📌2022 оны 08 дугаар сарын 30-ны 00:04 цагт “𝗦𝘂𝘇𝘂𝗸𝗶 𝗠𝗼𝗻𝗴𝗼𝗹𝗶𝗮” нэртэй пэйжид “Тансаг зэрэглэлийн 10 Сузуки машин хуваалцана” гэх мэдээлэл оруулсан нь 17 цагийн дараах байдлаар 382 реакц, 3,651 сэтгэгдэл авч, 3,331 удаа цааш түгээсэн байна. Тус постын агуулга нь “Түлхүүр агуулсан дугтуйг тааж чадсан та бүхэнд өнөөдөр манай компани тансаг зэрэглэлийн 10 ширхэг сузуки автомашиныг хуваалцах болно, машины түлхүүр нь ердөө 5 дугтуйтай байна. амжилт хүсье. Ялахын тулд энд бүртгүүлнэ үү” гээд холбоос хавсаргасан байна.
🔍Дараах байдлаар мэдээлэлд баримт шалгалт хийгээд үзээрэй.
1. Хаягийг шалгах
📌Пост оруулсан хаяг дээр дарж, хэзээ нээсэн, юу постолсон, ямар хүмүүстэй найз болсон зэргийг судалж байгаарай.
👉Suzuki Mongolia хаягийг дарж үзэхэд 2022 оны 08 дугаар сарын 29-нд нээсэн, 300 дагагчтай, танилцуулга хэсэгтээ холбоо барих хаяг, утасны дугаар, албан ёсны вэбсайтын линк оруулаагүй пэйж байна. Уг пэйжээр 1 пост оруулсан нь шалгаж буй мэдээлэл байна.
2. Агуулгаар хайх
📌Шалгаж буй пост “Түлхүүр агуулсан дугтуйг тааж чадсан тохиолдолд тансаг зэрэглэлийн 10 ширхэг Сузуки автомашиныг хуваалцах” тухай тул Suzuki-гийн Монгол дахь албан ёсны борлуулагчийг хайх нь зүйтэй.
📌Ингэхийн тулд Facebook платформын хайлт хэсэг дээр Suzuki Mongolia утгыг оруулна. Хаяг байршил, холбоо барих дугаараа оруулсан албан ёсны хаяг хамгийн эхэнд гарч ирж байна.
👉“Suzuki Mongolia” гэх нэртэй албан ёсны пэйж болон шалгаж буй хуурамч пэйж хоёрын ковер, нүүр зураг, ашигласан лого, нэр гээд эхний байдлаар харахад бүгд адилхан харагдана. Харин доош гүйлгээд танилцуулга хэсэг болон нээсэн хугацаа, мэдээлэл оруулсан түүхийг харахад ялгаатай байна.
📌Албан ёсны пэйжийг 2014 оны 06 дугаар сарын 20-нд нээсэн, 50 мянган дагагчтай, Монгол улсаас 8 админ хөтөлдөг гэх зэрэг мэдээллүүдийг харж болно. Мөн танилцуулга хэсэгтээ “SUZUKI-ийн албан ёсны борлуулагч “Бридж” ХХК” гэсэн тайлбартай, хаяг байршил, утасны дугаар, вэбсайтын холбоос зэргийг оруулсан байна.
👉2022 оны 08 дугаар сарын 30-ны 09:02 цагт Suzuki-ийн албан ёсны борлуулагч “Бридж” ХХК-ийн “Suzuki Mongolia” албан ёсны пэйжид “Манай пэйж хаягийг хуулбарлан хуурамч пэйж хаягаар урамшууллын тухай мэдээлэл цацаж хандалт авах гэсэн оролдлого гарч байна. Та бүхэн хуурамч пэйжийг дагахгүй байж REPORT хийнэ үү” гэсэн албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Мөн Монгол дахь албан ёсны борлуулагч “Бридж ХХК” нь Suzuki брэндийн JIMNY, VITARA маркын автомашиныг албан ёсны эрхтэй борлуулдаг тухай мэдээлэл оруулсан байна. Тус компанийн вебсайт болон пэйжээр ямар нэгэн хөтөлбөр зарлаагүй байна.
3. Хувийн мэдээллээ өгч, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлээрэй
📌Шалгаж буй постод хавсаргасан линкээр ороход “БАЯР ХҮРГЭЕ, бид таныг албан ёсоор 1 Suzuki автомашин хожлоо ! Доорх товчийг дарж нэрээ ялагчаар бүртгүүлнэ үү! 15 минутын дотор амжилттай бүртгүүлсний дараа та Suzuki-аас шууд автомашины бэлэг авах болно. Бид таны хаягаар шууд хүргэх болно” гэсэн тайлбартай дарж ороод бүртгэл хийх товч гарч ирж байна.
👉Энэ нь олон улсын цахим залилангийн гэмт хэргийн нэг жишээ бөгөөд овог нэр, имэйл хаяг, утаны дугаар, картын дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулах тохиргоо бүхий платформыг санал болгож, азтан болох мэтээр төөрөгдүүлсэн байна.
📌Энд бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулснаар та санхүүгийн хохирол амсах, цаашлаад бусдыг залилахад хувийн хаягуудаа ашиглуулж болзошгүй нөхцөлд хүрэх тул БҮРТГҮҮЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙГЭЭРЭЙ.