэрэгт ашиглах тухай маш бага клиник дата цугларсаныг онцолсон байна.

2. Гэдэс дүүрэхийг зогсоодог нь батлагдаагүй

📌Европын Хүнсний Аюулгүй байдлын агентлагийн (European Food Safety Authority) 2011 онд гүйцэтгэсэн тайланд идэвхжүүлсэн нүүрс гэдэс дүүрэхийг (bloating) зогсоодог нь тогтоогдоогүй, харин дүүрэхээс өмнө буюу гэдэсний хий ихдэхээс (excessive intestinal gas) тодорхой хэмжээнд сэргийлдэг болохыг тогтоосон байна.
📌Гэдэсний хий ихдэх (excessive intestinal gas) нь хоолоо хэт түргэн идсэнээс эсвэл хоол боловсруулах эрхтний өвчтэй болон зарим хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах чадваргүй тохиолдол зэрэгт үүсдэг байна. Эдгээр үр дүнд гэдэс хийгээр дүүрэх боломжтой байдаг.
📌Харин гэдэс дүүрэх (bloating) нь дээр дурдсан шалтгаануудаас гадна дааврын өөрчлөлт, хэвлийд шингэн хуримтлагдах (ascites), нойр булчирхайн дутагдал (pancreatic insufficiency), хавдар, тодорхой бактерын халдвар зэргээс шалтгаалан үүсдэг байна.

3. Ходоод гэдэсний өвчнөөс сэргийлдэггүй

👉Бидний шалгаж буй мэдээлэлд тодорхой ходоод гэдэсний өвчнийг нэрлээгүй.
📌Гэхдээ идэвхжүүлсэн нүүрс нь аливаа ходоод гэдэсний өвчнөөс сэргийлдэг талаар мэдээлэл байхгүй бөгөөд эсрэгээрээ хэд хэдэн ходоод гэдэсний өвчлөлийн үед хэрэглэж болохгүй заалт байна.
☝Тодруулбал, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин, бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, гэдэсний атони буюу гэдэс ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн суларсан үед хэрэглэж болохгүй байна.

4. Шарталтаас сэргийлдэг нь батлагдаагүй

👉Идэвхжүүлсэн нүүрс нь шарталтаас сэргийлдэггүй бөгөөд алкогол нь хүний биенд хурдан шимэгддэг учир идэвхжүүлсэн нүүрс нь алкоголд наалдаж чаддаггүй байна.
📌Өөрөөр хэлбэл, идэвхжүүлсэн нүүрс нь шингэн төлөвтэй бодисуудыг өөртөө сорохоос илүү харьцангуй хатуу чанартай бодисуудыг сорох чадвартай байдаг талаар АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн (National Institute of Health) идэвхжүүлсэн нүүрсний мэдээлэлд дурдсан байна.
📌1981 онд нохойд хийсэн туршилтад идэвхжүүлсэн нүүрс хэрэглэхэд цусан дахь алкоголын хэмжээ буурч байсан бол 1986 онд Хүлтен (B. A. Hultén) нарын судлаачдын “Human & Experimental Toxicology” сэтгүүлд хэвлүүлсэн “Алкогол идэвхжүүлсэн нүүрсэнд шингэдэг үү?” (Does alcohol absorb to activated charcoal?) гарчигтай хэвлүүлсэн судалгаанд хүний биед туршилт хийсэн ба идэвхжүүлсэн нүүрс уусан хүний цусан дахь алкоголын хэмжээ тус эмийг уугаагүй хүнийхтэй ижил байсан байна.
📌Мөн 2019 онд Тобиас Зеллнер (Tobias Zellner) нарын “Deutsches Ärzteblatt International” сэтгүүлд хэвлүүлсэн “Идэвхжүүлсэн нүүрсийг хордлогод ашиглах нь” (The Use of Activated Charcoal to Treat Intoxications) өгүүлэлд алкоголын төрлийн бодисууд идэвхжүүлсэн нүүрсэнд бага буюу огт шингэдэггүй болохыг онцолсон байна.

5. Бөөрний үйл ажиллагааг дэмждэг нь батлагдаагүй

👉Хэдийгээр идэвхжүүлсэн нүүрсийг зарим төрлийн бөөрний өвчин буюу хүндэрсэн хорт хавдрын үед бөөрний үйл ажиллагаагаар шүүгдэх бодисыг бууруулах зорилгоор ашиглаж болох тухай судалгаа болон зөвлөгөө байгаа боловч идэвхжүүлсэн нүүрс нь бөөрний үйл ажиллагааг дэмждэг эм болох нь батлагдаагүй байна.
☝Тодруулбал одоогийн байдлаар идэвхжүүлсэн нүүрсийг зөвхөн лабораторийн түвшинд харханд туршсан судалгаанууд байгаа юм.
📌2013 онд Бадрелдин Али (Badreldin H. Ali) нарын “Food & Chemical Toxicology” сэтгүүлд “Аденинаас шалтгаалсан архаг бөөрний дутагдалтай хархнуудад идэвхжүүлсэн нүүрсний нөлөө” (The effect of activated charcoal on adenine-induced chronic renal failure in rats) өгүүлэл болон 2018 онд Эл-Кафури (B.M. El-Kafoury) нарын “QJM: International Journal of Medicine” сэтгүүлд “Туршилтын албино хархнуудын бөөрний архаг өвчний даамжралыг хязгаарлахад идэвхжүүлсэн нүүрсний үүрэг” (Role of activated charcoal in limiting the progression of chronic kidney disease in experimental albino rats) гарчигтай өгүүлэлд хархнуудад туршсан идэвхжүүлсэн нүүрс нь бөөрний үйл ажиллагааг дэмжиж байсан дүн гарсан ба хүний бөөрний эмчилгээнд ашиглагдах боломжийг цааш судлах шаардлагатайг онцолсон.
📌Мөн 2010 онд Муссо (C.G. Musso) нарын “Saudi Journal of Kidney Diseases and Transplantation” сэтгүүлд “Эцсийн шатанд орсон бөөрний өвчтэй өндөр настнуудад идэвхжүүлсэн нүүрс болон бага уурагтай дэглэм нь алтернатив зохицуулалт болох нь” (Combination of oral activated charcoal plus low protein diet as a new alternative for handling in the old end-stage renal disease patients) гарчигтай өгүүлэлд идэвхжүүлсэн нүүрсний эмчилгээний хязгаарлагдмал нөлөөг дурдсан ба диализ бөөр орлуулах эмчилгээнд орох хүртэл түр хугацаанд ашиглаж болох тухай судалсан байна.

