Монгол тарвас хор байж болзошгүй, онц аюултай гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Төхөөрөмжөөр шалгахад монгол тарвас онц аюултай гэж гарлаа гэх мэдээллийг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тарвасыг шалгаж буй төхөөрөмж давсны ионы агууламжийг тогтоодог ба нитритийн хэмжээг гаргахгүй юм. Мөн “Soeks” хэмжигч багаж болон ижил зарчмаар хэмжилт хийдэг гар төхөөрөмжүүд стандартаар баталгаажуулаагүй, шинжлэх нөхцөлөөс хамаарч хариуг алдаатай гаргах боломжтой

📌2022 оны 08 дугаар сарын 19-нд “Paparazzi.mn” нэртэй вебсайт “Иргэний үг: Монгол тарвасыг шалгатал УЛААН (онц аюултай) гэж заалаа. Одоо МХЕГ-т хандаж байна” гэсэн гарчигтай постыг “Нитрат хэмжигч” гэх төхөөрөмжийн зурагтай хавсарган нийтэлсэн нь 2022 оны 08 дугаар сарын 24-ны байдлаар 974 реакц, 297 сэтгэгдэл авч, 449 удаа цааш түгээсэн байна.

Уг мэдээлэлд “Иргэний үг: Монгол тарвасыг ингээд шалгатал УЛААН (онц аюултай) гэж заалаа. Одоо МХЕГ-т хандаж байна Хөдөөнөөс ирж яваад зам дээр зогсож, Ховдын тарвас зарж байсан том пүүлэнгээс 9000 төгрөгөөр тарвас авлаа. Гэртээ ирээд шалгасан чинь ийм байна. Муу гээд байдаг Хятад ногоо, жимсийг үргэлж шалгадаг, ганц удаа л усан үзэмнээс шар өнгө гарч байсан. Харин энэ монгол тарвас дан улаан (онц аюултай) зааж байна. Энэ мэргэжлийн хяналт лабораторийн шинжилгээ хийж, байнгын хяналт шалгалт явуулдаггүй юм болов уу? Эх орны хөрсөнд ургасан эко хүнс гэж бодоод идээд байвал хор байж мэдэхээр байна, хүн ардаа болгоомжтой бай! Одоо энэ тарвасыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын албанд аваачиж өгнө өө” гэсэн байна.

☝Юун түрүүнд шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг дахь тарвас Монгол эсэхийг, Ховд аймгийн тарвас мөн эсэхийг тогтоох боломжгүй. Гарал үүслийн бичиггүй худалдан авалтыг шууд Ховдын тарвас гэж дүгнэх боломжгүй юм.

1. “Монгол тарвасыг шалгатал онц аюултай гэж заалаа” гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зурагт харагдах багажийг Soeks /Соэкс/ гэх нэрээр нь Google платформд хайхад албан ёсны вебсайт нь гарч ирж байна. ОХУ-д үйлдвэрлэдэг, бүтээгдэхүүний барааны код нь 9030.10.000 гэжээ.
📌Монгол улсын “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д тухайн кодоор хайж үзэхэд “Ионжуулагч цацрагийг хэмжих эсвэл илрүүлэх багаж, аппарат” гэсэн тайлбартай байв.
📌Ионжуулагч цацрагийг хэмжих аргачлалын талаар тус бүтээгдэхүүний тайлбарт бичсэнээр:
“Төхөөрөмжийн хошуугаар дамжуулан жимсний эдээр 3 секундийн турш цахилгаан долгион дамжуулж, долгион шингээлтээр давсны ионы агууламжийг тогтоодог. Алдах магадлал 12% ба шинжилж буй жимс, ногоо өрөөний температурт байх ёстой. Эс бөгөөс алдах магадлал улам нэмэгдэнэ. Халаасан болон шингэн бодисыг хэмжиж болохгүй” гэжээ.
👉08 дугаар сарын 24-ний өдөр Хүнсэнд буй зөвхөн нэг бодисын /нитрат/ ионыг хэмжих арга зүйн талаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 7000-5972 утсаар холбогдон тодруулахад:
📌“Ионометрээр шинжилгээ хийхэд тухайн тодорхойлох гэж буй бодисыг ялган авч тусгай уусмалд хийж байж шинжлэх ёстой. Үгүй бол өөр давсны ионууд долгионыг шингээж шинжилгээний дүн ХУДАЛ гарах магадлалтай. Тарвас маш усархаг жимс, байгалийн олон төрлийн бодис агуулдаг учир хэмжигч багажийн цахилгаан долгион яг нитратыг шингээж шинжилж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” хэмээн хариулав.
👉08 дугаар сарын 23-нд Стандарт, хэмжил зүйн газрын Шалгалт, тохируулгын лабораторитой холбогдон “Soeks” болон ижил зарчимтай гар төхөөрөмжүүд хэмжил зүйн оновчтой эсэхийг лавлахад:
📌“Иргэдийн нитрат хэмжиж буй гар төхөөрөмжийг манайхаас баталгаажуулдаггүй. Стандарт бус багаж тул алдах магадлал ихтэй” болохыг мэдээлэв.
☝Тиймээс зураг дээрх “Soeks” хэмжигч багаж болон ижил зарчмаар хэмжилт хийдэг гар төхөөрөмжүүд стандартаар баталгаажуулаагүй, шинжлэх нөхцлөөс хамаарч хариуг алдаатай гаргах боломжтой гэж үзэх үндэслэлтэй байна.

