Аяга угаагч порлоны үртэс тогоонд наалдсанаас 20 гаруй хүн амь насаа алдсан гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Аяга таваг, тогоо угаагч порлоны үртэс нь тогоонд наалдаж хоолойд шивэгдэж, хавдар болсноор 20 гаруй хүн амиа алджээ.

Баримт шалгалтын үр дүн

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Статистик мэдээллийн алба “Металл зүлгүүрийн үртэс, хэлтэрхийнээс болж дотор эрхтэн урагдаж гэмтэн, шууд хагалгаанд орсон тохиолдол одоогоор улсын эмнэлгүүдийн хэмжээнд гараагүй, тэр тусмаа нас барсан тохиолдол бүр байхгүй. Гаднын металл биет хүний биед нэвтэрсэн тохиолдолд удаан хугацаанд биеэс гадагшлахгүй дотор эрхтнийг гэмтээх боломжтой. Гэхдээ ийм тохиолдол гараад, бүр “20 гаруй” болоод албаны тайланд бүртгэгдсэн зүйл байхгүй байна. Одоогоор бүртгэгдсэн мэс засал, мөн нас баралтуудын дунд шууд шалтгаан нь металл зүлгүүрийн үртэс болохыг тогтоосон дүгнэлт байхгүй”

📌2022 оны 07 дугаар сарын 22-нд “Mass” нэртэй Facebook хуудсанд “Сэрэмжлүүлэг, аяга угаагч порлоны үртэс тогоонд наалдсанаас 20 гаруй хүн амь насаа алдсан” гэсэн утгатай мэдээллийг аяга угаагч порлон, металл зүлгүүрийн зургийн хамт нийтэлсэн нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны байдлаар 4,787 реакц, 753 сэтгэгдэл авч, 9950 удаа цааш түгээсэн байна.

📌Уг постод: “Сэрэмжлүүлэг! Энэхүү аяга таваг, тогоо угаагч порлоны үртэс нь тогоонд ороод угаагаад унахгүй соронзон орон үүсээд наалддаг байна. Одоогийн байдлаар 20 гаруй хүн мэс засал хийлгэсэн боловч харамсалтайгаар амь насаа алджээ. Хоолойд шивэх, Хавдар болсон байдаг. Хөдөөний айл цагаан идээний сав суулга цэвэрлэдэг. Хот суурингийн айл хэрэглэх газраа хэрэглэж байгаа байх анхааралдаа авахад илүүдэхгүй. Үртэс нь тогоонд ороод угаагаад унахгүй соронзон орон үүсээд наалддаг байна. Танд эрүүл энхийг хүсье. Эх сурвалж: Мэдээний хачир” гэжээ.
📌Постын агуулгаар хайж үзэхэд шалгаж буй постод ашигласан зургийг “Мэдээний хачир” нэртэй Facebook хуудас 2022 оны 07 дугаар сарын 22-нд дээрх утгатай пост оруулсан байх ба 08 дугаар сарын 15-ны байдлаар эх пост нь 1,550 реакц, 100 сэтгэгдэл авч, 1,360 удаа цааш түгээсэн байна.

1. Аяга таваг угаагч нь тогоонд соронзон орон үүсгэж наалддаг гэх мэдээлэл ХУДАЛ

👉Соронзон орон хэрхэн үүсэх тухай Монгол Улсын Их Сургуулийн Физикийн тэнхимийн дэд профессор Т.Төртогтохоос тодрууллаа.
📌“Соронзон оронг соронзон материал эсвэл цахилгаан гүйдэл гүйж буй дамжуулагч л үүсгэнэ. Ахуйн нөхцөлд хамгийн хялбараар аливаа материалыг соронзон эсэхийг шалгая гэвэл хөргөгчийн хана эсвэл хар төмөрт наалдаж байгаа эсэхийг туршихад л болно. Мэдээж хар төмөр болон хөргөгчийн хананд наалдахгүй соронзон чанар сул материалууд бий. Хөргөгчийн хананд наалдахгүй бол тогооны хананд ч наалдахгүй нь ойлгомжтой. Тогоо хийхэд ашигласан материал болон металл зүлгүүр хоёулаа соронзтой харилцан үйлчлэх хэдий ч аль, аль нь өөрөө соронзон орон үүсгэх чадваргүй учраас хоорондоо наалдахгүй.
Усаар сайн зайлаагүй тохиолдолд тогоонд хүнсний үлдэгдэлтэй наалдсан металл зүлгүүрийн үртэс байхыг үгүйсгэхгүй, гэхдээ энэ бол соронзон орон гэх ойлголтоос тусдаа асуудал” гэх мэдээллийг өглөө.

