📌2022 оны 09 дүгээр сарын 4-нд Эрүүл амьдрал нэртэй пэйжид “60 гаруй жилийн өмнө хорт хавдрыг эмчлэх аргыг нээсэн эмэгтэй эрдэмтэн энэ бүх хугацаанд биднээс үүнийг нууж байжээ” гэсэн тайлбартай, lantuu.xyz домайн нэртэй сайтын мэдээллийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ.
Уг постыг 09 дүгээр сарын 8-ны байдлаар 418 реакц, 7 сэтгэгдлээр идэвхжүүлж, 898 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 6,762 хариу үйлдэл авсан байна.
📌Уг холбоос дахь мэдээллийг дараах байдлаар тоймлож байна.
“Доктор Жоанна Будвиг Анагаах ухааны салбарын Нобелийн шагналд долоон удаа нэр дэвшсэн нь түүний ажлыг хүндлэх сэтгэлийг төрүүлдэг. Тэрээр … хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийнхээ 90% -ийг эдгээжээ… Эмийн бэлдмэл, хоол тэжээлийн дутагдлын улмаас бие махбодид илэрдэг хорт бодис, цацраг туяа, ацидоз нь хорт хавдрын ариун бус гурвал юм. Ацидоз нь хүнийбиеийн химийн найрлага исэлдэж, цусны хүчилтөрөгчийг барьж, тээвэрлэх чадвар эрс буурдаг төлөв байдлын эцсийн шат юм. Эрүүл хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 98-100 байдаг бөгөөд үүнийг оксиметрээр импульсээр хэмжиж болдог бол хорт хавдартай өвчтөнд энэ үзүүлэлт 60-аас хэтрэхгүй… Энэхүү хүчилтөрөгчийн дутагдал нь хавдар үүсэх шалтгаан болдог бөгөөд исэлдэх явцад илүү их энерги авахын тулд эсүүд яаралтай өөрчлөгдөх ёстой… Будвигийн арга нь хоёр үе шатаас бүрдэнэ. Эхний шат нь маалингын үр, бяслаг, омега уураг хослуулсан бүрэн байгалийн арга юм. Доктор Будвиг бие нь маалингын үрийн тосноос омега-3-ыг яг шаардлагатай хэмжээгээр ялгаруулдаг болохыг тогтоожээ. Доктор Будвиг, бид агаар, хоол хүнсгүйгээр тэдэнгүйгээр оршин тогтнох боломжгүй гэж хэлсэн. Энэ эмийг голчлон ууж хэрэглэдэг боловч ихэнх хэцүү тохиолдолд доктор Будвиг шулуун гэдсээр маалингын тосыг тарьдаг.
Түүний хоёр дахь аргад тусгай хоолны дэглэм орно. Өвчтөнүүд шинж тэмдгүүдээс үл хамааран энэ хоолны дэглэмийг дор хаяж 6 сарын турш дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Найрлага:
1 аяга хальсалсан сүүний бяслаг. 2-5 хоолны халбага маалингын тос, 1-3 хоолны халбага нунтагласан маалингын үр (маалингын тос эсвэл нунтагласан маалингын үрийг шууд хэрэглэхийг анхаарна уу) бага зэрэг улаан чинжүү хэрэг болно. Бүх найрлагыг сайтар холино. Үүссэн эмийг өдөрт дор хаяж нэг удаа амаар ууна. Үүнийг модон халбага уух бөгөөд, хэзээ ч металл халбагаар ууж болохгүй” гээд зөвлөгөө хүргэсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Жоанна Будвиг Нобелийн шагналд долоон удаа нэр дэвшсэн гэх мэдээлэл ХУДАЛ
👉Америкийн Шинжлэх ухааныг хөгжүүлэх нийгэмлэгийн Science.org вебсайтад 2005 оны 11 дүгээр сарын 05-нд байршсан мэдээнд:
📌“Нобелийн шагналын хүмүүнлэгийн салбарын сонгон шалгаруулалтаас ялгаатай нь шинжлэх ухааны салбарын нэр дэвшигчдийг нийтэд ил, тод зарладаггүй. Жоанна Будвиг 2002 онд 6 удаа Нобелийн шагналд нэр дэвшсэн гэж цуурдаг байсан нь 7 болж өөрчлөгдсөн байна. Харамсалтай нь эдгээр тооны аль нь ч үнэн биш” гэжээ. Уг мэдээнд үндэслэн бид Нобелийн шагналтан сонгон, шалгаруулах журамтай танилцахад “Нобелийн шагналыг сүүлийн 50 жилд нэр дэвшигчдийн нэрийг нууцалж байгаа, түүнээс өмнөх үеийн шагналтан болон нэр дэвшигчдийн мэдээлэл архивт бий” гэж сануулсан байна.