2. “Эх орны хөрсөнд ургасан эко ногоо хор байж мэдэхээр байна” гэх мэдээлэл батлагдаагүй

👉2022 оны 08 дугаар сарын 23-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тарвас, хүнсний ногоонд шинжилгээт хяналт хийж байгаа тухай мэдэгдэл гаргасан. Уг мэдээлэлд:
📌“Нийслэлийн нутаг дэвсгэрт тариалан, хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд нийтийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор тарвас тариалаагүй. Улаанбаатар хотод худалдаалж буй Ховд, Сэлэнгэ аймгаас нийлүүлсэн тарвасаас дээж авч нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж байна. Одоогоор шинжилгээгээр ямар нэг бүтээгдэхүүнд эерэг дээж илрээгүй, стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна” хэмээн мэдээлжээ.
👉Уг албан ёсны вэбсайт дахь мэдээлэлд ашигласан зураг нь хуваасан тарваст “Soeks” багажаар хэмжилт хийж байгааг харуулсан байна. Энэ нь иргэдийн гар дээр байгаа хэмжигч төхөөрөмж болон лабораторийн хариу хэр зөрүүтэй гарахыг мөн шинжилж байгаа гэх тайлбарыг МХЕГ-аас манайд өгсөн юм.
📌Мөн МХЕГ-аас “Иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд анхаарч, зарим тохиолдолд өөрсдийн багажаар шинжилж байгаа нь сайшаалтай хэдий ч түргэвчилсэн багаж алдаа ихтэй байх нь нийтлэг тул стандартын байгууллагаар баталгаажсан багаж ашиглах нь зүйтэй” гээд
📌“Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авахуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах”-ыг уриалсан байна.
☝Монголд тарьсан жимс, хүнсний ногоонд шинжилгээт хяналт хийж байгаа бөгөөд, одоогоор хортой гэх жимс, ногоо илрээгүй байгаа аж.

👉Нэмэлт мэдээлэл:

1. Азот, нитрат, азотын мөчлөгийн талаар ерөнхий ойлголт
👉BBC агентлагийн вебсайтад байршсан азот болон азотын нэгдлүүдийн ургамалд нөлөөлөх байдлыг тайлбарласан “Азотын мөчлөгийн талаарх” гарчигтай мэдээлэлд:
📌“Хөрсний бордоо нь хөрсөнд буй амьд организмуудыг тэтгэж, хөрсний үржил шим болон ургамлын тэжээлийг сайжруулах эрдэс бодис юм. Бордоонд хамгийн өргөн хэрэглэгддэг химийн элементүүд нь кали, фосфор болон азот юм.
📌Азот /нитроген/ нь өнгө, үнэр, амтгүй инерт хий бөгөөд дэлхийн агаар мандлын 78 хувийг бүрдүүлэгч. Химийн тэмдэглэгээ нь N, агаар мандалд N2 буюу хийн төлөвт оршдог.
📌Нитрат нь NO3 химийн томьёотой, тэсрэх бодис болон хүнсний бордоонд өргөн ашигладаг нэгдэл.
📌Аммон нь азот болон ус төрөгчийн атомоос тогтох химийн нэгдэл бөгөөд ургамал бордох явцад чухал үүрэгтэй. Аммон бусад бодистой нэгдэн үүсэх бодисуудыг “аммонийн” эсвэл “аммиакийн” нэгдэл гэж нэрлэдэг.
📌Аливаа ургамал агаарт байгаа азотыг шууд өөртөө шингээх чадваргүй. Хөрс эсвэл ургамлын булцуунд байх азотобактери нь азотын хийг нитратын нэгдэл болгон хувиргана. Үүссэн нитратын нэгдлийг ургамал шингээн авч хооллоно. Байгаль дээр уг процесс удаан явагддаг тул идэвхжүүлэх зорилгоор бордоог ашигладаг. Хөрсийг аммонийн нитрат буюу азотын бордоогоор шууд бордох үед азотобактери бордоог задалж хөрсөнд нитрат болгон хувиргана. Харин хөрсийг өтөг, бууцаар бордох үед задлагч бактери аммони ялгаруулж түүнийг нь азотобактери нитрат болгон хувиргадаг” гэсэн байна.

