Бид өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалаа.
1. Өмнө нь гарч байсан мэдээний гарчгийг өөрчлөн түгээсэн байна
Тухайн мэдээ нь 2022 оны 06 дугаар сарын 21-нд eguur.mn сайтад гарсан “Н.Ганибал 2027 он хүртэл хилээр адуу оруулж, гаргахыг хориглох тогтоол САНААЧИЛЖЭЭ” гэх мэдээг хуулж тавьсан байна.
Харин гарчгийг “Хилээр адуу оруулж, гаргахыг хориглох тогтоол ГАРЛАА” гэж өөрчилсөн байна.
2. Тогтоолын төсөл боловсруулж байгаа ч өргөн бариагүй байна
Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан Цахим парламентын сайт дахь Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл дунд “Адууны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл байна. Уг төслийг 05 дугаар сарын 24-ний өдөр байршуулсан.
📌Харин “Өргөн мэдүүлсэн төслүүд” цэсэнд дээрх тогтоолын төсөл алга байна. Мөн УИХ-ын Тамгын газрын эрхлэн хөтөлдөг parliament.mn вэбсайтад “Адууны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл мэдүүлсэн тухай мэдээлэл алга байна.
👉Өөрөөр хэлбэл, уг тогтоолыг боловсруулж, санал авч байгаа, харин УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Тиймээс “Хилээр адуу оруулж, гаргахыг хориглох тогтоол гарлаа” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн байна.
3. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байна
👉Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар УИХ нь хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх эрхтэй.
📌Өнгөрсөн чуулганы хуралдаануудаар шалгаж буй агуулгатай тогтоол батлаагүй бөгөөд өргөн бариагүй байна.
👉Харин ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан эсэхийг шүүж үзлээ.
📌 2022 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн “УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын 52 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг баталсан ба боловсруулж буй “Адууны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл тусгагдаагүй байна.