Pfizer тэргүүтэй mRNA вакцинууд эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй байгааг нотолсон гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ковидийн вакцинууд эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй байгааг судалгаагаар нотолсон. Вакцин хийлгэсний дараа дархлаа унаж, мэдрэл муудах, зүрх судасны өвчин тусах, саажилт, элэгний өвчлөл, хавдрын өвчлөл нэмэгдэж байна.

Баримт шалгалтын үр дүн

мРНХ вакцин нь вакцин үйлдвэрлэлийн салбарт 30 жилийн өмнөөс нэвтэрч, судлагдаж ирсэн бөгөөд бусад төрлийн вакцинтай харьцуулахад хамгийн үр нөлөөтэй байгаа талаар судалгааны бүтээлүүд гарсаар байна. Мөн эш татсан судалгааг эрдэм шинжилгээний хэд хэдэн ноцтой алдаа гаргасан гэж салбарын эрдэмтэд үзжээ.

📌2022 оны 07 дугаар сарын 25-нд “Saagii Saak” нэртэй хэрэглэгч “Pfizer тэргүүтэй mRNA вакцинууд эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй байгааг нотолсон” гэсэн тайлбартай мэдээллийг, мөн 2022 оны 6 сард нийтлэгдсэн судалгааны ажлыг эш татан, зургийн хамт оруулсан нь 08 дугаар сарын 5-ны байдлаар 65 реакц, 3 сэтгэгдэл авч, 152 удаа цааш түгээсэн байна.

Уг постод “Pfizer тэргүүтэй mRNA вакцинууд эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй байгааг нотолсон маш чухал эрдэм шинжилгээний өгүүллэг Хүнс, Химийн Хорт чанарын Судлал (Food and Chemical Toxicology) сэтгүүлд 2022 оны 6 сард нийтлэгджээ. АНУ-ын 3, Грекийн 1 эрдэмтэн хамтран хийсэн “мРНХ вакцинууд төрөлх дархлааг дарангуйлж буй тухай” (энгийнээр хэлбэл дархлаа унагаж буй тухай) хэмээх энэ судалгааг Тайваний компани санхүүжүүлсэн байна. Гол зүйл нь эрдэмтдийн олсон олдворууд нь хэвлэл мэдээллээр вакцины давуу, сайн талыг сурталчилж байгаатай эрс зөрөлдсөн байна. Товч: Вакцинд үзүүлж буй хүний биеийн хариу урвал Ковид ханиаданд үзүүлж буй биеийн реакцаас огт өөр байна! (вакцин, ханиад хоёр хоёр өөр зүйл болоод байна.) Вакцинаас болж үүсэж буй хадаасан уураг нь мэдрэлийг хордуулж, ДНХ-ийн өөрийгөө засварлах механизмийг доголдуулж байна. I төрлийн интерферон ялгарлыг вакцин дарангуйлснаас болж хүний төрөлх дархлаа доголдож байна. мРНХ вакцинууд халдварт өвчин, хорт хавдарт эмзэг болж, тусах магадлалыг нэмэгдүүлж байна. Вакцин тариулсны дараа мэдрэл муудах, зүрхний өвчин тусах, дархлааны тромбоцитопени, саажилт, элэгний өвчлөл, хавдрын өвчлөл нэмэгдэж буй шалтгаант холбоо оршиж байж болзошгүй. Вакцин халдвар цааш тараалтыг зогсоохгүй байна. Зүгээр л халдвар авсан хүнд илрэх симптом/шинж тэмдгийг л зөөлрүүлж байна. Вакцинаар үүсэх дархлаа нь 3-10 долоо хоногт алга болж байна. Ийм байхад ийм вакциныг тарих хэрэг байна уу гэсэн асуудал тавигдана. Цаашдын үр дагавар нь тооцоолохын аргагүй байна. Эрсдэл/ач тусын үнэлгээг хийж үзээд эцэст нь дүгнэхэд мРНХ вакцинууд олон нийтийн эрүүл мэндэд эерэг үр дүн авчирч байна гэж дүгнэх аргагүй байна. Судалгааны линкийг нь оруулахаар Фэйсбүүк элдэв юм асууж, хааж боочих гээд байгаа тул линк оруулсангүй. Гарчгаар нь Google-ээс хайхад гараад ирнэ. Энэ судалгааг төрийн байгууллагынханд сайн үзүүлж, судлуулмаар байна” гэжээ.

