Муураас хүнд мөөгөнцөр халдварласан гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Муураас хүнд мөөгөнцөр халдварлажээ гэх мэдээллийг зургийн хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтийн албан ёсны цахим хуудаст “…Мөөгөнцөртэй хүн ба мал амьтанд хүрэх, хазуулах, маажуулах тохиолдолд халдвар дамждаг бөгөөд ямар ч хүн мөөгөнцрөөр өвдөх боломжтой.” Гэж дурдсан байна. Гэвч мэдээлэлд хавсаргасан зураг дээр харагдаж буй тууралт нь муураас хүнд халдварласан мөөгөнцөр биш.

📌2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Ард түмний мэдээ” нэртэй хуудас “Муурнаас хүнд халдварладаг мөөгөнцөр гэнэ ээ” гэх тайлбартай постыг, бага насны хүүхдийн бие дээрх тууралтын зургийн хамт нийтэлсэн нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны байдлаар 228 реакц, 390 сэтгэгдэл авч, 1274 удаа цааш түгжээ.

📌Уг мэдээлэлд “Муурны мөөгөнцөр гээд байх юм. Ингэж гардаг юм уу?” гэх асуултыг, тууралт гарсан хүүхдийн зургийн хамт “Монголын муур сонирхогчдын нэгдсэн групп”-т Н.Ундрал нэртэй өөр нэгэн хэрэглэгчийн оруулсан постыг скрийншот болгон ашигласан нь төөрөгдүүлсэн шинжтэй байна.

1. Муурын мөөгөнцөр хүнд халдварлах боломжтой

👉Муурын мөөгөнцрийн талаар АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтийн цахим хуудсанд байршсан мэдээллээс та бүхэнд хүргэе.

📌“Ringworm мөөгөнцрийн халдвараар хүн ба мал амьтны арьс, үс, хумс өвчилдөг. Мөөгөнцөртэй хүн ба мал амьтанд хүрэх, хазуулах, маажуулах тохиолдолд халдвар дамждаг бөгөөд ямар ч хүн мөөгөнцрөөр өвдөх боломжтой. Зарим муурын мөөгөнцөр нүдэнд ил үзэгдэхээр байдаггүй ч чих, нүүр, хөл хэсгээр нь хайрстай эсвэл хагарсан арьс байвал мөөгөнцрийн шинж тэмдэг байж болзошгүй. Зулзаган муурууд мөөгөнцөрт илүү өртөмтгий байдаг. Мөөгөнцрийн халдвар авсан хүний биеийн аль нэг хэсгийн арьс улайх, хагарах, загатнах зэрэг өөрчлөлтүүд орох боломжтой бөгөөд хамгийн гол шинж тэмдэг нь цагариг хэлбэрийн үлд туурна. Ringworm үүсгэдэг 3 төрлийн мөөгөнцөр байх ба тэдгээр нь Microsporum canis, Trichophyton, Epidermorphyton юм” гэжээ.

2. Зураг дээрх тууралт нь муурын мөөгөнцөр гэсэн нь ХУДАЛ

👉Бид уг асуудлын талаар “Жонон” мал эмнэлэг болон Арьсны өвчин судлалын үндэсний төвтэй холбогдож мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан болно.

“Жонон” мал эмнэлгийн Мал амьтны их эмч Ж. Мөнхбаатартай 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр холбогдоход:

📌“Тэжээж байгаа амьтных нь мөөгөнцрөөр халдварласан эзэдтэй их таардаг. Зарим тохиолдолд мөөгөнцөр хүний биед халдварласан ч шинж тэмдэг үзүүлэхгүй байх тохиолдол бий.

👉Харин арьсны шинж тэмдэг илрэх тохиолдолд үлд маягийн тойрог үүсгэдэг, зураг дээрх байдлаар илэрдэггүй” гэж бидэнд мэдээлэв.

📌Арьс өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээний гоо засал болон арьсны мэс заслын их эмч Д. Сүхболд:

👉“Зураг дээр харагдаж байгаа тууралт бол муураас хүнд халдварладаг мөөгөнцөр биш.

Мөөгөнцрийн үлд ийм байдлаар илрэхгүй. Харин ойрын үед элбэг байгаа арьсны идээт үрэвсэл байх магадлал маш өндөр байна. Арьсны идээт үрэвслийн гол үүсгүүр нь нян, бактери ба бохирдсон гол ус, хөрс, хог хаягдал зэргээс уг халдварыг авч болно. Ялангуяа бага насны хүүхдүүд дархлаа суларсан үед уг үрэвслээр үрэвсэх хандлагатай байдаг. Арьсны идээт үрэвсэл муур, мал амьтнаас хүнд халдварлах тохиолдол маш ховор. Харин эсрэгээрээ хүн хооронд, гэр бүлийн гишүүдээс нэг нэгэндээ халдах байдал нь их” гэж бидний тодруулгад хариу өглөө.

📌Нэмэлт мэдээлэл

📎Мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн муурын мөөгөнцөр буюу Ringworm-оос урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

Мөөгөнцрийн халдвараас сэргийлэхийн тулд хүн:

– Муур болон тэжээвэр амьтандаа хүрсний дараа гараа савандаж угаах

-Мөөгөнцөртэй амьтантай хүрэлцэх тохиолдолд заавал резин бээлий өмсөх, дараа нь гараа угаах

-Мөөгөнцөртэй амьтны хэвтэр, тогтмол суудаг газруудын тоосыг соруулах

-Мөөгөнцөртэй амьтны байсан хэсэг газрыг ариутгагчаар арчиж, ариутгах / гэрийн нөхцөлд 1 л усанд 15 мл хлорын ариутгагч найруулан уусмалыг ашиглаж болно/

-Дархлаа сул, дархлаа дарангуйлах эмчилгээ, хавдрын эмчилгээ, ХДХВ/ДОХ-ын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс болон жирэмсэн, хөхүүл ээжүүд мөөгөнцөртэй амьтантай хүрэлцэхээс зайлсхийх шаардлагатай.

📎Мөөгөнцрийн халдвараас сэргийлэхийн тулд мал, амьтанд:

-Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мал эмчид хандан эмчилгээг эхлүүлэх

-Бусад гэрийн тэжээвэр амьтдаа бүгдийг нь үзлэгт хамруулах ёстой.

📎Нэгэнт мөөгөнцрөөр өвчилсөн тохиолдолд

-Арьсаа байнга цэвэрлэж, хуурай байлгах

-Хэсгийн арьсыг хуурайшуулах тосон түрхлэг ашиглах

-Мөөгөнцөр бүрэн эдгэтэл өдөр болгон өмссөн хувцас болон хэрэглэсэн ор хөнжлийн даавууг угаах шаардлагатай.

Монгол Улсын Арьс, өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны тайлангаар бүх төрлийн мөөгөнцрөөс үүдэлтэй арьсны өвчлөлийн 105 тохиолдол бүртгэгдсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document