Эмээлтийн махны шинжилгээний хариуд формальдегид илрээгүй гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шалгагдсан мэдээлэлд харуулсан эмээлтийн махны үйлдвэрт формальдегид илрээгүй тухай болон хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс их формальдегид илэрсэн гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэлд илэрсэн формальдегидын хэмжээг буруу тайлбарласан ба тус бодисын мах боловсруулах үйлдвэрт ашигладаг байна. Нээлттэй шинжилгээний дүнгээс үзэхэд шинжилсэн маханд нян илэрсэн нь формальдегид/формалин бодис ашиглаагүй нь илрэл юм.

📌2022 оны 6-р сарын 4-нд Turmunkh Togmid нэртэй хэрэглэгчийн хаягаар Эмээлт дэх маханд формальдегид илрээгүй гэх шинжилгээний хариуны талаар байр сууриа илэрхийлэн пост оруулсан нь 08 дугаар сарын 8-ны байдлаар 432 реакц, 16 коммент авч, 1,247 удаа цааш түгээж идэвхжүүлжээ.

📌Уг мэдээлэлд дурдсан агуулгыг сийрүүлбэл, “Лабораторын шинжилгээний хариу гарсан байна. Монгол улс өнөөдрийг хүртэл маханд формальдегид байгаа эсэхийг тодорхойлох стандартгүй юм байна. Махан дахь формальдегидыг тодорхойлох олон улсын ISO стандартыг нэн даруй орчуулж батлаад, холбогдох тоног төхөөрөмжийг суурилуулж, лабораторын шинжээчийг бэлдэж маш яаралтай дээрх болон бусад олон чухал шинжилгээг хийх ёстой юм байна гэдэг дүгнэлтэд би хувьдаа хүрч байна…ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд гэдэг хүн шинжилгээнд өгсөн махны дээжнээс 0.0008 формальдегид илэрсэн гэж өчигдөр мэдэгдсэн. 0.0008 нь 800 ppm буюу олон улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 (зуу!!!) дахин их буюу маш их гэсэн тоон утга…Ямартаа ч Стартап Праймер лаборатор стандарт бус шинжилгээ хийгээд маханд формальдегид байхгүй гэсэн албан бус хариу гаргажээ.

Манай хүрээлэнгийн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд даавуу, хувцсан дахь формальдегидыг тодорхойлох олон улсын ISO стандартыг орчуулан Стандарт хэмжилзүйн газраар 2016 онд батлуулж, 2016 оноос өнөөг хүртэл даавуу, хувцасны 438 дээжинд формальдегидын шинжилгээг хийгээд байна…” гэх мэтээр бичээд, өөрийн саналаа тусгасан байна.

👉Махан дахь формальдегидийг илрүүлэх стандарт гэж олон улсад ч байдаггүй байна
👉МХЕГ-аас махнаас бус хэрэглэж байсан нунтаг бодисоос формальдегид илэрсэн гэж мэдээлсэн
👉Маханд нян ихээр илэрсэн нь формалин байхгүйг илтгэж байна гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна

1. Формальдегид гэх бодисын тухай, судлагдсан байдлын талаар ерөнхий ойлголт:

📌Формальдегид нь өнгөгүй, хурц үнэртэй хий байдлаар оршдог бодис юм. Энэ бодис нь ургамал, хүн, амьтны биед бага хэмжээгээр байдаг бөгөөд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд янз бүрийн хэмжээгээр агуулагддаг. Европын Хүнсний Аюулгүй байдлын агентлагийн 2014 оны тайланд хүнсний бүтээгдэхүүнд байгалиасаа байдаг формальдегидын агууламжийг дараах байдлаар тодорхойлжээ.
– Мах, махан бүтээгдэхүүн 5.7 – 20 мг/кг
– Загас 6.4 – 293 мг/кг
– Сүү, сүүн бүтээгдэхүүн 0.01 – 0.80 мг/кг
– Элсэн чихэр, амч оруулагч 0.75 мг/кг
– Жимс, ногоо 6 – 35 мг/кг
– Кофе 3.4 – 16 мг/кг
– Согтууруулах ундаа 0.27 – 3.0 мг/кг
📌Формальдегид бодисыг бордоо, цаас, барилгын модон хавтан, давирхай зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг. Дээрх үйлдвэрлэлийн хэрэгцээнээс гадна формальдегидыг хүнс болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хадгалах хугацааг уртасгахад ашигладаг ба хүнсний бүтээгдэхүүнд ашиглахдаа усанд уусган “формалин” гэх уусмал болгон бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил организмуудыг устгахад ашигладаг. Мөн формальдегидыг метанол, содын борат, содын нитрит, глицерин, ус, өнгө оруулагчтай холин уусмал үүсгэн хүн, амьтны цогцос хадгалахад ашигладаг.
👉Формальдегидын уусмал буюу “формалин”-ыг олон улсад мах, махан бүтээгдэхүүнд салмонелла (Salmonella spp) зэрэг бичил биетүүд үржихээс сэргийлж, устгахад ашиглаж байсан. Гэхдээ формальдегидын хавдар үүсгэх эрсдэлээс шалтгаалан Европын Холбооны удирдлагууд малын тэжээлийн хэрэглэх хугацааг уртасгахын тулд формальдегидыг ашиглахыг хориглох талаар 2015 оноос хэлэлцэж эхэлсэн. Нөгөө талаас формальдегидыг хориглох нь малын тэжээлд салмонелла зэрэг нян үржихээс сэргийлэх ажлыг хүндрүүлэх эрсдэлтэй байгаа аж.
☝Цаашлаад формалиныг хүнсний хэрэглэх хугацааг уртасгахын тулд ашиглах нь хавдар үүсгэх эрсдэлтэй гэх шалтгаанаар 2004 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын харъяа Олон Улсын Хавдарын судалгааны агентлаг хориглосон. Мөн 1987 оноос АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг нь формальдегидыг хавдар үүсгэх эрсдэлтэй гэж тогтоон, ялангуяа ажил болон гэрийн нөхцөлд формальдегидыг бага байлгахыг зөвлөсөн байна.

2. Монгол улсад МАХАНД формальдегид тодорхойлох стандарт байхгүй нь ҮНЭН

📌2022 оны 06 дугаар 6-нд MNB сувгийн “Нээлттэй хором” нэвтрүүлгээр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн “Монгол улсад формальдегидтэй холбоотой 9 стандарт байдаг. Хүнсний салбарт формальдегидыг шинжлэх арга зүйн заавар, ямар нэгэн стандарт олон улсад байдаггүй.
👉Энэ нь нэг ёсондоо хүнсэнд энэ бүтээгдэхүүн байж болохгүй гэж байгаа юм. Олон улсад барилгын материал, хуванцар эд зүйлс, цавуу, мод модон бүтээгдэхүүн, дотор орчны агаарын стандарт гэх мэт эдгээр стандартуудыг гаргасан байдаг. Монгол улсад эндээс нутагшуулсан 9 стандарт байдаг” гэжээ.
📌Стандарт, хэмжил зүйн газрын вэбсайтаас формальдегидтэй холбоотой стандартуудыг хайж үзэхэд холбогдолтой 9 стандартын илэрц гарч ирсэн.
Үүнд хүнс цаашлаад мах, махан бүтээгдэхүүн дэх формальдегидын хэмжээг тогтоох шинжилгээний стандарт байхгүй байна.
👉08 дугаар сарын 1-ний 14:30 цагийн үед Стандарт, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Д.Даваасүрэнтэй 51-262201 дугаараар холбогдон Монгол улсад маханд формальдегид илрүүлэхэд ашигладаг стандарт байдаг эсэх талаар тодруулахад “одоогоор үүнтэй холбогдох ямар нэг стандарт байхгүй, олон улсад ч мөн стандарт байхгүй” гэх хариуг өгсөн. 👉Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Монгол улс өнөөдрийг хүртэл маханд формальдегид байгаа эсэхийг тодорхойлох стандартгүй юм байна” гэх мэдээлэл ҮНЭН байна.

