Орон сууцны үнийг буулгахаар боллоо гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Орон сууцын м2-ын үнийг бууруулахад ЗГ-аас дэмжлэг үзүүлэхээр боллоо гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд 2021 оны 02 дугаар сард болж өнгөрсөн үйл явдлын тухай байсан тул энэ үеэс одоог хүртэлх хугацааг сонгож, gov.mn буюу төрийн байгууллагуудын вэбсайтад “орон сууцны үнэ бууруулах” гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд илэрц гарч ирсэнгүй.

📌2022 оны 08 дугаар сарын 14-нд Zugaatai zaluus нэртэй пэйжид “Орон сууцны үнийг буулгахаар боллоо” гэх тайлбартай xemnel.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 08 дугаар сарын 15-ны 16:00 цагийн байдлаар 1179 реакц, 244 сэтгэгдэл авч, 96 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

📌Уг холбоосоор орж үзвэл, “Орон сууцны м2-ын үнийг бууруулахад ЗГ-аас дэмжлэг үзүүлэхээр боллоо. Залуустаа сайхан мэдээ дуулгая. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ЗГ-ын бүрэлдэхүүн барилгын салбарынхантай уулзаж, орон сууцны м2-ын үнийг буулгахын тулд дараах 3 чиглэлд ЗГ-аас анхаарч ажиллахаар боллоо. Л.Оюун-Эрдэнэ орон сууцны үнэ өсөхөд дараах 3 асуудал нөлөөлж байгааг хэлсэн. Үүнд, 1. Газар үнэтэй байдаг асуудал, 2. Дулаан цахилгааны хүчин чадал, зөвшөөрөл ба түүнийг шийдэхэд тулгардаг төрийн захиргааны хүнд суртал, 3. Санхүүжилтийн асуудал.

ЗГ эдгээр асуудлыг судалж, нэгдсэн байдлаар шийдэх ажлын хэсэг гаргахаар болжээ. ЗГ барилгын газрын асуудлыг нэгдсэн байдлаар шийдэж, зураг төсөл хийх бөгөөд үндэсний барилгын компаниудтай орон сууцны м2-ын үнийг тохиролцох замаар дэд бүтэц, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Ямартай ч орон сууцны үнийг буулгана гэдэг Засгийн Газрын өмнө нь байгаагүй. Харин өнөөгийн Засгийн Газар үүнийг хийнэ гэж хэллээ. өнөөдөр жирийн иргэд орон сууцанд амьдарна гэдэг нь бараг л мөрөөдөл шахуу болоод байгаа юм” гэсэн байна.

1. Хуучирсан мэдээллийг дахин түгээж байна

📌Шалгаж буй мэдээлэлд “Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ЗГ-ын бүрэлдэхүүн барилгын салбарынхантай уулсан” тухай дурдсан. Энэ нь өнгөрсөн жил буюу 2021 оны 02 дугаар сарын 2-нд Төрийн ордонд болсон арга хэмжээний үеэр яригдсан асуудлыг дурдсан байна.
📌Тухайн үед Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ “Бүх Засгийн газрын сайн хийсэн зүйлсийг бид үргэлжлүүлээд явна. Залуус 1, 2, 3 хорооллыг барих ажлын хэсэг байгуулна. Үүнийг туршилтын хороолол болгож үзмээр байна. Метр квадрат нь ямар үнэтэй байх нь нэгдсэн журмаар явж компаниудыг урина. Үүнд төр үнээ санал болгож шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Бусад нь зах зээлийн журмаар явна. Ийм байдлаар 200 мянга орчим иргэдийг орон сууцжуулахыг оролдоно” гэж хэлж байжээ.
👉Өмнө гарсан мэдээллийг дахин түгээхдээ ижил төрийн үйл явдал болоход идэвжхүүлдэг хандлага ажиглагддаг. Энэ үзэгдлийн дагуу Ерөнхий сайд, хотын дарга нар гэр хорооллын дахин төлөвлөлттэй танилцсан ба энэ талаар мэдээлэл гаргах үед идэвхжүүлсэн байна.
📌08 дугаар сарын 14-ны Ням гарагт Засгийн газрын албан ёсны вэбсайтад “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаар тусгайлсан загвар боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг өглөө” гарчигтай мэдээ оруулсан ба уг мэдээлэлд “Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна. Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна. Тус компани 24 га талбайд “Оргил” төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Төсөл үргэлжилж, 378 айлын орон сууц нэмж ашиглалтад орно” гэж орон сууцтай холбоотой шинэ мэдээлэл хүргэсэн ч үнийн тухай огт хөндөөгүй байна.
☝Уулзалтын үеэр ч орон сууцны үнийг буулгах тухай асуудал ярилцаагүй байна.

2. Орон сууцны үнэ буулгахтай холбоотой албан ёсны шийдвэр гараагүй байна

📌Шалгаж буй мэдээлэлд 2021 оны 02 дугаар сард болж өнгөрсөн үйл явдлын тухай байсан тул энэ үеэс одоог хүртэлх хугацааг сонгож, gov.mn буюу төрийн байгууллагуудын вэбсайтад “орон сууцны үнэ бууруулах” гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд илэрц гарч ирсэнгүй.

3. Орон сууцны үнэ өссөөр байна

📌Үл хөдлөх хөрөнгө, зөвлөх үйлчилгээний салбарын тэргүүлэгч компани “Тэнхлэг зууч” ХХК-ийн статистик мэдээллээс харвал хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын мэдээллийг нэгтгэсэн ба нийслэл хотын дүүргүүдийн хэмжээнд шинэ орон сууцны дундаж үнэ мКв нь 3.4 сая төгрөг байна гэжээ. Уг судалгаанд хамгийн өндөр үнэтэй нь Сүхбаатар дүүрэгт мКв нь 4.08 сая төгрөг байгаа бол хямд нь хотын алслагдмал бүсэд мКв нь 2.1 сая төгрөгийн үнэтэй байна гэжээ.
Шалгаж буй мэдээллийг гарах үед буюу 2021 оны 02 дугаар сард нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд орон сууцны мКв-ийн дундаж үнэ 2.7 сая төгрөг байсныг “Тэнхлэг зууч”-ийн статистикээс харж болно.
📌Мөн barilga.mn сайтад 2022 оны 07 дугаар сарын байдлаарх шинэ орон сууцны ханшийн мэдээллийг гаргасан байна. Тус сайтад мэдээллээ өгсөн төслүүдээс хамгийн хямд нь “Шинэ толгойт” цогцолбор хороололд орон сууцны мКв нь 1.6 сая төгрөг бол “360 Мандала” хос цамхагт мКв нь 10.2 сая төгрөгийн үнэтэй байна гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document