2. 20 гаруй хүн мэс засал хийлгэсэн боловч амь насаа алдсан гэх мэдээлэл ХУДАЛ

👉Металл зүлгүүрийн үртэс тогоонд наалдсанаас үүдэн 20 гаруй хүн мэс засал хийлгэж, нас барсан эсэхийг тодруулахаар бид мэргэжлийн байгууллагуудтай холбогдож тодруулга авлаа.
📌08 дугаар сарын 9-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны их эмч Л.Түмэнжаргалтай холбогдож тодрууллаа. Тэрээр: “Металл зүлгүүрийн үртэсээс болж мэс засал хийлгэсэн эсвэл нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Удаан хугацаанд биед байснаар өвчлөл үүсгэсэн бол улсын томоохон эмнэлгийн мэс заслын тасагт очиж хагалгаа хийлгэх шаардлагатай” хэмээн хариулсан.
📌08 дугаар сарын 17-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Алтанзулаас дараах тодруулгыг авлаа:
“Манайд хүүхэд металл зүлгүүрийн үртэс залгиснаас болж гэмтсэн, хагалгаанд орсон болон нас барсан тохиолдол байхгүй. Аяга угаагч порлон, зүлгүүрийн үртэс залгиснаас болж хүүхэд хагалгаанд орж буй талаар хүүхдийн мэс заслын эмч нар маань хүртэл анх удаа сонсож байна гэсэн. Хэрэв бага насны хүүхдийн ам, залгиур хоолойгоор дамжин хоол боловсруулах системд металл үртэс орсон тохиолдол гарвал манайд л хандах ёстой. Тийм тохиолдол гараагүй байна” гэсэн юм.
👉08 дугаар сарын 16-нд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Статистик мэдээллийн албанаас “20 гаруй хүн угаалтуурын үртэсээс болж хагалгаанд ороод амиа алдсан” гэх тоо бодит эсэхийг лавлахад:
📌“Металл зүлгүүрийн үртэс, хэлтэрхийнээс болж дотор эрхтэн урагдаж гэмтэн, шууд хагалгаанд орсон тохиолдол одоогоор улсын эмнэлгүүдийн хэмжээнд гараагүй, тэр тусмаа нас барсан тохиолдол бүр байхгүй. Гаднын металл биет хүний биед нэвтэрсэн тохиолдолд удаан хугацаанд биеэс гадагшлахгүй дотор эрхтнийг гэмтээх боломжтой. Гэхдээ ийм тохиолдол гараад, бүр “20 гаруй” болоод албаны тайланд бүртгэгдсэн зүйл байхгүй байна. Одоогоор бүртгэгдсэн мэс засал, мөн нас баралтуудын дунд шууд шалтгаан нь металл зүлгүүрийн үртэс болохыг тогтоосон дүгнэлт байхгүй” болохыг мэдээлэв.

3. Металл зүлгүүр эдэлгээний явцад үртэс ялгаруулж, хоол хүнстэй холилдсоныг залгивал ходоодны ханыг үрэвсүүлэх боломжтой

👉Ази, Америк, Европын 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, хүнстэй хүрэлцэх ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шинжилж баталгаажуулдаг HACCP International компани нь “металл зүлгүүрийг аюултай” гэж өөрсдийн эрхлэн гаргадаг “Хүнсний аюулгүй байдлын тухай” сэтгүүлийн 2011 оны 3 дугаар хэвлэлд нийтэлсэн байна. Нийтлэлээс эш татвал:
📌“Эдэлгээний явцад металл зүлгүүр нь жижиг хэмжээтэй үртэс, хог хаягдал ялгаруулж болно. Уг үртэс хүнс бэлтгэх явцад хоолонд орсон тохиолдолд аюултай. Ихэвчлэн хоолой урна, ходоодны ханыг гэмтээх магадлалтай. Ингэснээр ходоодны хүчилд бактери үржих шалтгаан болж ходоодны хананы гэмтсэн хэсгийг үрэвсүүлэх ч тохиолдол бий. Нейлон материалтай зүлгүүрийн хувьд дотор эрхтнийг гэмтээх тохиолдол бараг байдаггүй. Учир нь нейлон химийн идэвх сул нэгдэл учраас хоол боловсруулах замд гэмтэл учруулалгүй биеэс гадагшилдаг” болохыг дурджээ.