3. Махан дахь формальдегид тодорхойлох олон улсын ISO стандартыг нэн даруй оруулж ирэх хэрэгтэй гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌08 дугаар сарын 4-ний 11:15 цагт ISO (International Organization for Standardization) -ийн хэмжээнд “маханд агуулагдах формальдегидын хэмжээг тодорхойлоход ашигладаг олон улсын ISO стандарт” байдаг эсэхийг тодруулахаар манай төв ISO байгууллага руу албан ёсны имэйл бичсэн.
👉ISO-ийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны мэдээллийн эксперт Жозеф Мартинез 08 дугаар сарын 4-ний 21:06 цагт бидний асуусан стандарт байхгүй гэх хариу өгсөн ба мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын жагсаалтыг явуулсан юм.
Уг жагсаалтаас харвал мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой дараах стандарт олон улсад мөрддөг байна:
– Мах, махан бүтээгдэхүүн – Үнсний хэмжээг тодорхойлох
– Нитрогений хэмжээг тогтоох (Референс арга)
– Чийгшүүлэх бодис тогтоох
– Өөхний хэмжээ тогтоох
– Чөлөөт өөх тогтоох
– Хлорид тогтоох (Волхардын арга)
– Хлорид тогтоох (Потентиометрик арга)
– pH -н хэмжээг тогтоох (Референс арга)
– Нитритийн хэмжээг тогтоох (Референс арга)
– Хидроксипролин тогтоох
– L-(+)- глутамины хүчлийн хэмжээ тогтоох (Референс арга)
– Полифосфат тогтоох
– Цардуул тогтоох (Референс арга)
– Хлорамфеникол тогтоох (Референс арга)
– Өнгө оруулагч бодис тогтоох
– Pseudomonas урьдчилсан байдлаар тоолох
– Цардуул, глукозын хэмжээ тогтоох (Энзимийн арга)
– Мах, махан бүтээгдэхүүний үгсийн сан
– Фосфорын хэмжээ тогтоох
– Исэлдсэн махан бүтээгдэхүүний ангилал
☝Олон улсад мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой эдгээр стандарт мөрдөгддөг байна. Харин махан дахь формальдегидийн хэмжээг тодорхойлсон стандарт байдаггүй аж.

4. “0.0008 нь 800 ppm буюу олон улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 (зуу!!!) дахин их” гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌Turmunkh Togmid нэртэй хэрэглэгч буюу доктор Т.Төрмөнх “Д.Баярболд гэдэг хүн шинжилгээнд өгсөн махны дээжнээс 0.0008 формальдегид илэрсэн гэж өчигдөр мэдэгдсэн. 0.0008 нь 800 ppm буюу олон улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 (зуу!!!) дахин их буюу маш их гэсэн тоон утга” гэж оруулжээ.
👉Энэ мэдээллээр хайж үзэхэд 06 дугаар сарын 3-нд Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд zarig.mn сайтад ярилцлага өгөхдөө
📌“Тухайн маханд хийж байсан крахмал буюу цардуулын асуудал мөн яригдаж байна. Шинжилгээний хүрээнд формальдегид илэрсэн гэсэн 0.800 (нойл мянганы найман зуу) үзүүлэлттэй гарсан. Хүнсний бүтээгдэхүүнд формальдегид агуулагдах ёсгүй. Тэр битгий хэл барьж хэрэглэдэг хүүхдийн тоглоомонд хүртэл байх ёсгүй гэж нормчилдог. Тухайн бодисыг олон дахин, удаан хэрэглэвэл хүнд хавдар үүсгэх өндөр эсрдэлтэй байдаг. Тухайн хяналт шалгалтын дүнг эцэслэж бидэнд ирүүлээгүй байгаа учраас норм хэмжээтэй харьцуулж үнэлгээ, дүгнэлт өгөх хараахан болоогүй” гэжээ.
📌Энд НЭМГ-ын дарга Д.Баярболд хэмжих нэгжийг дурдаагүй. Харин доктор Т.Төрмөнх постдоо “ppm” буюу “parts per million” гэсэн нэгж рүү шилжүүлсэн ба бутархайн орон андуурч буулгасан алдаа гаргасан байна.
👉Энэ алдаанаас үүдэж, мэдээллийг төөрөгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 0.0008 гэдэг нь ppm хэмжих нэгж рүү шилжихдээ 800 ppm болох боломжгүй юм. Мөн дээр дурдсанчлан олон улсад махан дахь формальдегидыг хэмжих стандарт гэж байхгүй бөгөөд шалгаж буй постод “олон улсын стандартаас 100 дахин их” гэсэн нь төөрөгдүүлсэн мэдээлэл байна.