👉мРНХ (mRNA) вакцин гэж юу вэ? Матрицийн РибоНуклейн Хүчил дээр суурилсан вакцин нь вирусийн уургийн мэдээллээр дамжуулан дархлааг өдөөж, вирусийг эсэргүүцэх устгагч эсүүдийг ажиллагаанд оруулах үүрэгтэй вакцин юм. мРНХ вакцин нь вакцин үйлдвэрлэлийн салбарт 30 жилийн өмнөөс нэвтэрч, судлагдаж ирсэн бөгөөд бусад төрлийн вакцинтай харьцуулахад хамгийн үр нөлөөтэй байгаа талаар судалгааны бүтээлүүд гарсаар байна.

1. Мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаягт шинжилгээ хийлээ

📌Хэрэглэгчийн хаяг 2021 оны 4 сарын 25-нд анх пост оруулсан, түүнээс хойш 2021 оны 2 сарын 11-с эхлэн вакцин, ковид, хөл хориотой холбоотой агуулгуудыг онцлон хуваалцаж, нийтэлж иржээ.
📌Хэрэглэгчийн нүүр зурагт ашигласан зургийг Google reverse image search tool ашиглан хайхад фото зурагчид бүтээлүүдээ төлбөртэй байршуулдаг iStockphoto.com сайтад 2016 оны 09 сарын 8-нд “Өмнөд Солонгосын Сөүл хотод дүрслэгдсэн солонгос залуугийн зураг” тайлбартайгаар Лео Патриц нэртэй зурагчны оруулсан зураг байна. Уг зургийг ашигласан цахим сайтуудаас мөн үнэгүй татах боломжтой байна.
📌Танилцуулга хэсэгтээ хавсаргасан telegram линкээр орж үзэхэд олон улсад үүсээд буй цэргийн ажиллагаа, ковид, ковидын вакцинтай холбоотой асуудлыг сурталчилсан агуулгуудыг голчлон нийтэлсэн байна.

2. Эш татсан судалгааг эрдэм шинжилгээний хэд хэдэн ноцтой алдаа гаргасан гэж салбарын эрдэмтэд үзжээ

📌Шалгаж буй мэдээлэлд 2022 оны 06 дугаар сарын 22-нд АНУ Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн (NCBI) цахим сайтад байршсан “мРНХ вакцинууд төрөлх дархлааг дарангуйлж буй тухай” хэмээх судалгаанаас эш татан оруулсан.
NCBI-ийн “Public Med Central” буюу бусад эрдэм шинжилгээний сэтгүүлийн бүтээлээ нийтлүүлдэг архив хэсэгт уг судалгаа байршсан байна.
📌Судалгааны ажлыг анх нийтэлсэн “Хүнс, Химийн хорт чанарын судлал” цахим сэтгүүлийг Elsevier хэвлэлийн компаниас эрхлэн гаргадаг ба “Elsevier хэвлэлийг вакциныг эсэргүүцэх хөдөлгөөнийг санхүүжүүлдэг, “Хүнс, Химийн хорт чанар судлал” сэтгүүлийн ахлах редактороор ажилладаг Майкл Ашнер нь вакциныг эсэргүүцэх хөдөлгөөний томоохон төлөөлөгчдийн нэг” хэмээн Дюсселдорфийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн доктор, шинжлэх ухааны чиглэлээр мэдээлэл бэлтгэн гаргадаг Леонид Шнейдэр өөрийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны нийтлэлдээ шүүмжилсэн байна. Леонид Шнейдэр мөн нийтлэлдээ “Энэ судалгаа нь Peer-review /урьдчилсан хянан магадлагаа болох мэргэжлийн эрдэмтэд шүүмж өгөх процесс/ өрнөөгүй, эрдэм шинжилгээний хэд хэдэн ноцтой алдаа гаргасан ажил болно. Үндэслэл хоорондын хамаарал /корреляц/ бараг үгүй бөгөөд хий хоосон төсөөлөл дээр суурилсан шинжтэй. Судалгааны ажлын төгсгөл хэсэгт “Нийтийн эрүүл мэндийн салбар болон эрдэмтэд яагаад уг судалгааны ажил худал болохыг тайлбарлах ёстой” гэх утгатай өгүүлбэр байх бөгөөд энэ нь судалгааны ажлаа нотлох, шалгах, баталгаажуулах үүргээ өөрсдөдөө бус бусдад тулгаж буй логик алдаа юм” гэж дурджээ.
📌Одоогийн байдлаар “мРНХ вакцинууд төрөлх дархлааг дарангуйлж буй тухай” судалгааны ажлыг Биотехнологи мэдээллийн үндэсний төвийн сайт дээр 5 удаа, Elsevier-ийн “Хүнс ба Химийн хор судлал” сэтгүүлээс 2 удаа эш татсан байна.
Нийтлэлийг хэвлэхээс өмнө буюу 2022 оны 02 дугаар сард сэтгүүлийн ерөнхий редактор, Химийн хор судлалын профессор Хосе Луиз Доминго “Шинжлэх ухааны судалгааг онцгой ашиг сонирхолтой хольж хутгасанд урам хугарч байна” хэмээн “Хүнс ба химийн хор судлал” сэтгүүлийн цахим хуудсанд байр сууриа илэрхийлсэн байна.

