Тэтгэвэр дараах хэмжээгээр нэмэгдэнэ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 600.0 мянга болно.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 02 дугаар сарын 1-ний “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 63 дугаар тогтоолд:2. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай. ” хэмээн оруулсан байна.

📌2022 оны 07 дугаар сарын 18-нд Tusgaar.mn Тусгаар Монголын Мэдээ нэртэй пэйжид “Шуурхай: Тэтгэвэр дараах хэмжээгээр нэмэгдэнэ Унш” гэсэн тайлбартай, ulaanbaatar.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 08 дугаар сарын 22-ны байдлаар 344 реакц, 282 сэтгэгдэл авч идэвхжүүлэн, 209 удаа цааш түгээсэн байна.

📌Энэ агуулгыг үүнээс сарын өмнө буюу 06 дугаар сарын 28-нд мөн оруулсан ба 360 реакц, 275 сэтгэгдэл авч, 200 удаа цааш түгээсэн байна.
Холбоосоор орж үзэхэд “500.0 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 600.0 төгрөг, дундаж тэтгэвэр 580.0 төгрөг болон нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэх ба тэтгэвэр авагчид нэмэгдсэн дүнгээр тэтгэврээ авна. Засгийн газрын тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн” гэх агуулгыг 8 удаа дараалан оруулсан байна.

🔍Бид өмгөөллийн Fidelitas Partners Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Хуучирсан мэдээллийг сэргээн түгээсэн

👉Дээрх мэдээллийн эхний өгүүлбэр болох “500.0 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн” гэснийг google-д оруулж хайлт хийхэд 2020 оны 02 дугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдэх болсон тухай мэдээлэл гарч ирж байна.
📌Тухайн үед “Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны 24 дүгээр тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 төгрөг, дундаж тэтгэвэр 409.0 төгрөг болон нэмэгдэж байна” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байжээ.

2. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500,000 төгрөг хэвээр байна

👉Шалгаж буй мэдээлэлд дурдсан “бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 600,000 төгрөг” гэх мэдээлэл ХУДАЛ. 2020 оны дээрх мэдээллээс хойш энэ оны эхээр буюу 2022 онд мөн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн.
📌2022 оны 02 дугаар сарын 1-ний “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 63 дугаар тогтоолд:
“1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэн тооцож олгохыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгасугай.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байна.
📌Бүрэн тэтгэвэр нь хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээнээс илүү байдаг бөгөөд шалгаж буй мэдээлэлд хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг хамгийн өндрөөр буюу 600,000 төгрөг боллоо гэсэн нь хуурамч мэдээллийн нэг илрэл юм.

Нэмэлт мэдээлэл:

📌Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна” гэж заасан.
📌Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талд үндэсний хорооны 2022 оны 05 сарын 04-ний өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 1-т “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.” гэж заасан.
👉Тиймээс өндөр настны тэтгэврийн доод хэмжээг хамгийн багадаа дараах байдлаар тогтоогдох боломжтой. Үүнд:
– Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу 412,500 төгрөг,
📌Өндөр насны бүрэн тэтгэвэр гэдэг нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн байх нөхцөлийг хангаснаар үүсэх тэтгэвэр юм. Мөн 65 насанд хүрээгүй ч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд хуульд заасан нөхцөлийг хангаж, өөрийн хүсэлт тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх тохиолдлууд байдаг.
– Хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 275,000 төгрөг,
📌Хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр гэдэг нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийг хэлнэ.
👉Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан. /холбогдох хуулиудыг эх сурвалж хэсгээс харна уу/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document