📌Нобелийн шагналд нэр дэвшигчдийн архиваас хайлт хийж үзэхэд 1901-1971 оны хооронд Жоанна Будвиг дэвшиж байсан гэх ямар нэгэн илэрц байхгүй байна. Мөн Жоанна Будвиг өвчтөнүүдийнхээ 90 хувийг эдгээсэн гэх мэдээлэлд ямар нэгэн албан сайт дээр мэдээлсэн тоо, баримт байхгүй байна.
2. Цусан дахь хүчилтөрөгчийн дутагдал /Гипоксемия/ болон ацидоз нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН
👉АНУ Клевланд мужийн төв эмнэлгийн вебсайтад цусны болон эсийн хүчилтөрөгчийн агууламжийн талаар мэдээлэл оруулжээ. Үүнд:
📌“Хүн амьсгалах үед агаарт байх хүчилтөрөгч уушгины цулцангуудад нэвчиж ойр байрлалтай судаснууд хүчилтөрөгчийг шингээснээр цусаар дамжин эдүүдэд хүчилтөрөгч очдог. Амьсгалж буй агаарт хүчилтөрөгч хангалтгүй байх эсвэл амьсгалсан хүчилтөрөгч цусанд хангалттай очихгүй байх үед гипоксемиа буюу цусан дахь хүчилтөрөгчийн дутмагшил үүснэ. Гипоксемиад арга хэмжээ авахгүй удаан явсан тохиолдолд гипоксия буюу эд эс, эрхтэн тогтолцоонд хүчилтөрөгчийн дутмагшил үүсч болно. Мөн цусанд хүчилтөрөгчийн дутмагшил үүсээгүй байсан ч өвчин, эмгэгийн нөлөөгөөр эд эс, эрхтэн тогтолцоонд хүчилтөрөгч дутагдах боломжтой” гэжээ.
📌АНУ Жоржиагийн их сургуулийн эрдэмтдийн 2012 оны судалгааны үр дүнг Sciencedaily сэтгүүл дээр тоймлон хүргэжээ. Уг мэдээнд “Жоржиагийн их сургуулийн эрдэмтэд эд, эсийн хүчилтөрөгчийн дутмагшил нь хорт хавдрын өсөлтөнд нөлөөлөх боломжтойг илрүүлсэн” болохыг дурдсан байна.
📌 Олон улсын шинжлэх ухааны British Medical Journal, The Lancet зэрэг сэтгүүл болон АНУ Анагаах ухааны мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд цусанд хүчилтөрөгчийн дутагдал бус эд, эсийн хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх, өсөлтийг хурдасгадаг гэх агуулга бүхий эрдэм шинжилгээний ажлуудын илэрц гарч ирж байна.
👉Дээр дурдсанчлан цусанд хүчилтөрөгчийн дутагдалтай ч эд эсийн хүчилтөрөгчийн дутагдал үүсээгүй байж болно.