✒️НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

1. Нунтаг цагаан бодисын шинжилгээнд формальдегид 0.845 миллиграмм/дециметр куб хэмжээтэй илэрсэн гэх мэдээллийн тухайд:

📌“Эм Ди Си Пи” компанийн хэрэглэж байсан гэх нунтаг цагаан бодист Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ) шинжилгээ хийсэн ба тус байгууллагын техникийн инженер Б.Арвинтулга дээрх бодист /маханд биш!/ “цардуулын агууламж 92.5% байсан ба формальдегид 0.845 миллиграмм/дециметр куб хэмжээтэй илэрсэн” гэж мэдэгдсэн.
📌Мөн энэ тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 05-р сарын 26-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр нунтаг цагаан бодисын шинжилгээний дүнг танилцуулахдаа формальдегид илэрсэн тухай мэдээлсэн. Дээр дурдсан формальдегидын хэмжээг уусмалын нэгж рүү шилжүүлбэл 0.845 мг/литр хэмжээтэй болох юм. (0.845 мг/литр=0.845 ppm).
👉АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын агентлагийн журмын дагуу ажлын орчинд формальдегид өдрийн 8 цагийн турш 0.75 ppm-ээс дээш хэмжээнд хүрч болохгүй байхаар тусгагдсан байдаг. Мөн уух усанд өдөрт 10 мг/литрээс хэтрэхгүй байхад аюулгүй гэж АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг журамласан байна.

2. Маханд дахь нян 27 дахин их илэрсэн гэх мэдээллийн тухайд:

👉Харин “Эм Ди Си Пи” компаний маханд формальдегид бус нян зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин илэрсэнийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Ө.Гэрэлмаа мэдэгдсэн.
📌Тус лаборатори нь формальдегид илрүүлэх шинжилгээний чадавхигүй гэж Ө.Гэрэлмаа бидэнд мэдээлсэн бөгөөд тус лабораторийн чадавхийн дагуу нянгийн шинжилгээ хийсэн. Тэрээр 06 дугаар сарын 6-нд MNB сувгийн “Нээлттэй хором” нэвтрүүлгээр “тус байгууллагад ирүүлсэн “Эм Ди Си Пи” компанийн махны дээжээс 05 дугаар сарын 19-нд гарсан хариуны дагуу нянгийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин хэтэрсэн, гэдэсний бүлгийн нян илэрсэн…
Манайд “Эм Ди Си Пи” компанийн махнаас 6 төрлийн дээж ирсэн.
– Гулууз мах, сэврээсэн мах,
– усанд сойсон мах, усанд сойж гаргасан мах,
– бодистой усанд сойсон мах,
– бодистой холигчоос гаргасан мах,
– боловсруулсан хөлдүү хаяг шошгогүй,
– боловсруулсан хөлдүү хаяг шошготой гэсэн 6 төрлийн махны дээж ирсэн.
☝Бүгдэд нь нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байсан…
Формалиныг нянг үхүүлэх зорилгоор хэрэглэдэг. Гэтэл эдгээр махнаас нян асар их тоогоор илэрч байна гэдэг нь формалин байхгүй байх, формалинтай усанд сойгоогүй байх магадлалтай гэсэн үг” гэж мэдэгдсэн.
👉Мөн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд тус нэвтрүүлгийн үеэр Ө.Гэрэлмаагийн дүгнэлтийг дэмжин “Тухайн байгууллага буюу “Эм Ди Си Пи” компани эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэл явуулаагүй нь Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн шалгалтаар тогтоогдож байна.… Шинжилсэн махнуудад формальдегид илрээгүй байна… Мөн нянгийн тоо ийм өндөр байна гэдэг нь халдваргүйжүүлэлтэд хэрэглэдэг формалин гэдэг бодис энэ маханд байхгүй гэдгийг нотолж байна. Хүнсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнд эргэлзээгүй явах нь зүйтэй” гэсэн юм.
👉Доктор Т.Төрмөнхийн постдоо эшилсэн Гарааны Праймер – Махны судалгаа хөгжүүлэлтийн лабораторийн махны 2 дээжинд хийсэн шинжилгээний дүнгээр Salmonella spp, Aeromonas hydrophila, Pseudomonas spp зэрэг нянгууд илэрсэн гэж дүгнэсэн.
📌Тус лабораторийн шинжилгээнд оролцсон доктор С.Лхагвасүрэнтэй 08 дугаар сарын 10-ний 10:30 цагийн үед холбогдон шинжилгээний талаар мэдээлэл авахыг хүссэн. Тэрээр бидэнд энэ талаар мэдээлэхдээ “neguun.mn сайтын хүмүүсийн авчирсан “хортой”, “формалинтай” гэх махны дээжүүдийг шинжилсэн. Хэдийгээр дээжийг стандарт бусаар авчирсан ч формалин байвал нян ургахгүй гэх шалтгаанаар ямар ч байсан нөхцлийг нь үзье гэж шинжилсэн” гэж хэлсэн ба “Нээлттэй хором” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн дүгнэлтээ сануулж дээр дурдсан “нянгууд илэрч байна гэдэг нь формалин холиогүйн илрэл” гэж дүгнэж болохоо илэрхийлсэн.
👉Мөн тэрээр Монголд маханд формальдегид илрүүлэх стандарт байдаггүй учир Монголд мөрдөгддөг MNS 6239 стандарт буюу “Хуванцар болон нийлэг материал, цаасан сав, баглаа боодол, хүүхдийн тоглоомд формальдегид тодорхойлох спектрофотометрийн арга”-ыг туршилтын зорилгоор ашиглан шинжилгээ хийсэн боловч илрээгүй гэдгийг мэдэгдсэн.

