📌2022 оны 08 дугаар сарын 15-нд Mass нэртэй 651 мянган дагагчтай пэйжид “Сэрэмжлүүлэг: Цахилгаан дугуй унаж явсан 4 хүүхэд автомашины осолд орсон харамсалтай хэрэг гарчээ” тайлбартайгаар нэгэн иргэний сэрэмжлүүлэг бичсэн постын зургийг хавсаргасан мэдээлэл оруулсан нь 08 дугаар сарын 17-нй байдлаар 1.2 мянган реакц, 209 сэтгэгдэл авч, 212 удаа цааш түгээгдсэн байна.
📌Хасваргасан зурагт “Насанд хүрээгүй хүүхдүүддээ битгий ийм цахилгаан дугуй авч өг л дөө. Сая 2 ийм дугуйтай сундалласан 4 хүүхэд Ривергардэний уулзвараас яг миний урд хурдтай гараад явсан чинь Маршалын гэрлэн дохион дээр мөргүүлээд зам дээр 4-үүлээ энд тэнд хэвтэж байна. Бурхан минь зүрх салгалаад үнэхээр хэцүү байна. Таны үр хүүхдийн амь нас Таны гарт шүү дээ. Амь наснаас нь холуур өнгөрөөсэй” гэсэн тайлбартай, замын хөдөлгөөнд цахилгаан дугуйтай оролцож байгаа хүүхдүүдийн зураг бүхий мэдээлэл байна.
1. Зургаар хайх аргаар мэдээллийн бодит байдлыг шалгах:
📌08 дугаар сарын 16-ны 18:00 цагт Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболдтой холбогдож дээрх мэдээлэлд дурдсан зам тээврийн осол болсон эсэхийг тодрууллаа. Тэрээр, “08 дугаар сарын 14-нд Маршалын гүүрийн ойролцоо зам тээврийн осол гарсан. Гэхдээ цахилгаан дугуйтай хүүхдүүд биш, гарцаар гарч явсан насанд хүрсэн 2 иргэнийг мотоциклтэй хөдөлгөөнд оролцож байсан хүн мөргөсөн хэрэг гарсан. Цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаад сэрэмжлүүлэг хүргэх нь зөв ч үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй” гэсэн юм.
👉Мөн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасанчлан 18 нас хүрсэн, А ангиллын жолоодох эрхтэй хүн мотоцикл унаж хөдөлгөөнд оролцоно. Унадаг дугуйг 0.25 кВт хүртэлх хүчин чадалтай мотортой байж болно гэж хуульд заасан. Унадаг дугуйтай хүн явган зорчигчийн адил үүрэг хүлээнэ. Сүүлийн үед орж ирж байгаа цахилгаан дугуйны моторын хэмжээ хуульд зааснаас илүү байх тохиолдол байна. Хилээр оруулж ирж байгаа цахилгаан дугуйны моторын хүчин чадалд хяналт тавих, зохицуулах шаардлагатай” гэж нэмэлт тодруулга өгсөн юм.
3. 250W-аас доош хүчин чадалтай мотортой бол унадаг дугуй ангилалд хамаарна
📌2018 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 239 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан Замын хөдөлгөөний дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус дүрмийн:
👉1.2.24. “мопед” гэж 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25 кВт-аас 4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг;
👉1.2.25. “мотоцикл” гэж хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсхүл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг. Энд өөрийн жин нь 400 кг (ачааны зориулалттай бол 550 кг)-аас хэтрэхгүй гурван дугуйт болон мотоциклын төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна
👉1.2.37. “унадаг дугуй” гэж унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (0.25 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байж болно), хоёроос цөөнгүй дугуйтай (хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тусгасан байна.
4. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
👉Мөн дүрмийн 25-р зүйлд Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлагыг дараах байдлаар тусгажээ.
25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 📌16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараахь тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:
а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд;
б/ ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол;
в/ зохион байгуулалттай цуваагаар яваа үед.
Тайлбар: Зорчих хэсгийн захаар байрлан явахдаа зохион байгуулалттай цуваагаар яваа тохиолдолд нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэн явж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн ар араасаа цуварч явна.
☝Баталгаат эх сурвалжаас тодруулж, үнэн бодит байдлыг хангаж ажиллах нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг. Сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх нь зөв боловч мэдээллийг нягтлахгүй, баталгаат бус эх сурвалжаас түгээж байгаа мэдээллийг сошиал хаягаараа шууд хуулбарлан тавьж байгаа тохиолдол нэг биш байгаа тул олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг баримтаар шалган хүргэлээ.