📌2022 оны 08 дугаар сарын 22-нд “Erennews.mn” нэртэй вебсайт “Иргэний үг : Энэ онгоцны утаа биш хорт бодис шүү” гэсэн гарчигтай постыг онгоцны ард үлдсэн мөрний зураг хавсарган нийтэлсэн нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны байдлаар 248 реакц, 99 сэтгэгдэл авч, 52 удаа цааш түгээсэн байна.
📌Уг мэдээлэлд “Өглөө 5 цагийн үеэр толгой өвдөөд тэгээд сэрээд харсан чинь ийм хемтрайл тэнгэрт цацаад явж байна. Балиар шүү. Энийг онгоцны утаа гэж андуурдаг. Хүмүүсийг унтаж байхад өглөө нар мандахаас өмнө цацах юм аа. Цацаад сарнисныг хүмүүс үүл гэж хардаг. Гэтэл тэр бол үүл биш хортой бодис бөгөөд агаарт сарнихгүй удаан тогтдог. Өнөөдөр нарны эхний туяанаар жиргээд эхэлдэг шувуудын шулганаан огтхон сонсогдсонгүй. Бүгд дайжаад алга болчихож. Чив чимээгүй. Хүмүүс унтсаар хордсоор…” гэсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Агаарт үлдэж буй цагаан мөр бол хорт бодис гэдэг нь ХУДАЛ
📌Хүмүүсийн хэлж заншсанаар онгоцны утаа гэгдэх агаарт тод харагддаг цагаан мөр бол хорт бодис эсвэл утааны аль нь ч биш, харин хөлдсөн уур болохыг тайлбарласан мэдээ 2022 оны 07 дугаар сарын 22-нд BBC агентлагийн вебсайтад нийтлэгдсэн байна. Уг мэдээнд хавсаргасан Их Британийн Цаг уур судлалын үндэсний хүрээлэнгийн судлаач Айдан МакГивэрний тайлбарыг эш татъя. Тайлбарт:
📌“Нисэх онгоцны шатаж буй хөдөлгүүрээс гарах хаягдал хийн халуун уур нь хүйтэн агаарт хөлдөн олон бичил мөсөн талст үүсгэж байгаа нь цагаан мөр болон харагддаг. Тухайн онгоцны нисэж буй өндрийн түвшинд агаарын чийгшил бага байвал мөсөн талстууд амархан сарнина. Харин агаарын чийгшил их тохиолдолд тод харагдах хөлдсөн уурын талс үүсгэж буй нь тэр юм. Зарим агаарын хөлөг цагаан мөр үлдээж, зарим нь үлдээхгүй байгаа нь тухайн өндөрлөгт агаарын чийгшил хэр хэмжээнд байгаатай холбоотой. Их чийгшилтэй агаарт үүссэн бичил мөсөн талстууд сэмжин үүл үүсгэдэг. Сэмжин үүл нь ширхэглэсэн, хялгас маягийн бүтэцтэй.
📌Ямар нэг хорт бодис онгоцноос ялгарсан байсан ч сэмжин үүл бүрэлдэж буй агаарын өндөрлөгөөс газрын түвшин хүртэл маш их зайг туулж агаарт замхралгүй буух бараг л боломжгүй” болохыг мэдээлжээ.
👉Онгоц нисэх дундаж өндрийн тухай мэдээ Time сэтгүүлийн вебсайтад 2018 оны 06 дугаар 2-нд байршсан байна.
📌Уг мэдээнд Охайо мужийн их сургуулийн Агаарын тээвэр судлалын багш Адам Бекмэн “Арилжааны агаарын тээвэр дунджаар 31,000-38,000 тохой өндөрт буюу 9.5-11.5 километрийн өндөрт нислэг үйлддэг. Дээш хөөрөх тусам агаар илүү сийрэг болсноор агаарын эсэргүүцэл бага орчинд онгоц хурдан нисэх боломжтой”-г дурджээ.
2. Нисэх онгоцны мөр ихэнх тохиолдолд 8-аас дээш километрт бүрэлддэг ба агаараас бордоо, хортон мэрэгчийн цацах өндөр 2.5-3.5 м
📌Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 сарын 04-ний А/16 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Иргэний нисэхийн дүрэмд Хөдөө аж ахуйн агаарын хөлгийн үйл ажиллагааг тусгаж өгсөн ба үүнд:
-Агаараас шингэн цацах
-Агаараас бордоо цацах
-Агаараас хортон мэрэгчийн хор цацах гэх мэт үйл ажиллагаанууд багтсан байдаг. Мөн газар тариалан, ой мод, эсхүл усан гадаргуугийн тандалт хийхэд саадаас дээш 150 м-ээс (500 ft) доош өндөрт нисэх тухай зааварчилжээ.
📌АНУ-ын Үндэсний хөдөө аж ахуйн агаарын хөлгийн зөвлөлийн вебсайтад агаараас бодис цацах үед тухайн гадаргуугаас дунджаар 2.5-3.5 метр өндөрт нисдгийг дурдсан байна. Тухайн агаарын хөлгийн хэмжээ болон шингэн цацах гадаргуунаас хамаараад нислэгийн өндөрт өөрчлөлт орох боломжтой. NASA агентлагийн Langley судалгааны төвийн вебсайтад нисэх онгоцны мөр ихэнх тохиолдолд 8-аас дээш километрт бүрэлддэгийг мэдээлсэн байна. Иймд агаараас химийн бодис цацаж буй хөлөг нисэх онгоцны мөр үлдээх боломжгүй юм.
👉Нэмэлт мэдээлэл:
📌Нислэгийн үед ялгарах хорт бодис:
Олон улсын агаарын тээврийн холбооны дэргэдэх Агаарын тээврийн зөвлөлийн вебсайтын тоо, баримт хэсэгт мэдээлснээр 2019 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 2.1 хувийг агаарын тээврийн салбар ялгаруулжээ. Европын тээвэр ба байгаль орчны нэгдлийн мэдээллээр онгоцноос нүүрсхүчлийн хийнээс гадна азотын исэл болон усны уур гарах ба тэдгээр нь дэлхийн дулааралд нүүрсхүчлийн хийнээс 2 дахин илүү нөлөөлдөг болохыг мэдээлсэн байна.
📌“Хемтрайл” гэх нэр томъёоны тайлбар:
Шалгаж буй постод “хемтрайл тэнгэрт цацаад явж байна” гэсэн байна. Энэ нь дараах агуулгатай.
*Contrail (контрэйл) -онгоцны нислэгийн үеэр цагаан зам татуулах үзэгдэл.
*Chemtrail (хемтрайл)-хорт бодис цацдаг гэх ярианд итгэгчдийн нэрлэсэн нэршил.