Японы Засгийн газар Монголд явуулж буй бүх төсөл хөтөлбөр, зээл тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Японы ЗГ Монголд явуулж буй бүх төсөл хөтөлбөр, зээл тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа гэх мэдээллийг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 09 дүгээр сарын 05-нд Монгол улсын Засгийн газрын албан ёсны Facebook хуудсанд Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлын шууд дамжуулалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Япон улс манай улсад үзүүлэх дэмжлэг, зээлээ зогсоосон гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл гаргаж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг үүсгэх хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж болно” хэмээн мэдэгдэл хийжээ.

📌2022 оны 09 дүгээр сарын 4-нд Ganaa Ganaa нэртэй хэрэглэгчийн хаягаар “Шуурхай мэдээ: Японы ЗГ Монголд явуулж буй бүх төсөл хөтөлбөр, зээл тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа!!! Монголчуудад гомджээ!” гэсэн пост оруулсан нь 09 дүгээр сарын 7-ны байдлаар 241 реакц, 151 сэтгэгдэл авч, 517 удаа цааш түгээсэн байна.

1. Мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаягт шинжилгээ хийлээ

📌Хэрэглэгчийн хаяг 2020 оны 12 сарын 02-нд анх пост оруулсан ба түүнээс хойш вакцин, хөл хорио, улс төртэй холбоотой агуулгуудыг онцлон хуваалцаж, нийтэлж иржээ.
📌Хэрэглэгчийн нүүр зурагт ашигласан зургийг Google reverse image search tool ашиглан хайхад фото зурагчид бүтээлүүдээ төлбөртэй байршуулдаг iStockphoto.com сайтад 2019 оны 12 сарын 4-нд “Залуу Ази эрийн зураг” тайлбартайгаар Пони Ванг нэртэй зурагчны оруулсан зураг байна. Уг зургийг ашигласан цахим сайтуудаас мөн үнэгүй татах боломжтой байна.

2. Япон улсын Засгийн газрын албан ёсны вэбсайтуудад шалгаж буй мэдээллийн агуулга бүхий илэрц байхгүй

👉Япон улсын Засгийн газрын албан ёсны вебсайт болон Япон улсын Гадаад харилцааны яамны албан ёсны вебсайт дээр байршсан Монгол улстай холбоотой мэдээллийг хайхад:
📌Япон улсын Гадаад харилцааны яамны вебсайт дээр Монгол улстай холбоотой хамгийн сүүлийн мэдээ 2022 оны 06 дугаар сарын 23-нд байршсан “Түр хугацаагаар давтамжтай зорчих визний мэдээлэл” байна. Харин шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг Монгол Улсад үзүүлэх зээл тусламж, төсөл хөтөлбөр зогсоох тухай шийдвэр байхгүй байна.
👉Япон улсын төрийн байгууллагуудын вебсайтад Монголтой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд нь хоёр улс хоорондын төсөл хөтөлбөрүүд хэвийн үргэлжилж байгаатай холбоотой байна.
📌Тухайлбал, Японы Гадаад худалдааны байгууллагын вэбсайтад 2022 оны 09 дгээр сарын 05-нд байршсан Улаанбаатар Олон улсын худалдааны яармагийн тухай мэдээ, Японы Байгаль орчны яамны вебсайтад 2022 оны 08 дугаар сарын 05-нд байршсан Япон улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Монгол Улсад амжилттай айлчилж байна зэрэг агуулга бүхий мэдээллүүд байна.

3. Шалгаж буй мэдээлэл худал болохыг Монгол улсын Гадаад харилцааны сайд мэдэгдэлдээ дурджээ

📌2022 оны 09 дүгээр сарын 05-нд Монгол улсын Засгийн газрын албан ёсны Facebook хуудсанд Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлын шууд бичлэг байршжээ. Уг шууд дамжуулалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шалгаж буй баримттай холбоотой мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд:
📌“Япон улс манай улсад үзүүлэх дэмжлэг, зээлээ зогсоосон гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл гаргаж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг үүсгэх хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж болно” гэжээ.

4. Япон улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас тодруулахад шалгаж буй мэдээллийг худал гэв

📌Японы Элчин сайдын яамны 11-320777 утсаар холбогдон лавлахад
-“ОХУ-тай газар нутгийн маргаантай, Японы хойд хязгаарт байрлах арлууд дээр Восток цэргийн сургуулилт өрнөж буйг эсэргүүцэн Японы холбогдох албан тушаалтнууд байр сууриа илэрхийлсээр ирсэн.
👉Гэхдээ уг мэдэгдлүүдэд Монгол Улсыг онцолж дурдсан, төсөл хөтөлбөрүүдийг зогсоосон зүйл байхгүй. “Өвсний үндэс”, ЖАЙКА байгууллагын төсөл, хөтөлбөр зэрэг олон ажил хэвийн үргэлжилж байна” гэж хариуллаа.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document