👉Нэмэлт мэдээлэл

📌Уг постыг 08 дугаар сарын 10-нд анх оруулахдаа “10кг тутамдаа 1 ширхэгээр тооцоод сард 7-10 хоног ууж байх ёстой гэнэ” гэж эхлүүлсэн ба маргааш нь буюу 11-нд засвар оруулсан байна.
Постын эх хувилбарыг 2,468 реакцаар идэвхжүүлсэн байсан учраас бид хэдийгээр засаж, устгасан ч энэ мэдээллийг авсан хүмүүст зориулж дээрх агуулгад мөн баримтын шалгалт хийсэн юм.
👉Устгасан агуулгатай холбоотой:
Идэвхжүүлсэн нүүрсийг хордлогоос хойш нэг цагийн дотор буюу яаралтай уухыг зөвлөдөг талаар 2019 онд Тобиас Зеллнер (Tobias Zellner) нарын “Deutsches Ärzteblatt International” сэтгүүлд хэвлүүлсэн “Идэвхжүүлсэн нүүрсийг хордлогод ашиглах нь” (The Use of Activated Charcoal to Treat Intoxications) өгүүлэлд дурджээ.
☝Харин тус эмийг биеийн жингийн 10 кг тутамдаа 1 ширхэг эм уух ёстой гэх зөвлөгөө байдаг боловч үүнийг ХОРДООГҮЙ ҮЕД ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВЛӨДӨГГҮЙ байна.
👉Хортой бодисоос гадна бие хэрэгцээтэй бодисыг шингээж гадагшлуулдаг:
📌Идэвхжүүлсэн нүүрс нь бие дэх зөвхөн хортой гэгдэх бодисуудад наалдахгүй ба өөр төрлийн эмийн бүтээгдэхүүн, бие дэх эрдэс бодисд наалдах боломжтой учир тэдгээр эмүүдийг биед шимэгдэхээс сэргийлэх боломжтой юм.
📌Жишээ нь Четин Кадакал (Çetin Кadakal) нарын “Journal of Food Quality” сэтгүүлд хэвлүүлсэн “Алимны шүүсний уусмал витамины агууламжид идэвхжүүлсэн нүүрс нөлөөлөх нь” (Effect of activated charcoal on water-soluble vitamin content of apple juice) өгүүлэлд идэвхжүүлсэн нүүрс нь витаминыг өөртөө шингээж байгааг харуулсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

1. Шалгасан мэдээ www.facebook.com

2. Дэлхий Эрүүл Мэндийн байгууллагын Хэрэгцээт эмийн жагсаалт www.who.int

3. Tobias Zellner et. al “The Use of Activated Charcoal to Treat Intoxications” 2Fwww.ncbi.nlm.nih.gov

4. Dwi Atmanto and Neneng Siti Silfi Ambarwati “Application of activated charcoal from coconut shell waste for the manufacture of skin lightening creams and the mechanism of the process” aip.scitation.org

5. Nelson Sanchez et. al “Charcoal: An Ancient Material with a New Face” www.sciencedirect.com

6. Muhsana Sajjad et. al “Cosmetic uses of activated charcoa” www.ijcmph.com

7. Европын Хүнсний Аюулгүй байдлын агентлагийн идэвхжүүлсэн нүүрсний эрүүл мэндийн ач холбогдолын талаарх тайлан efsa.onlinelibrary.wiley.com

8. АНУ-ын Кливландын клиникийн вэб сайт дахь гэдэсний хийн тухай мэдээлэл my.clevelandclinic.org

9. РБК Идэвхжүүлсэн нүүрсний эрүүл мэндийн ач холбогдолыг баримт шалгасан нийтлэл style.rbc.ru

10. Euromed Идэвхжүүлсэн нүүрсний хэрэглэх заалтын талаарх мэдээлэл www.euromed.mn

11. USA TODAY Идэвхжүүлсэн нүүрс шарталтаас сэргийлдэх эсэх талаарх нийтлэл www.usatoday.com

12. АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн вэб сайт дахь идэвхжүүлсэн нүүрсний талаарх мэдээлэл www.ncbi.nlm.nih.gov

13. B. A. Hultén et. al “Does alcohol absorb to activated charcoal?” pubmed.ncbi.nlm.nih.gov

14. Badreldin H. Ali et. al “The effect of activated charcoal on adenine-induced chronic renal failure in rats” www.sciencedirect.com

15. B.M. El-Kafoury et. al “Role of activated charcoal in limiting the progression of chronic kidney disease in experimental albino rats” pubmed.ncbi.nlm.nih.gov

16. C.G. Musso et. al “Combination of oral activated charcoal plus low protein diet as a new alternative for handling in the old end-stage renal disease patients”pubmed.ncbi.nlm.nih.gov

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document