Бага сага сэвтэй угаалгын машинуудыг 9 сарын10-нд тараана гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Бага сэвтэй угаалгын машинуудыг үнэгүй тараана гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэрэв таныг “азтанаар шалгарсан, эсвэл хамгийн олон найзаа урьсан тул /болзлоо хангасан тул/ зурагт, угаалгын машин, шарах зуух зэрэг цахилгаан бараагаар урамшуулах боллоо, тийм данс руу төчнөөн төгрөг хийгээд баталгаажуулаарай” гэх зэрэг агуулгатай мэдээлэл ирүүлбэл хууртагдаж, эдийн засгаараа хохирохоос сэргийлээрэй.

📌2022 оны 08 дугаар сарын 28-ны 23:44 цагт “Үнэгүй цахилгаан бараа тараах аян” нэртэй пэйжээс “Бага сага сэвтэй эдгээр угаалгын машинуудыг 9сарын10нд тараана. 9 сарын 1нд хөргөгч, дуков тараана. Маш их байгаа учраас like дарж share ,хийсэн хүмүүст л өгнө. 9 сарын 9нд агуулахын хаягыг зарлана. Болзолоо биелүүлээд байж байгаарай. Цаашдаа маш их тусламжийн ийм аян байнга хийх учраас хүлээж байгаарай” гэсэн тайлбартай, цахилгаан барааны зурагтай пост оруулсан нь 08 дугаар сарын 31-ний байдлаар 4,354 реакц, 1,150 сэтгэгдэл авч, 23,929 удаа цааш түгээсэн байна.

📌Мөн 08 дугаар сарын 29-ний 15:30 цагт “Тавиурт байршлаа. Болзолоо хангаад л байж бай. Найзаа уриарай. Пэйждээ like дараарай. Share хйигээрэй” гэсэн тайлбартай дэлгүүрийн цахилгаан бараа өрсөн зурагтай пост оруулсан нь 710 реакц, 138 сэтгэгдэл, 816 шэйр авсан байна.
📌Энэ өдрөө 22:46 цагт “Үнэгүй тараана. Бараануудаа цэгцлээд буулгаад л байна шүү. Их ажилтай байна аа. Багтахгүй дээрээс нь давхарлаад тавьчихлаа яадаг бол доо. Та нарт гайгүй бүрэн бүтэн өгчих юмсан даа. Авах хүмүүс заавал болзолоо хангаарай” гэсэн пост оруулсан нь 965 реакц, 245 сэтгэгдэл авч, 1,170 удаа цааш түгээгээд байна.
☝Хуурамч хаяг нээж, хандалт авах зорилготой ийм мэдээллийг анхан шатны баримт шалгалтаар таних аргыг дахин заая.
📌Хуурамч мэдээлэл агуулсан постыг олон мянгаараа идэвхжүүлснээр бодит хохирол учрахгүй ч хялбар аргаар пэйж хөгжүүлж, дагагчийн тоог ихэсгэх зорилгыг нь хангаж байгаа үйлдэл юм.

🔍Дараах байдлаар мэдээлэлд баримт шалгалт хийгээд үзээрэй.

1. Пост оруулсан хаяг дээр дараад, доош нь гүйлгэж хараарай.

👉Пост оруулсан хаяг дээр дарж, хэзээ нээсэн, юу постолсон, ямар хүмүүстэй найз болсон зэргийг судалж байгаарай. 📌“Үнэгүй цахилгаан бараа тараах аян” гэсэн нэр дээр нь дарж үзэхэд 08 дугаар сарын 28-нд нээсэн, хаяг байршил, холбоо барих утасны дугааргүй, сайтын холбоос оруулаагүй пэйж байна. 📌Уг пэйжээр 8 пост оруулсан ба бүгд хандалт өсгөх зорилготой хуурамч мэдээлэл тараасан байна. Тухайлбал, -“Тусламжийн зурагтнууд ирлээ. Агуулахдаа буулгаж байнаа, Удахгүй байршуулаад пост оруулнаа, Энэхүү их хэмжээний тусламжийг энэ пэйжид нэгдсэн бас лайк дарсан шэйр хамгийн олон найзаа нэмсэн хүмүүст тараана”, мөн -“Бас нэгэн гоё мэдээ. Өөрт байгаа хуучин болон ажиллаагаагүй хөргөгч, хөлдөөгч, угаалгын машинаа бидэнд өгөөд оронд шинээр солиулаад аваарай. Энэхүү бартерт хамгийн олон найзаа урьсан болон лайк дарсан хүмүүст шүү” гэх мэтээр пэйжийн хандалтаа илүү олон болгохоор хэрэглэгчдийг үйлдэлд уриалсан байна.

2. Ашигласан зургийг нь өмнө нь харж байсан уу, үгүй бол хайгаад үзээрэй.

👉Зургаар хайхад тухайн ашигласан зургуудаас ямар нэг лого, таних тэмдэгтэй, онцлог өнцгөөс авсан зэргийг сонгох нь зүйтэй.
📌“Үнэгүй цахилгаан бараа тараах аян” нэртэй пэйжийн ковер буюу хаягийн дээд талд харагдах хавтасны зураг нь өмнө нь манай төвөөр шалгаж хуурамч болохыг тогтоосон мэдээлэлд ашигласан Beko брэндийн хөргөгчийн зураг байна. Мөн энэ пэйжид 08 дугаар сарын 28-нд “Жаахан сэв зураас болсон дэлгүүрт зарагдах боломжгүй болсон beko брэндийн хөргөгчийг 9 сарын 1-нд үнэгүй тарааж эхэлнээ” гэсэн пост оруулахдаа энэ зургуудыг ашигласан байна.
📌Шалгаж буй постод оруулсан хагас автомат угаалгын машинуудыг өрж тавьсан зургийг Google Lens-ээр хайхад 2020 оны 07 дугаар сарын 26-нд 187 мянган дагагчтай, 2013 онд нээсэн “Arina Electronics” нэртэй пэйжид “Хагас автомат угаалгын машины Хамгийн өргөн сонголт Хамгийн хямд үнэ Та захиалаад хүргүүлж аваарай” гэсэн тайлбартай байсан байна. Уг пэйж нь электрон барааны худалдаа эрхэлдэг “Арина Электроникс” компанийн албан ёсны пэйж байна.
👉2020 онд нийтэлж байсан дэлгүүрийн зургийг ашиглаад “Үнэгүй тараана” гэх хуурамч мэдээлэл түгээж, пэйжийнхээ хандалтыг 3 өдрийн дотор 9436 дагагчтай болгожээ.

3. Хууртагдаж, мөнгөө алдахаас сэргийлээрэй

📌Шалгаж буй пэйжид одоогоор чатаар харилцах, хувийн мэдээллээ өгөхийг санал болгосон пост оруулаагүй байна.
👉Гэхдээ ийм төрлийн хуурамч мэдээлэлд итгэж, шэйрлэж байгаа 20 гаруй мянган хүнийг залилан мэхлэхэд амархан гэж үзээд, их бага хэмжээгээр мөнгө олох санаархал байж болзошгүйг анхааруулж байна.
☝Хэрэв таныг “азтанаар шалгарсан, эсвэл хамгийн олон найзаа урьсан тул /болзлоо хангасан тул/ зурагт, угаалгын машин, шарах зуух зэрэг цахилгаан бараагаар урамшуулах боллоо, тийм данс руу төчнөөн төгрөг хийгээд баталгаажуулаарай” гэх зэрэг агуулгатай мэдээлэл ирүүлбэл хууртагдаж, эдийн засгаараа хохирохоос сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document