4. Металл зүлгүүр болон түүнтэй ижил төст бараануудыг Монгол улсын хилээр нэвтүүлсэн байдал, холбогдох эрүүл ахуйн стандарт

👉2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газартай холбогдож тодруулга авсан болно.
📌Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас лавлахад “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны жагсаалтад ороогүй бүтээгдэхүүн тул бид шалгалт хийдэггүй, уг бүтээгдэхүүнтэй холбоотой иргэдийн гомдол аль эсхүл мэргэжлийн байгууллагын дүгнэлт одоогоор ирээгүй байна” гэж хариулав.
📌2001 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалт, журам батлах тухай” 54 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон кодолсон жагсаалт”-д “ган төмөр”, “металл” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд илэрц гарч ирсэнгүй.
👉Аяга таваг угаагч зүлгүүрт тавигдаж буй стандартын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний аюулгүй байдлын газарт хандахад “Худалдаанд байгаа металл зүлгүүр, ижил төстэй бараануудад зориулсан мөрдөгдөж буй стандарт байхгүй” болохыг мэдээлсэн.
👉Металл зүлгүүр нь Гаалийн ерөнхий газрын Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд:
📌73 дугаар бүлгийн 7323 дугаар зүйл – Хоол унд, гал тогоо эсвэл гэр ахуйн бусад зориулалттай, төмөр эсвэл гангаар хийсэн зүйлс болон тэдгээрийн эд анги; төмөр эсвэл ган утсан хөвөн; сав суулга зүлгэх, өнгөлөх, цэвэрлэх зориулалттай, төмөр эсвэл гангаар хийсэн зүлгүүр, бээлий болон тэдгээртэй төстэй зүйл Барааны код 7323.10.00: “Төмөр эсвэл ган утсан хөвөн; сав суулга зүлгэх, өнгөлөх, цэвэрлэх зориулалттай зүлгүүр, бээлий болон эдгээртэй төстэй бүтээгдэхүүн” гэх код, нэршлээр бүртгэлтэй байна.
📌Гаалийн цахим үйлчилгээний системийн статистикийн санд 7323.10.00 гэж барааны кодоор нарийвчлаагүй ч, 7323 кодтой “Ган төмрөөр хийсэн ахуйн хэрэгцээний зүйлс” гэсэн бүлгийн нийт барааны гадаад худалдааны гүйцэтгэлийн тоо, хэмжээг тайлагнасан байна.
Энэ бүлгийн нийт барааны гадаад худалдааны гүйцэтгэл 2021 онд:
– Экспорт: 3.2 мянган ам.долларын үнийн дүнтэй 670 ширхэг
– Импорт: 4.5 сая ам.долларын үнийн дүнтэй 691,543 ширхэг гэж бүртгэгджээ.

5. Металл зүлгүүрийг хэрэглэхдээ анхаарах зүйлс

👉Металл зүлгүүрийн хэрэглээтэй холбоотой дараах зөвлөмж хоол сонирхогчдын TheKitchn веб сайтад нийтлэгдсэнийг хүргэж байна.
📌Гарын арьсыг зүсэх, зулгалах аюултай тул хэрэглэх үедээ бээлий өмсөх хэрэгтэй
📌Ган төмөр сав суулгыг цэвэрлэхэд ашиглавал эд хэрэглэлийн гадаргууг зурах, гэмтээх тул хэрэглэхгүй байх
📌Модон материалыг цэвэрлэхэд ашиглавал төмрийн толбо үлдээх магадлалтай учир аль болох өөр материалаар хийсэн зүлгүүр ашиглах
📌Металл зүлгүүр ч гэсэн шатах боломжтой тул шарах шүүгээ, цахилгаан зуух хэрэглэх үед хол байлгах
📌Зэвэртэл нь эсвэл үйртэл нь хэрэглэж болохгүй, хуучирсан тохиолдолд хаях шаардлагатай гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document