2. Чийгшилгүй, сэрүүн нөхцөлд бордоон дахь задраагүй аммиак жимсний хальсанд наалдсанаас нитратын агууламж өндөр гарах боломжтой
👉Их Британийн Хэрэглээний микробиологийн нийгэмлэгийн цахим сэтгүүлд 2003 оны 07 дугаар сарын 18-нд Герман болон Израйлийн эрдэмтдийн хамтран хийсэн “Бордоо болон температур аммонийн исэлдүүлэгчдийн бүтэц, үйл ажиллагаанд нөлөөлөх нь” нэртэй судалгааны ажил байршуулжээ. Тус судалгааны ажилд:
📌“Бордоо бүрэн задрахад агаарын температур болон усалгаа маш чухал ба чийгшилгүй эсвэл сэрүүн нөхцөлд азотын бордоонд агуулагдах аммиак бүрэн задарч чадахгүй байснаар жимс, ногооны хальсан дээр задраагүй хэсгүүд бүхлээрээ наалддаг. Түүнээс болж жимсний хальсан дахь нитратын агууламж өндөр гарах боломжтой” болохыг дурдсан байна.

3. Тарвасыг заавал бордох шаардлагагүй
👉Ямар төрлийн ногоо, жимс тарих вэ гэдгээс шалтгаалаад бордох технологи өөр байдаг байна. Тарвасын бордох технологийн талаар АНУ Оклахома мужийн их сургуулийн вебсайтад 2017 оны 02 дугаар сард байршсан судалгааны ажилд:
📌“Тарвасыг хаврын улиралд дөнгөж хөрсөнд суулгасны дараа азотын бордоог, фосфат болон калийн оксид агуулсан бордоотой хольж бордоно. Үр суулгаад гурван 7 хоног өнгөрсний дараа азотын бордоогоор нэмж бордоно. Тарвас жимс нь үндэсний систем сайн хөгжсөн ургамал тул нитратын дутагдалд орох шинж тэмдэг илрээгүй л бол нэмж бордох шаардлагагүй” гэжээ.

4. Тарвасанд зөвхөн нитратын ионоос гадна олон төрлийн эрдэс, давсны ион агуулагддаг
👉1 кг тарвасын эрдэс бодисын агууламжийг хэрхэн тодорхойлсныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх Олон улсын халуун орны жимсний сүлжээний вебсайтад 2016 оны 05 дугаар сарын 4-нд байршсан мэдээллээс эш татан хүргэе.
📌Тарвасын 1 кг дахь эрдэс, давсны агууламж:
Кальци – 80 мг
Зэс – 0.3 мг
Төмөр – 1.7 мг
Магни – 110 мг
Манган – 0.39 мг
Фосфор – 90 мг
Кали – 1,158 мг
Селен – 0.98 мг
Натри – 20 мг
Цайр – 0.82 мг
Нитрат – 95 мг

5. Тарвасын зохист хэрэглээ
👉Тарваст нитратаас гадна маш олон эрдэс, бодис агуулагддаг. Тэдгээр бодисын нэг нь ликопен буюу байгалийн каротины будагч бодис юм. Ургамлыг улаан өнгөтэй болгоход оролцдог. АНУ-ын Газар тариалангийн хүрээлэнгийн вебсайтад 2002 оны 06 дугаар сард мэдээлснээр “Тарвас нь улаан лоолиос 40% илүү ликопен агуулдаг. 1 кг тарваст 60-90 мг ликопен байдаг” байна. АНУ-ын Хавдрын нийгэмлэгээс “Өдөрт 30 мг-аас дээш ликопен хэрэглэвэл толгой эргэх, бөөлжих, суулгах түгжрэл, гэдэсний хий дүүрэх” зэрэг гаж нөлөөтэйг 2020 оны “Хавдрын үеийн хоол хүнсний дэглэм”-д тусгажээ.
☝Тиймээс насанд хүрсэн хүн өдөрт тарвасыг 400 гр-аас илүү идэхгүй байхыг зөвлөдөг.

