📌2022 оны 08 дугаар сарын 23-нд “Бодлогын гимнастик хийх нь энэ бичиг дээр дарж ороод пэйж дээр лайк дар” гэх нэртэй фэйсбүүк хуудаст “Ойд самаргуй болоод өлсөж үхэнгээ алдаад амьд хорхойнууд идсэн байсан баавгайд өөрийн унагаа бариулахаас хамгаалан тэмцэж нуруугаа авахуулсан энэ гүү эмчлэх аргагүй хэтэрхий хүнд гэмтсэн тул бараг л сүүлчийн удаа унагаа хөхүүлж байгаа нь! гэнээ “Үхтэл Үр харам” гэж энэ бхдаа” гэсэн тайлбартай нуруугаа шархдуулсан гүү унагаа хөхүүлж буй зургийг постолжээ.
📌Тус пост 08 дугаар сарын 24-ны байдлаар 725 реакц, 94 коммент авч, 63 удаа цааш түгээгдээд байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Баавгайн үндсэн идэш тэжээл нь самар биш
📌Хүрэн баавгай нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй” ангилалд, бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн. Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтанд оржээ.
📌Мах идэштэн (Carnivora).
Идэш тэжээл нь газрын гадарга, ургамлан бүрхэвч, тэдгээрийн чанараас шалтгаалах бөгөөд олон төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж зэргээр хооллодог. Харин зуны эхэн үеэр голчлон жимс жимсгэнэ, үр, самар, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр хооллоно.
📌Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барина. Зуны сүүл, намрын эхэн үед гол төлөв ургамлаар хооллох бөгөөд янз бүрийн үр жимс, самар, ургамлын үндэс иднэ.
2. Эх сурвалжаар хайхад Монголд болсон үйл явдал биш байна
👉Тус мэдээллийн эх сурвалжийг олохын тулд постод ашигласан зургийг Reverse Image Search функцаар Google, Yandex, TinEye, Bing зэрэг платформууд дээр хайж үзсэн.
📌Yandex платформд “SakhaDay” нэртэй Телеграм сувагт тус зургийг оруулсан илэрц гарч ирсэн бөгөөд 05 дугаар сарын 23-нд “Верхоянском улусед болсон үйл явдал” гэж орос хэлээр тайлбарлан бичжээ.
📌Тус сувагт байсан тайлбарын текстийг хуулан Google-д хайж үзэхэд “SakhaPress” гэх вэб сайтад Саха /Якут/-гийн Бердигестяхд 05 дугаар сарын 18-нд өлсгөлөн баавгай гүү барьсан /залруулав/ тухай мэдээ болон баавгай адуу руу дайрч /залруулав/ шархдуулсан тухай мэдээ 5 хоногийн дараа буюу 23-нд гарсан байна.
👉05 дугаар сарын 18-нд нийтлэгдсэн мэдээнд ОХУ-ын бүрэлдэхүүн улс болох Бүгд Найрамдах Саха (Якут) улсын Бердигестях сууринд өлсгөлөн баавгай гүү алсан тухай “Үлэ күүһэ” гэх нэртэй орон нутгийн сонин анх мэдээлснийг “Yakutsk News” Телеграм суваг дамжуулсан гэж дурдсан байна. “Yakutsk News” сувгаас хайж үзэхэд 18-нд гүү баавгайд бариулсан /залруулав/ болон 23-нд өөр нэг гүү рүү баавгай дайрч шархдуулсан /залруулав/ тухай мэдээлсэн байна.
☝Харин бидний шалгаж буй мэдээлэлд ашигласан шархадсан гүүний зургийг “sakhahunter” гэх Телеграм сувагт 05 дугаар сарын 23-нд нийтэлсэн байна.
Тодруулбал, дээрх зураг нь өнгөрсөн хавар Якутад болсон явдал бөгөөд энэ үед “самар ховордсон шалтгаанаар өлссөн баавгай адуу руу дайрсан” гэх тайлбар хийх боломжгүй юм.
3. Засвар оруулаагүй бодит зураг байна
📌Зургийг “Fotoforensics” хэрэглүүрээр шалгаж үзэхэд дижитал аргаар өөрчлөөгүй нь тодорхой болсон.
📌Мөн “Forensically” хэрэглүүрт зургийг файлаар дуудаж оруулан нягтлахад зургийн нягтрал болон гэрэл сүүдэр, дулааны хэмжээ өөрчлөлтгүй байгаа нь бодит зураг болохыг илтгэж байна. /хэрэглүүрийн линкийг эх сурвалж хэсгээс/
Нэмэлт мэдээлэл:
📌Якутад баавгайн халдлагын тохиолдолууд харьцангуй элбэг болж байгаа тухай Якутын хэвлэлүүд мэдээлж байгаа аж. Хамгийн сүүлд 08 дугаар сарын 5-нд тус улсын өөр бүс нутагт баавгай эмэгтэй хүнд халдсан тохиолдол гарсан гэж “sakhahunter” Телеграм хуудас мэдээлжээ. Мөн 2019 оны 10 дугаар сард Якутын парламентын гишүүн асан баавгайн дайралтад амиа алдаж байсныг РБК мэдээлж байжээ.
📌Якутын төв хэвлэл Sakhaday.ru сайтад “Сүүлийн жилүүдэд Бүгд Найрамдах Саха (Якут) улсын нутаг дэвсгэрт баавгай суурин руу ойртож ирэх тохиолдол ихсэж байна. Энэ нь хүрэн баавгайн тоо толгой нэмэгдэж, жимс жимсгэний ургац муу байгаагаас баавгайн шилжилт хөдөлгөөн, бүгд найрамдах улс болон хөрш зэргэлдээх бүс нутгуудад жил бүр гардаг ойн түймэр, тэдгээрийн амьдрах орчныг зөрчих хүчин зүйлүүдтэй холбоотой юм” гээд баавгайтай таарах үед хэрхэх тухай зөвлөгөө нийтэлжээ.
📌Баавгайн амьдрах орчин руу явахдаа дайралтаас өөрийгөө хамгаалах зөвшөөрөгдсөн хэрэгслийг авч яваарай. Баавгайн дайралтаас өөрийгөө хамгаалахын тулд газ шүршигч, бамбар, дуут дохио зэрэг янз бүрийн хэрэгслийг аваарай” гэжээ.