3. Шууд бичлэгт гарсан үйлдвэрийн байранд байсан нунтаг цагаан бодисын тухайд:

👉2022 оны 05-р сарын 10-нд neguun.mn вэб сайт өөрсдийн фэйсбүүк хуусдаараа Эмээлт дэх “Эм Ди Си Пи” махны үйлдвэр “хортой бодис” ашиглан мах боловсруулж буй тухай мэдээллийг хүргэсэн. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт эхлүүлж үйлдвэрт байсан цагаан нунтаг бодис, махан бүтээгдэхүүнүүдийг шинжилсэн тухай мэдээллийг дээр хүргэсэн.
📌ХАБҮЛЛ нунтаг цагаан бодисыг шинжилж үзэн формальдегид гэх бодис илэрсэн гэсэн дүгнэлт гаргасан нь олон нийтийн дунд “хортой бодис” маханд ашигласан гэсэн мэдээлэл тархахад хүргэсэн. Тэгвэл энэ бодис нь ямар төрлийн юунд зориулсан бодис болохыг дараах байдлаар нягталлаа.
👉“Эм Ди Си Пи” компанид шалгалт явуулсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэсийн байцаагч Б.Мөнхдэлгэрээс 08-р сарын 10-ны 07:10 цагийн үед шинжилгээ, шалгалтын дүнд цагаан нунтаг бодис нь ямар нэртэй бодис болохыг тогтоосон эсэх талаар тодруулахад ““Аквасорб” гэх нэртэй бодис болох нь тогтоогдсон” гэх хариу өгсөн.
📌“Аквасорб”-ыг хүнсний бүтээгдэхүүний чийгийг хадгалах зорилгоор ашигладаг бөгөөд мах боловсруулах үйлдвэр үүнийг махны чанарыг алдагдуулахгүй байхын тулд хэрэглэдэг байна.
👉Мөн бид neguun.mn сайтын шууд сурвалжлагаар үл мэдэгдэх гэх бодисын шуудайн дээрх шошгоны зургийг авч, бүтээгдэхүүний нэрийг (复合保水剂) Google-д хайж үзэхэд “Аквасорб”-той ижил төрлийн буюу махны чийг, чанарыг хадгалах, жин нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг бодис болох тухай илэрц гарч ирсэн.
👉Цаашлаад тус бодисын үйлдвэрлэгчийг Хятадын бөөний худалдааны Алибаба вэбсайтаас олсон (桥西区品恒食品经营部) бөгөөд төрөл бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зардаг тухай мэдээлэл байсан. Алибаба сайтаар дамжуулан тухайн үйлдвэрийн төлөөлөгчөөс neguun.mn сайтын шууд бичлэгийн үеэр гаргасан шошгыг үзүүлж мэдээлэл хүсэхэд “Ковидоос өмнө үйлдвэрлэж байсан, одоо үйлдвэрлэхээ больсон бүтээгдэхүүн” болохыг хэлж өгсөн юм.
📌Тус бодисын шошго дээр үйлдвэрлэсэн хугацааг (生产日期) нь 2019 оны 07 дугаар сарын 26 гэж тэмдэглэсэн ба хэрэглэх хугацааг “2 жил” (保质期:二年) гэсэн байв. Энэ нь “хугацаа нь дууссан бодис олдсон” гэх байцаагч Б.Мөнхдэлгэрийн бидэнд өгсөн мэдээлэл болон МХЕГ-ын хэвлэлийн хурлын үеэр хийсэн мэдэгдэлтэй таарч байгаа юм.
