Файзер вакцин нь Ковидын вирусийн BA4, BA5 хувилбарт үйлчлэхгүй, сармистай сүү вакцинаас дээр гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Файзер вакцин нь ковидын эсрэг вакцин учир омикрон хувилбарт үйлчлэхгүй,саримстай сүү уусан нь илүү дээр гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын эсрэг дархлаа тогтоох вакцинууд нь “өвөг коронавирусийн хувилбар дээр зохиогдсон болохоор вакцин нь Омикрон хувилбарын эсрэг ямар ч үйлчилгээгүй” гэдэг нь худал юм. ДЭМБ “Цар тахлын үед саримс хэрэглэснээр коронавирусээс хамгаалсан гэх тохиолдол бүртгэгдээгүй байна” хэмээн мэдээлжээ.

📌2022 оны 07 дугаар сарын 23-нд “Эх орончдоо дэмжье” нэртэй Facebook хуудсанд “Файзер вакцин омикрон хувилбарт үйлчлэхгүй, саримстай сүү дээр” гэсэн утгатай мэдээллийг нүдний шилтэй эрэгтэй хүний зургийн хамт нийтэлсэн нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний байдлаар 683 реакц, 50 сэтгэгдэл авч, 356 удаа цааш түгээсэн байна.

📌Уг постод: “Хүний эх эмч И. ЦЭРЭНХҮҮ: Монголчууд минь ээ! Одоо хүүхдүүдэд шахах гэж байгаа Пфaйзер вакцин бол ковидын эсрэг вакцин БА4;5 бол ковидын омог биш омикрон томууны вирус Пфайзер түй ч үйлчилгээгүй Сармистай сүү 1000 дахин дээр шүү!” гэжээ.

📌Постын агуулгаар хайж үзэхэд шалгаж буй постод ашигласан зурагтай Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч 2022 оны 07 дугаар сарын 22-нд дээрх утгатай пост оруулсан байх ба 08 дугаар сарын 11-ны байдлаар эх пост нь 1,387 реакц, 83 сэтгэгдэл авч, 569 удаа цааш түгээсэн байна.

Шалгаж буй мэдээлэлд Tserenkhuu Ishtseden хэрэглэгчийн постыг хуваалцахдаа “Хүний эх эмч И.Цэрэнхүү” гэсэн нэрийг эх сурвалж болгон тавьжээ.