3. Судалгааны ажлыг Тайванийн компани санхүүжүүлсэн гэх тухайд

Уг судалгааны ажлыг санхүүжүүлсэн Quanta Computers корпораци нь Тайванд үйл ажиллагаа явуулдаг зөөврийн компьютер, электрон төхөөрөмжийн үйлдвэрлэл, үүлэн технологийн хөгжүүлэлт явуулдаг бөгөөд өөрсдийн Qmulus эрүүл мэндийн салбарын цахим хөгжлийг дэмжих төслийнхөө хүрээнд санхүүжүүлснийг “Хүнс ба химийн хор судлал” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажлын тайланд тэмдэглэжээ.

☝Мэдээллийн агуулгад хийсэн шинжилгээ:

1. “Вакцинд үзүүлж буй хүний биеийн хариу урвал ковид ханиаданд үзүүлж буй биеийн реакцаас огт өөр байна” гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌Уг мэдээллийн тухай 2022 оны 03 дугаар сарын 1-нд Дублины Тринити коллежийн Неврологи судлалын хүрээлэнгийн судлаач Жэймс Шагрү болон Биохими, Дархлаа судлалын сургуулийн профессор Клиона О’Фаррэли нарын сэтгэгдлийг Стратеги Диалогийн Хүрээлэнгийн цахим сайтад нийтлэхдээ:
“Хүний биеийн дархлааны систем угаас вакцинд байгаа өдөөгч болон ковидын жинхэнэ вирус хоёрт ялгаатай байдлаар хариу урвал үзүүлдэг. Дархлаа судлалын эрдэмтэд мРНХ вакцин нь ковидын вирустэй ижил хариу урвал үзүүлэх ёстой гэж нэг ч удаа мэдэгдээгүй болно. Харин ч өөр, өөр байдлаар реакцлах нь байх ёстой үзэгдэл” гэсэн байна.
👉Ковидын мРНХ вакцин хэрхэн үйлчилдэг талаар АНУ-ын Өвчлөлийг хянах төвийн цахим хуудсанд 2022 оны 07 дугаар сарын 20-нд шинэчлэгдсэн нийтлэлд дараах агуулгыг тусгажээ.
📌Юун түрүүнд мРНХ яаж ажилладгийг тайлбарлахаас өмнө бидний дархлааны систем вируст хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг талаар мэдэх нь зүйтэй.
* Макрофаг – Биед нэвтэрсэн өвчин үүсгэгч болон үхсэн эсүүдийг хүрээлэн авч цэвэрлэгээ хийдэг залгигч цагаан эс.
* Антиген – Бие махбодид орж өөрийн эсрэг биеийг үүсгэж түүнтэйгээ нэгдэх шинжтэй гадны цочруулагч. Бидний бие махбод антигенүүдийг устгахын тулд эсрэг биетүүдийг идэвхжилд оруулдаг.
* Цусны B эс – Макрофа буюу цагаан эсийн үлдээсэн вирусийн үлдэгдлүүдийг устгах эсрэг биетүүдийг үйлдвэрлэдэг.
* Цусны T эс – Биед байгаа аль хэдийнээ вирус болон нянгийн халдвараар өвчилсөн болон үхсэн эсүүдийг залгина. Аливаа өвчнөөр анх удаа өвчилсний дараа бидний бие тухайн үед ажиллагаанд орсон Т эсүүдээс зарим хэсгийг нь авч үлддэг бөгөөд эдгээр эсүүд аль хэдийнээ вирусийг таньсан учраас дараагийн удаа вирус орж ирэхэд түргэн хариу үйлдэл үзүүлдэг.
📌Вакцин хийлгэснээс үүдэн бие 1-2 хоногийн турш ядрах, толгой өвдөх, бие зарайх зэрэг шинж тэмгүүд илэрч болно.
📌мРНХ вакцин нь өвчин үүсгэгч ковидын вирусийн мэдээллийг агуулсан байдаг бөгөөд тухайн мэдээллээр дамжуулан дархлааны эсүүдэд вирусийн эсрэг онцгой уураг нийлэгжүүлэх боломж олгоно. Дархлааны эсүүд уургийг боловсруулсны дараа вакцинд байгаа бусад генетикийн материалыг устгадаг. Нийлэгжсэн уургийг таньж, хүний биед байх ёсгүй гэх мэдээллийг дархлааны эсүүд авсны дараа T ба B эсүүдийг идэвхжүүлж ирээдүйд вирус биед орж ирсэн тохиолдолд түргэн идэвхжих бэлэн байдалд оруулдаг..