6. Нитратын хэрэглээний хэмжээ, нитратын илүүдлийн сөрөг нөлөө
👉НҮБ-ын 2003 оны Ундны усны чанарын удирдамжид ундны усан дахь болон хүнсний бүтээгдэхүүн дэх нитраттай холбоотой мэдээллийг багтаасан байдаг. Тухайн мэдээлэлд:
📌“Лабораторийн амьтад дээр хийсэн туршилтаар нитрат хорт хавдар үүсгэдэггүй гэх дүн гарсан. Нитрат биш нитритийг шууд хэрэглэсэн тохиолдолд зарим харханд хавдар үүсэх магадлал өсөж байсан.
Хүний биед ч мөн адил нитрат биш, хоол боловсруулах замд азотын хортой нэгдлүүд болон хувирсан бодис сөрөг нөлөө үзүүлдэг. Азотын хортой нэгдлийг хэт их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хүний цусны улаан эс дэх уураг хүчил төрөгч зөөвөрлөх чадвараа алддаг. Хүчилтөрөгч зөөвөрлөх чадваргүй болсон эсүүдийн тоо нийт улаан эсийн 10%-д хүрэхэд хөхрөх өвчин, зарим тохиолдолд амьсгал боогдох өвчин үүсгэх нь ч бий” гэсэн байна.
👉Нитратыг бордоонд ашиглахаас гадна мах боловсруулалтад ашигладаг. Нитрат ямар хүнсэнд агуулагдаж байгаагаас хамаараад хүний биед өөр, өөр нөлөө үзүүлдэг болохыг нотолсон туршилтыг 1988 онд Канадад хийсэн аж. Туршилтын үр дүнд “Хүнсний ногоонд байх нитратаас илүүтэй боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнд агуулагдаж буй нитрат хоол боловсруулах замын хорт хавдар үүсгэх эрсдэл өндөр” болохыг тогтоожээ.
👉Харин НҮБ-ын 1996 оны “Зарим нэр, төрлийн хүнсний нэмэлт болон бохирдуулагч бодисын хоруу чанарын үнэлгээ”-нд
📌“Хүнсний ногоо, жимсэнд агуулагдаж буй нитрат ямар нэг байдлаар хорт хавдар үүсгэхгүй эсрэгээрээ бие махбодод эергээр нөлөөлж байсан. Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн, мах, ундны усны найрлагад байгаа нитрат хүний биед сөрөг нөлөөтэй байсан” гэсэн байна.
👉Их Британийн Ридингийн их сургуулийн хүнс, шим тэжээлийн багш, профессор Гантер Канлийн зөвлөмжийг Nutrigardens.com вебсайтын мэдээнд хавсаргасан байдаг. Тус зөвлөмжид: 📌“Олон нийтийн дунд байдаг нитрат гэхээр л хортой, муу гэх ойлголт байдаг. Гэтэл хүнсний ногоо, жимсэнд агуулагдаж буй нитрат хүний биед орохдоо азотын оксид буюу ашигтай нэгдэл болон хувирдаг. Харин мах, махан бүтээгдэхүүнд байгаа нитрат азотын хортой нэгдлүүд буюу нитрозаминууд болж хувирдаг. Ургамал антиоксидант чанар өндөртэй тул нитрозамин үүсэхээс сэргийлдэг. Тийм ч учраас эрүүл мэндийн салбарынхан нитратын агууламж өндөртэй хүрэн манжин, хар манжин зэргийг сайн ид гэж зөвлөдөг” гэж хариулжээ.
👉Европын хүнсний аюулгүй байдлын агентлагийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны мэдээгээр 1 өдрийн нитратын зохист хэмжээг биеийн жингийн кг тутамд 3.7 мг байхаар зааж өгсөн байна.
📌Тэгэхээр 80 кг жинтэй хүний 1 өдөрт хэрэглэж болох нитратын хэмжээ 296 мг байх нь. Бидний өдөр тутамд идэж, хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд тодорхой хэмжээгээр нитрат агуулдаг бөгөөд тэдгээрийн нитратын агууламжийг Европын Хүнсний аюулгүй байдлын газрын 2008 онд нийтэлсэн судалгаанаас эш татъя.
“1 килограммд агуулах нитратын хэмжээ:
Улаан байцай – 704 мг
Буржгар байцай – 1,846 мг
Хулуу – 4,617 мг
Салатны байцай – 3,660 мг
Ногоон шош – 735 мг
Хар манжин – 2,302 мг
Хүрэн манжин – 3,670 мг
Аспарагус – 1,459 мг
Мөөг – 100 мг
Төмс – 340 мг” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document