📌2017 онд Энэтхэгийн Цээжний хөндий судлалын төвийн хийсэн хүчил төрөгч дутагдлын тухай судалгааны тайланг Энэтхэгийн уушгины эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ. Уг тайланд:
📌“Хоёр төрлийн хүчилтөрөгчийн дутагдал ижил шинж тэмдэг үзүүлдэг ч зарим талаараа ялгаатайг онцлох нь зүйтэй. Жишээлбэл, цусны улаан эсийн тоо өсөх, эсвэл зүрхний цус шахах хэмжээ нэмэгдсэн бол эд, эсэд дутагдал үүсэхгүйгээр цусны хүчилтөрөгч дутагдах боломжтой. Харин тухайн эд, эсийн хүчилтөрөгч шингээх үйл ажиллагаа доголдсон болон ямар нэг химийн бодисын хордлогод орсон бол цусны хүчилтөрөгч дутагдалгүйгээр эд, эсэд хүчилтөрөгчийн дутмагшил үүсэх боломжтой. Нийтлэг тохиолдолд хоёр төрлийн хүчилтөрөгчийн дутагдал цуг илрэх ч, тус, тусдаа дангаараа илрэх тохиолдол бий” гэжээ.
☝ Тиймээс цусанд хүчилтөрөгч дутагдсан нь хавдар үүсэх шууд шалтгаан болно гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.
👉Цусан дахь хүчилтөрөгчийн хэвийн хэмжээ болон гипоксия үүсгэгч хүчин зүйлсийн талаар мэдээллийг Mayoclinic.com сайт дээр нийтэлсэн АНУ Нью-Йоркийн их сургуулийн профессор Кароль Дэрсаркиссианий хянасан 2018 оны 12 сарын 01-ний мэдээллээс эш татан хүргэе.
📌 “Цусан дахь хүчилтөрөгчийн агууламжийн хэвийн хэмжээ 75-100 ммHg байдаг. 60ммHg-с доош тохиолдолд хүчилтөрөгч дутагдсан гэж үзнэ.
📌 Хүчилтөрөгч хэмжигч төхөөрөмж хэмжээг хувьчлан үзүүлдэг ба хэвийн үзүүлэлт нь 95-100 хувь байна. Хэрэв 90 хувиас бага бол хүчилтөрөгч дутагдсанд тооцно.
📌 Цусанд болон эд эсэд хүчилтөрөгч буурахад дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:
-Цус багадалт
-Астма
-Төрөлхийн зүрхний гажиг
-Уушгины архаг бөглөрөлт эмгэг
-Ууушгины завсрын эдийн эмгэгүүд
-Цээжний гялтан
-Амьсгал дарангуйлах төрөл бүрийн эм, бэлдмэлийн нөлөө
-Амьсгалж буй агаарт хүчилтөрөгчийн агууламж бага байх
-Цусны эргэлт муудах зэрэг” багтана гэжээ.
👉 Ацидоз буюу хүчилжил гэж юу вэ?
📌 АНУ Биотехнологийн үндэсний мэдээллийн сангийн цахим тайлбар тольд Ацидозийг тайлбарлахдаа “Хүний биед бөөр болон уушги нь хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалдаг. Биед хэт их хүчил хуритмлагдах эсвэл шүлтийн хэмжээ буурах үед биед хүчилжил үүснэ. Шингэний хүчил, шүлтийг pH гэх хэмжүүрээр хэмжинэ.
📌 Биеийн хэвийн pH 7.35-7.45 хооронд байх ба 7.35-аас бага үед хүчилжсэн гэж нэрлэдэг. Элэг, уушги, бөөрний үйл ажиллагаа доголдсон тохиолдолд эсвэл төрөл бүрийн хорт хавдар биеийг хүчилжүүлдэг. Харин бие хүчилжсэн тохиолдолд цусанд хүчилтөрөгчийн дутмагшил үүсэх боломжтой ” гэсэн байна.
👉 Аризонагийн их сургуулийн Уушги судлалын төвийн 2012 оны судалгааны үр дүнг олон улсын Шим тэжээл ба бодисын солилцооны сэтгүүлд байршуулжээ. Уг судалгааны дүгнэлтэд:
📌“Хавдрын нөлөөгөөр хүчилжил болон эд, эсийн хүчилтөрөгчийн дутмагшил үүснэ. Эсрэгээрээ Ацидоз буюу бодисын солицооны хүчилжил эсвэл эд, эсийн хүчилтөрөгчийн дутмагшил нь дангаараа хорт хавдар үүсгэх боломжтой эсэхийг тогтоосон нотолгоо хангалттай байхгүй” гэсэн байна.