1. BA4, BA5 нь ковидын омог биш омикрон томууны вирус гэх мэдээлэл ХУДАЛ

👉Ковид-19 өвчний SARS-CoV-2 вирусийн ВА4 болон BA5 хувилбаруудын талаар 2022 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биоанагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор Т. Хонгорзулаас тодруулахад:
📌“BA4 болон BA5 нь Ковид өвчнийг үүсгэгч коронавирусийн Омикрон хувилбарын дэд хэлбэрүүд юм. Коронавирусийн Омикрон хувилбар анх 2021 оны 11 сард мэдэгдсэнээс хойш дотроо хэд хэдэн дэд хувилбарыг үүсгээд байгаа. Дэлхий нийтээр эдгээр хувилбарыг нэгдсэн байдлаар нэрлэж байна. Өөрөөр хэлбэл гадаадад, дотоодын ангилал ижил нэршлээр явж байна.
📌Ковид өвчнийг SARS-CoV-2 вирус үүсгэдэг бол томууг инфлюэнза вирус үүсгэдэг. Ялгаатай вирус, ялгаатай өвчин, ялгаатай вакцинтай” гэсэн болно.
👉2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллага Омикроны BA4 болон BA5 хувилбаруудыг “Ажиглах” зэрэглэлээс “Анхаарах” зэрэглэл рүү шилжүүлж, маргааш нь буюу 05 дугаар сарын 13-нд мэдэгдэл хийсэн байдаг. Уг мэдэгдэлд:
📌“2022 оны 01 болон 02 дугаар сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад BA4, BA5 хувилбарууд анх илэрсэн. Вакцинжуулалтад хамрагдсан болон тусаад эдгэсэн хүмүүст бэхэжсэн дархлаа сулрах үед BA4, BA5 хувилбар илүү тархаж байна.
📌BA1 хувилбараар өвчлөн эдгэсэн хүний дархлаа BA4, BA5 хувилбаруудаас хангалттай хамгаалж чадахгүй байна. Ялангуяа вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн шинэ хувилбараар өвчлөх магадлал вакцин хийлгэсэн хүмүүсээс илүү өндөр байгаа. Вакцин хийлгэсэн хүмүүсийн дундах өвчлөл улам хүчтэй тархвал хоёр дахь нэмэлт тунг эхлүүлнэ” гэжээ.
👉Ковидын хувилбарууд болон дэд хувилбаруудын талаарх мэдээллийг ДЭМБ-ын вэбсайтын Ковидын хувилбаруудыг тандах хэсгээс авах боломжтой. ДЭМБ-ын вэбсайтад байршсан ковидын вирусийн хувилбаруудыг ажиглах ёстой ангиллаас анхаарах ёстой ангилалд шилжүүлэн зарласныг үзвэл:
*Альфа хувилбар – 2020 оны 12 дугаар сарын 18
*Бета хувилбар – 2020 оны 12 дугаар сарын 18
*Гамма хувилбар – 2021 оны 01 дүгээр сарын 11
*Делта хувилбар – 2021 оны 05 дугаар сарын 11
*Омикрон хувилбар – 2021 оны 11 дүгээр сарын 16-д тус тус зарлажээ.
📌Омикрон хувилбаруудын дэд хувилбаруудын бүртгэгдсэн байдал нь:
“BA2.12.1” 2021 оны 12 дугаар сар
“BA4” 2022 оны 01 дүгээр сар
“BA5” 2022 оны 01 дүгээр сар
“ВА2.75” 2022 оны 05 дугаар сард тус, тус бүртгэгдсэн байна.

2. Файзер вакцин нь BA4, BA5 дэд хувилбаруудаас хамгаалахгүй гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

👉Бид энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор МУИС-ийн Биологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Лхагвасүрэнтэй холбогдож дараах мэдээллийг авлаа.
📌“Судлаачдын үзэж байгаагаар SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын эсрэг дархлаа тогтоох вакцинууд нь “өвөг коронавирусийн хувилбар дээр зохиогдсон болохоор вакцин нь Омикрон хувилбарын эсрэг ямар ч үйлчилгээгүй” гэдэг нь худал юм.
📌Хүүхдийг Файзер вакцинаар дархлаажуулахад Омикрон хувилбарын халдварт өртөхөөс
-5-11 насны хүүхдүүд 31%,
-12-15 насны хүүхдүүд 59%-иар хамгаалагдаж байгаа гэх сүүлийн үеийн судалгаа гарсан байна. Вакцин хийлгэсэн хүүхдүүдийн зарим нь халдварт өртөж байгаа ч эмнэлэгт хэвттэлээ хүндрэх эрсдэлээс 73-94% хамгаалж байгаа тоо баримт ч байна.
📌Хүмүүс уг вирусийн халдварыг аваад өвчлөөд эдгэрсний дараа дархлаатай болох боломж бий. Гэхдээ өвдөх үед хүний биед яаж хүндрэх, ямар гэмтэл учруулах талаар таахад үнэхээр бэрх буюу эрсдэл маш өндөр.
📌Вакцин нь урьдчилан сэргийлэх арга болохоос эмчилгээ биш. Бие организмыг “мимикээр өвчлүүлэн” дархлааны системийг уг өвчний эсрэг тэмцэх мэдээлэл, арга, зэвсгийг боловсруулахад вакцин хэрэгтэй. Вакцин хийлгэснээр зарим тохиолдолд хүмүүст хүнд хариу урвал илрэх боломжтой боловч энэ нь өвчин биш учраас удаан үргэлжлэхгүй, мөн эрхтэн тогтолцоонд учруулах хор уршиг нь асар бага байдаг.
📌Гэвч хүн бүрийн онцлог өөр байдаг учраас хэнд ямар хариу урвал үзүүлэхийг бүрэн урьдчилан хэлэх боломжгүй. Гэхдээ файзерийн вакцины улмаас нас барах эрсдэл нь маш бага” гэсэн юм.
👉Доктор Д.Лхагвасүрэнгийн эш татсан “Коронавирусийн нөхцөл байдлын улирлын” тайлан 2022 оны 03 дугаар сарын 4-нд болон 03 дугаар сарын 18-нд АНУ Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудсанд нийтлэгдсэн байна.
📌Файзер вакцинтай холбоотой үхэл эндэгдэл бага гэх мэдээлэлэл анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн дунд хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг болох Lancet сэтгүүлийн 2022 оны 06 дугаар сарын 1-ний дугаарт АНУ Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн COVID-19 хариуцсан судалгааны багийн судлаач, доктор Ханна Розэнблум, судлаач Жан Би Чен нарын тэргүүтэй эрдэмтдийн “Вакцины гаж нөлөө илрүүлэг” тайлангаас эш татжээ.
👉Lancet сэтгүүлд нийтлэгдсэн тухайн судалгааны ажилд “АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвд 2021 оны эхний 6 сарын байдлаар бүртгэгдсэн 340,000 вакцины гаж нөлөө илэрсэн тохиолдлуудын 92% нь хөнгөн хэлбэрийн буюу хэсэг хугацаанд толгой өвдөх, ядрах зэрэг шинж тэмдгүүд байсан. Хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн 22,000 тохиолдлын хамгийн нийтлэг шинж тэмдэг нь амьсгал давчдах байсан ба бүртгэгдсэн 4,500 үхлийн 80% нь 60-аас дээш насны иргэд байсан” гэдгийг дурджээ.