2. “Вакцинаас болж үүсэж буй хадаасан уураг нь мэдрэлийг хордуулж, ДНХ-ийн өөрийгөө засварлах механизмийг доголдуулж байна. I төрлийн интерферон ялгарлыг вакцин дарангуйлснаас болж хүний төрөлх дархлаа доголдож байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ

📌2022 оны 04 дүгээр сарын 21-нд “Covid19 Data Science” вэбсайтад Пенсилванийн их сургуулийн биостатистикийн профессор Жэффри Моррис уг дүгнэлтийг үндэслэлгүй гаргаж ирсэн болохыг дурджээ.
📌“I төрлийн интерферон ялгарал дарангуйлагдсан нь ковидын вакцин бус ковидын вирусээс үүддэг. Ковидоор өвчлөөд эдгэсэн хүмүүст хийсэн судалгаагаа ковидын вакцин дээр хийсэн мэт худал мэдүүлсэн байна. Цаашилбал, хадаасан уураг нь мэдрэлийг хордуулж байгаагаа анозми буюу амт, үнэрээ алдах байдалтай холбож буй нь буруу. Учир нь вакцинаас бус ковид туссанаас болж амт, үнэрээ алддаг болсныг олон нийт мэддэг болсон” гэжээ.
📌Ковидын үеэр бид яагаад үнэрлэх мэдрэмжээ алддаг талаар Америкийн химийн нийгэмлэгийн 2021 оны 10 сарын 20-нд нийтлэгдсэн судалгааны ажлаас эш татан хүргэе. “Судалгаанд хамрагдсан SARS-CoV-2 вирусээр өвчилсөн өвчтөнүүдийн 53% нь үнэрлэх мэдрэмжээ алдсан. Судалгаанаас үзэхэд хамрын хөндийд байрлах салст шингэний давст ионуудыг тэнцвэржүүлдэг туслах эсүүд нь SARS-CoV-2 вируст өртсөн тохиолдолд хамрын хөндийн мэдрэлийн эсүүд их хэмжээний дархлааны эсүүдийг хамрын хөндийрүү илгээдэг. Хамрын хөндийн мэдрэлийн эсүүд тархи руу дохио илгээхэд туслах эсүүд чухал үүрэгтэй. Дархлааны эсүүдийн хэт бөөгнөрөл үүссэн тохиолдолд хамрын хөндийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж туслах эсүүд үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог байна”

3. “мРНХ вакцинууд халдварт өвчин, хорт хавдарт эмзэг болж, тусах магадлалыг нэмэгдүүлж байна. Вакцин тариулсны дараа мэдрэл муудах, зүрхний өвчин тусах, дархлааны тромбоцитопени, саажилт, элэгний өвчлөл, хавдрын өвчлөл нэмэгдэж буй шалтгаант холбоо оршиж байж болзошгүй” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ

📌“Судалгааны ажилд дурдагдсан олонлог болох дээр дурдагдсан өвчнүүдээр өвчилсөн хүмүүсийн вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг судалгааны ажилд хавсаргаагүй нь учир дутагдалтай.
📌Мөн шинж тэмдгүүдийг ковидын вакцин бус өөр өвчнүүдэд ашигладаг вакцинуудтай холбосон.
📌мРНХ вакциныг дурдсан хэсгүүд нь ковидын мРНХ вакцин гэхээс илүүтэй өмнөх үеийн мРНХ технологийн гаж нөлөөтэй хамруулан судалсан нь шинжлэх ухааны хувьд үндэслэлгүйг илтгэж байна” хэмээн мөн Жеффри Моррисийн эш татсан нийтлэлд шүүмжилжээ.