📌 Мөн 2016 онд Энэтхэгийн Махавир хавдрын судалгааны төвийн эрдэмтдийн хамтран хийсэн Хавдрын өвчтөнүүдийн дунд хүчилжил үүсдэг эсэхийг тогтоох 180 хавдартай болон, хавдаргүй хүмүүсийг хамруулсан туршилтын тайланд “Хавдар туссан л бол бие хүчилжинэ гэж ойлгох нь буруу, хүнд төрлийн хавдрын эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүдэд ч биеийн хүчил, шүлтийн тэнцвэр алдагдаагүй байх тохиолдол нийтлэг байсан” гэж дурджээ.
3. Жоанна Будвигийн хоолны дэглэм зарим талаараа биед сайн нөлөө үзүүлж болох ч, хавдрын эмчилгээтэй харшилж болзошгүй
📌Жоанна Будвигийн дэглэмийн зөвлөгөөнд дурдсан гол орц болох маалингын тосны шим тэжээлийн мэдээллийг АНУ Хүнс ба газар тариалангийн яамны вебсайтад дурдсанаар:
100гр Маалингын тосонд
-0.12 гр ус
-884 ккал илчлэг
-0.11 гр уураг
-8.98 гр ханасан тосны хүчил
-700 мг Омега 3-ын төрлийн хүчлүүд
📌АНУ Хүнс ба хөдөө аж ахуйн яам, ДЭМБ Хүнсний хэрэглээний зөвлөмж зэргээс хайхад маалингыг өдөрт хэр хэмжээгээр хэрэглэх талаар тогтоосон стандарт, зөвлөмж байхгүй байна.
📌АНУ Биотехнологийн мэдээллийн үндэсний хүрээлэнгийн цахим архивт маалингыг тос болон үр тариа хэлбэрээр нь хавдраас сэргийлэх зорилгоор ашигласан хэд, хэдэн судалгааны ажил байна.
Тэдгээрт:
-АНУ-д 2018 он Ходоод, гэдэсний хорт хавдраас сэргийлэхэд
-БНХАУ-д 2015 он Уушгины хорт хавдраас сэргийлэхэд
-Ливанд 2020 он Чөмөгний хор хавдраас сэргийлэхэд хэрэглэх талаар дурдсан судалгааны ажлуудыг дурдаж болно.
📌Туршилтуудаар маалингын тос хавдраас тодорхой хэмжээнд сэргийлж байгааг олж тогтоосон байна.
👉Гэвч хорт хавдраар нэгэнт өвдсөн өвчтөн Будвигийн дэглэмийг болгоомжтой хэрэглэх ёстойг 2022 оны 05 сарын 10-нд АНУ-ын Техасын их сургуулийн дэргэдэх Хавдар судлалын төвийн хүнс судлаач Карла Кравфордын зөвлөгөөг тус төвийн вебсайтад байршуулжээ.
📌 Зөвлөмжид:
-Будвигийн дэглэм хавдрын зарим эмчилгээтэй харшлах эрсдэлтэй. Цус шингэлэх болон цусны бүлэнгийн эсрэг эм ууж байгаа тохиолдолд маалингыг хэрэглэж болохгүй – Хавдрын эмчилгээний үед ходоод, гэдэс эмзэг болсон байдаг тул илчлэг болон тос ихээр агуулсан маалингын тос нь хоол боловсруулах тогтолцоонд цочрол өгч, гүйлгэх, түгжрэх, хөөх зэрэг шинж тэмдгүүд илрэх аюултай -Хавдрын эмчилгээний үед уургийг олон төрлийн хүнсээс авах ёстой. Гэтэл уургийн хэрэгцээгээ зөвхөн Будвигийн дэглэмээр хангана гэдэг эрүүл сонголт биш -Хавдрын өвчтөн ямар нэг хоолны дэглэм шинээр турших гэж буй бол заавал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай гэсэн байна.