3. Саримстай сүү 1000 дахин дээр гэх мэдээлэл БАТЛАГДААГҮЙ

👉Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэг саримсны талаар дараах мэдээллийг өглөө.
📌“Саримсыг микроб, халдварт өвчин, хавдар, бактерийн эсрэг өндөр идэвхтэй учраас шинжлэх ухаан олон зуун жилийн турш судалж буй. Шинэ саримсыг зүсэх, бяцлах үед үүсэх хүхэрт нэгдлүүдийн нэг болох аллицин нь хүний биед ач тустай. Ковидын эмчилгээнд саримсыг ашиглах зарим туршилтууд олон улсад хийгдэж байна.
📌Гэвч иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Саримс дархлааны системийн ерөнхий үйл ажиллагааг дэмждэг гэдэг нь Ковидын вирусээс хамгаална гэсэн үг биш.
📌Вакцин болон саримсны үйлчилгээг хооронд нь харьцуулах боломжгүй, өөр өөр байдлаар биед нөлөөлнө. Насанд хүрсэн хүн өдрийн хэрэгцээндээ 3-6 гр буюу 1-2 хумс хэрэглэвэл зохилтой. Үүнээс хэтэрвэл зарим хүмүүст тааламжгүй нөлөө үзүүлэх тохиолдол бий” хэмээн дурдсан юм.
👉Ковид болон саримстай холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл олон улсад ч мөн тархдаг ба уг асуудалтай холбоотой мэдээ Washington Post сонины вэбсайтад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орсныг дор хавсаргав.
📌“Саримсны халдварт өвчний эсрэг өндөр идэвхтэй байдлыг судлах ажлууд хийгдсээр байна. Тэр тусмаа энгийн ханиад болон ХДХВ-ийн үед дархлааг дэмжих чиглэлээр голчлон судлагдаж байгаа. Гэсэн хэдий ч саримс нь ковидын вирусээс хамгаалах, өвчилсөн тохиолдолд эдгээх үйлчилгээтэй гэдгийг нотлоогүй байна. Уг асуудлаар ДЭМБ “Цар тахлын үед саримс хэрэглэснээр коронавирусээс хамгаалсан гэх тохиолдол бүртгэгдээгүй байна” хэмээн мэдээлжээ” гэсэн байна.