👉Мах боловсруулах үйлдвэр нь ямар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээсээ хамаарч физик ба химийн гэсэн хоёр үндсэн төрлийн үйлдвэрлэлийн технологийг ашиглаж болдог. Физик арга гэдэгт махыг хатаах, жигнэх өндөр даралтын арга зэрэг багтдаг бол химийн арга нь махны амт, чанарыг сайжруулж, өөрчлөх зорилгоор тодорхой бодисуудыг ашиглан хатаах, исэлдүүлэх, дэвтээх гэх мэт аргууд байдаг. Цаашлаад махны хадгалалтын хугацааг уртасгахын тулд физик болон химийн технологиудыг ашиглаж болдог байна.
☝Одоогийн байдлаар тус бодис илэрсэн үйлдвэр болох “Эм Ди Си Пи” компанид эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа гэж МХЕГ болон Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлээд байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээлэл www.facebook.com
  2. Европын Хүнсний Аюулгүй байдлын агентлагийн Хүний биеэнд агуулагддаг формальдегид болон хүнсэнд агуулагддаг формальдегидын хэмжээг харьцуулсан судалгааны тайлан efsa.onlinelibrary.wiley.com
  3. АНУ-ын Халдварт өвчний хяналтын төвийн (CDC) вэб сайт дахь формальдегидын тухай мэдээлэл www.cdc.gov
  4. Формальдегидыг цогцос хадгалах уусмалд ашигладаг тухай өгүүлэл www.sciencedirect.com
  5. Формальдегидыг малын тэжээлд ашигладаг тухай мэдээлэл www.feednavigator.com
  6. Газар тариалангийн салбарын хүнсний сүлжээн дэх формальдегид тодорхойлох аргын тухай судалгааны өгүүлэл www.mdpi.com
  7. АНУ-ын Хавдар судлалын институтийн вэб сайт дахь формальдегидын тухай мэдээлэл www.cancer.gov
  8. Neguun.mn вэб сайтын “хортой мах”-ны тухай шууд дамжуулалт www.facebook.com
  9. “Аквасорб” бодисын тухай мэдээлэл ingredients-food.ru 
  10. “Эм Ди Си Пи” компаний үйлдвэрт байсан бодисны тухай мэдээлэл patents.google.com
  11. Мах боловсруулах, хадгалах хугацааг уртасгах үйлдвэрлэлийн технологийн тухай өгүүлэл www.mdpi.com
  12. Нээлттэй хором нэвтрүүлэг www.youtube.com 
  13. Стандарт, хэмжил зүйн газрын вэб сайт дахь формальдегидтэй холбоотой стандартууд estandard.gov.mn
  14. ISO-ын мэдээллийн эксперт Жозеф Мартинезын Linkedin танилцуулга www.linkedin.com 
  15. ISO-оос илгээсэн мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой стандарт www.iso.org 
  16. ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболдын zarig.mn-д өгсөн ярилцлага www.zarig.mn
  17. МХЕГ-ын хэвлэлийн хурлын мэдээ inspection.gov.mn 
  18. Миллиграм/литр-ээс ppm-рүү шилжүүлэх арга www.unitconverters.net
  19. Формальдегидын тухай АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын байгууллага болон Байгаль хамгаалах агентлагын журам www.atsdr.cdc.gov 
  20. MNS 6239 стандарт estandard.gov.mn
  21. Улсын Ерөнхий Прокурорын газраас “Эм Ди Си Пи” компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл www.news.mn

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document