👉Анхны постер нь Эрээн, Замын-Үүдийн боомт 2021 оны 10 дугаар сарын 14-нд тодорхойгүй хугацаагаар хаагдсанаас хойш буюу 2022 оны 01 дугаар сарын 11-нд хэсэгчилсэн байдлаар нэгдэх хооронд бичигдсэн бөгөөд Хятадын талаас хилээ хаасанд хариу үйлдэл болгон бичсэн байх боломжтой байна.
1. Монгол Улс хилийн маргаангүй
📌Монгол улс, БНХАУ нь одоогоор хилийн маргаангүй бөгөөд 1962 онд 12 дугаар сарын 26-нд Бээжинд байгуулсан Хилийн гэрээгээр хоёр улс хилийн шугамыг тохиролцон гарын үсэг зуран баталгаажуулсан. Цаашлаад 1988 болон 2010 онд гэрээг шинэчлэн батламжилсан.
📌2010 оны Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай гэрээгээр талууд өмнө байгуулагдсан хилийн цэгийн протоколуудыг даган мөрдөж, “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх”, “найрсгаар хамтран ажиллах үзэл санааны дагуу улсын хилийг хамтран хамгаалахаар” тохиролцсон.
2. Хил тогтоох бүрэн эрх УИХ-д байхаар хуульчилсан
📌Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хуралд улсын хил тогтоох онцгой бүрэн эрх байхыг тогтоосон байдаг. Мөн Монгол улсын Хилийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “улсын хилийн шугамыг тодорхойлох, тогтоох, өөрчлөх, асуудлыг Монгол Улсын Их Хурал, улсын хилийг хамтран шалгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заажээ. Түүнчлэн тус хуулийн 35 дугаар зүйлд Улсын хил хамгаалах байгууллагын чиг үүрэгт “улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөх явдал гаргуулахгүй байх” гэж заасан байдаг.
3. Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргаж байжээ
📌Хилийн цэгийг өөрчлөхтэй холбоотой мэдээллийн талаар 08 дугаар сарын 23-ны 11:38 цагийн үед Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албатай холбогдон тодруулахад дээрх мэдээллийг “худал мэдээлэл” гэсэн ба “Монгол улсын хилийг олон улсын гэрээгээр тогтоодог учир хаа хамаагүй хурдан, түргэн наац цааш болгох боломжгүй” гэж мэдэгдсэн.
📌Өмнө нь 2020 оны 11 дугаар сарын 17-нд “Монгол улс хилийн шугамаа буцаан татлаа” гэх мэдээлэлд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд мэдэгдэл гарган, няцааж байсан.