4. “Хүний их эмч И. Цэрэнхүү” гэх мэдээлэл ХУДАЛ

👉Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч буюу судлаач, нийтлэлч гэх нэрээр мэдээллийн хэрэгслүүдээр үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн И.Цэрэнхүү нь sonin.mn сайтад “Зохиогчийн булан” цэсэнд нийтлэлээ оруулдаг байна. Түүний танилцуулгад “Москвад Плехановын нэрэмжит УАААДС, Польш улсад Иридологийн институт дүүргэсэн. Одоо Австри улсад Уламжлалт эмнэлгийн чиглэлээр хувийн фирм эрхэлдэг. Социологич, нийтлэлч” гэсэн байна.
📌Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаар тушаалийн хоёрдугаар хавсралт болох “Хүний их эмчийн хөгжлийн загвар”-т хүний их эмч мэргэжлийг эзэмших шалгууруудыг тодорхойлжээ.
Тус хавсралтын 1 дугаар бүлгийн 2, 3 дугаар зүйлд:
📌Хүний их эмчийн сургалт нь 6 жилийн хугацаатай, 180 багц цагийн багтаамжтай байна.
📌Багц цаг хангаж, төгсөлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд “Хүний их эмч” мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй төгсөнө” гэж тусгажээ. Тиймээс И.Цэрэнхүү нийтлэлчийг “хүний их эмч” гэж тодорхойлох боломжгүй.
👉Танилцуулгад дурдагдсан “иридологи” нь нүдний солонгон бүрхэвчээр дамжуулан хүний эрүүл мэндийг оношилдог алтернатив анагаах ухааны нэг төрөл юм. Гэвч олон улсад иридологийг оношилгооны найдвартай арга гэж үздэггүй байна.
📌Герман улсад 1956 онд 1000 гаруй хүний нүдний солонгон бүрхэвчийн зургийг ашиглан судалгаа явуулахад иридологи нь оношлогооны найдвартай арга биш гэх дүгнэлт гарсан.
📌Их Британийн эрүүл мэндийн зөвлөлийн сэтгүүлд нийтлэгдсэн 1988 оны судалгааны ажилд цөсний чулуугаар өвчилж цөс авах мэс ажилбарт орсон 39 өвчтөн, мөн цөсний өвчлөлгүй ижил тооны хүмүүсийг олонлог болгон эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай байгаа эсэхийг 5 бүлэг иридологичдоор оношлуулахад мөн л туршилт амжилтгүй болжээ.
📌Австрали улсын засгийн газрын Эрүүл мэндийн яамны 2015 онд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөх боломжтой алтернатив анагаах ухааны үйлчилгээ байгаа эсэхийг судалсан бөгөөд “шинжлэх ухааны бодит нотолгоо сул” гэх ангилалд багтсан 17 үйлчилгээний нэгээр иридологи нэрлэгдсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. “Эх орончдоо дэмжье” хуудсанд оруулсан пост /Шалгасан мэдээлэл/ www.facebook.com
  2. Tserenkhuu Ishtseden хэрэглэгчийн анх нийтэлсэн пост /Шалгасан мэдээлэл/ www.facebook.com
  3. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 14-ний 168 дугаар тушаал moh.gov.mn
  4. Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллагын мэдэгдэл www.ecdc.europa.eu
  5. 1956 онд Германд хийгдсэн судалгаа www.worldcat.org
  6. Их Британийн эрүүл мэндийн зөвлөлийн сэтгүүлд нийтлэгдсэн 1988 оны туршилтын үр дүн www.ncbi.nlm.nih.gov
  7. Австрали улсын Эрүүл мэндийн яамны 2015 оны мэдэгдэл web.archive.org
  8. ДЭМБ Sars-Cov-02 хувилбаруудын мэдээлэл www.who.int
  9. АНУ Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн 5-11 насны хүүхдийн өвчлөлтэй холбоотой тайлан www.cdc.gov
  10. АНУ Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн 5-11 насны хүүхдийн өвчний хүндрэлтэй холбоотой тайлан www.cdc.gov
  11. Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажил www.thelancet.com
  12. Washington Post сонины вэбсайтад байршсан мэдээлэл www.washingtonpost.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document