Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд уриагүй гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг уриагүй.

Баримт шалгалтын үр дүн

Монголд урьсныг бидний зүгээс үгүйсгэх шаардлага байхгүй. Тодорхой хугацаа заагаагүй ч Ким Жон Уныг Монголд урьсан агуулга дурдсан нь үнэн гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдлээ.

📌2022 оны 09 дүгээр сарын 12-нд Zarig.mn нэртэй пэйжид “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ” гэсэн тайлбартай, zarig.mn домайн нэртэй сайтын мэдээллийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 09 дүгээр сарын 13-ны байдлаар 309 реакц, 160 сэтгэгдлээр идэвхжүүлж, 12 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 512 хариу үйлдэл авсан байна.

zarig.mn домайн дээр байршсан мэдээнд: “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ. Энэхүү мэдээллийн дагуу бид Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад, “Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг уриагүй, энэ тухай асуудал ч яригдаагүй. Ташаа мэдээлэл” гэв” гэсэн байна.

1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээсэн мэндчилгээндээ Ким Жон Уныг урьсан агуулга илэрхийлжээ

09 дүгээр сарын 13-ны өдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 8300-1404 лавлах утсаар холбогдон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээний агуулгын талаар тодруулахад “БНАСАУ-ын Төв мэдээллийн агентлагийн kcna.kp, эсвэл Хөдөлмөрийн намын сонины албан ёсны сайтаас баталгаатай мэдээллийг авах боломжтой” гэх хариулт өглөө.
📌 БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын албан ёсны сонины rodong.rep.kp вебсайтад хайлт хийхэд 09 сарын 11-нд байршсан “Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд баяр хүргэн мэдчилгээ дэвшүүлжээ” гэх мэдээ байна.
Мөн Rodong shinmun сонины 09 дүгээр сарын 12-ны дугаарыг зураг хэлбэрээр nknews.org сайтад байршуулжээ.
👉БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын сонины вебсайтад байх мэдээ болон nknews.org сайтад хавсаргасан сонины дугаарын зураг дахь Ерөнхийлөгчийн мэндчилгээний текстийн агуулга нийцэж байна.
👉 09 дүгээр сарын 09-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээсэн мэндчилгээг орчуулан хүргэвэл:
📌 “БНАСАУ-ын 74 жилийн ойг тохиолдуулан уг мэндчилгээг илгээж байна. Манай хоёр орны ард түмний мөнхийн бат бөх найрамдал өнгөрсөн 70 жилийн хугацаанд дайны хүнд цаг үеэс өнөөгийн энх тайван цаг хүртэл тасралтгүй бэхжин, хөгжиж ирсэн билээ. Өнөөгийн эринд хоёр улсын харилцааг амжилтад хүргэж, тогтвортой хөгжүүлэх үүрэг бидэнд тулгараад буй. Агуу Сэжон хааны алдар суут засаглалын түүхийг залгамжлан БНАСАУ-ын хөгжил, цэцэглэлтийг манлайлж буй Ким Жон Ун танд манай хоёр улсын хооронд тогтсон харилцааг ойрын ирээдүйд шинэ түвшинд хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хоёр орны харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд өндөр дээд хэмжээний албан айлчлалууд их чухал нөлөөтэй юм. Энэ завшааныг ашиглан БНАСАУ-ын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга, Эрхэмсэг ноён Ким Жон Ун таныг тааламжтай цагтаа манай сайхан оронд айлчлахыг урьж байна. Өглөөний шүүдэр нь сувд мэт үзэсгэлэнтэй манай Монгол улсад та зочилвол бид нөхөрсөг, элгэмсэг яриаг өрнүүлнэ гэдэгтээ бат итгэлтэй байна. Түр зуурын цар тахлын нөхцөл байдал өнгөрсний дараа бид уулзаж хөгжлийн том зураглалыг хэлэлцэх боломж гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлье. Хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн бүс нутгаа цэвэршүүлэх, хөгжүүлэх, цэцэглүүлэхийн төлөө уламжлалт харилцаагаа илүү бататгах боломж бий хэмээн итгэж байна. Эх оронд болон гэр бүлдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж, хөгжил дэвшлийн төлөөх хөдөлмөрч, хүсэл тэмүүлэлтэй Солонгосын ард түмэнд гүнээ хүндэтгэл үзүүлье” гэсэн байна.

2. Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “Монголд айлчлахыг уриагүй” гэж хариулсан гэх мэдээлэл #ХУДАЛ

👉09 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 51265003 лавлах утсаар холбогдон тодруулахад:
📌“Ерөнхийлөгчийн явуулсан мэндчилгээнд Ким Жон Уныг урьсан агуулга дурдсан бөгөөд энэ бол найрсаг харилцааны илрэл. Дипломат ёсыг эрхэмлэн бусад орны төрийн тэргүүнийг Монголд урьсныг бидний зүгээс үгүйсгэх шаардлага байхгүй. Тодорхой хугацаа заагаагүй ч Ким Жон Уныг Монголд урьсан агуулга дурдсан нь үнэн” гэх хариултыг өгсөн болно.
👉09 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулахад:
📌 “Коммунист дэглэмт БНАСАУ байгуулагдсаны 74 жилийн ой тохиож буйд баяр хүргэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ илгээсэн. Уг мэндчилгээнд улс орнуудын төрийн тэргүүнүүд мэндчилгээндээ нийтлэг илэрхийлдэг агуулга болох өндөр дээд хэмжээний уулзалт хийх тохиромжтой цаг ирэхийг найдаж буй агуулгыг дурдсан. БНАСАУ-ын талаас хариу захидал бидэнд илгээж, өндөр дээд хэмжээний уулзалт товлох боломжтой. Одоогоор БНАСАУ ямар нэг хариу өгөөгүй байна” гэв.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document