4. “Вакцинаар үүсэх дархлаа нь 3-10 долоо хоногт алга болж байна” гэх мэдээлэл ХУДАЛ

📌Вакцинаар дархлаа тогтож буйг уг мэдээлэл хүлээн зөвшөөрч буй хэдий ч вакцинаар үүссэн дархлаа хэдий хугацаанд хамгаалахыг худал мэдээлжээ. 194 орон гишүүнээр элсэн орсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вэбсайтын ковидтой холбоотой зөвлөмж хэсэгт “Ковидын вакцин хийлгэсэн хүмүүс хүнд хэлбэрийн Ковидын өвчлөлөөс дор хаяж 6 сарын турш хамгаалагдана” гэжээ.

5. “Эрсдэл/ач тусын үнэлгээг хийж үзээд эцэст нь дүгнэхэд мРНХ вакцинууд олон нийтийн эрүүл мэндэд эерэг үр дүн авчирч байна гэж дүгнэх аргагүй байна” гэх мэдээлэл ХУДАЛ

📌2021 оны 12 сарын 1-нд Харвардын Нийтийн эрүүл мэндийн сургуулийн цахим сэтгүүлд байршсан судалгааны үр дүнгээс харахад мРНХ вакцин хийлгэсэн 439,684 хүний дунд альфа хувилбар хүчтэй тархсан 24 долоо хоногийн турш халдвар тусах эрсдэл 1000 хүн тутамд 5.1, делта вирус давамгай тархсан 12 долоо хоногийн үед халдварт өртөх эрсдэл 1000 хүн тутамд 6.5 байснаас вакцины үр дүн эерэг байгааг та бүхэн харах боломжтой. Economist сэтгүүлийн 2022 оны 07 сарын 13-ны мэдээллээр Пфайзер вакцин нь 6 сая хүнийг, Модерна вакцин нь 2,2 сая хүнийг өвчний хүндрэл, эндэгдлээс хамгаалсан гэх тооцоо гарсан байна.

6. Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллага шалгаж үндэслэлгүй болохыг тогтоосон

📌Elsevier хэвлэлийн сайтад байх уг судалгааны эх хувилбарыг Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ээр баталгаажсан гишүүн болох “Lead Stories” сайтын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны баримт шалгалтаар үндэслэлгүй болохыг тогтоосон байна. “Lead Stories” сайтын баримт шалгалтад судалгааны ажлыг боловсруулсан эрдэмтдийн талаар дурдсаныг та бүхэнд хүргэе.
📌“Судалгааны ажлыг ахалж, нийтлэлийг бичсэн Петр Маккалоу нь АНУ-ын Бэйлорын их сургуулийн Эрүүл мэндийн төвийн зүрхний эмч бөгөөд вакцин судлал эсвэл дурхлаа судлалаар мэргэшээгүй. Мөн вакцины талаар ташаа мэдээлэл тарааснаасаа болж ажлаасаа халагдсан байна. Боловсруулсан ажил нь сургуулийн нэр хүндэд халтай байсан тул түүнээс сая гаруй ам.долларын хохирол нэхэмжилж шүүхэд ханджээ.
📌Массачусетсийн их сургуулийн ахлах судлаач Стефани Синэфф нь уг судалгааны ажлын багийн гишүүн бөгөөд анагаах ухааны талаар мэргэшил эзэмшээгүй, компьютерийн технологич мэргэжилтэй юм. Түүний өмнө нь нийтлүүлсэн Covid-19-тэй холбоотой мөн глютентэй холбоотой хоёр ч судалгааг “Lead Stories” сайтаас худал болохыг тогтоосон байна” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээлэл www.facebook.com
  2. Шалгасан нийтлэлд дурдсан судалгааны ажил pubmed.ncbi.nlm.nih.gov
  3. Шалгасан нийтлэлд дурдсан судалгааны ажлын бүрэн хувилбар, Pub Med Central архивт нийтлэгдсэн байдал www.ncbi.nlm.nih.gov
  4. Пост оруулсан хэрэглэгчийн нүүр зурагтаа ашигласан зураг www.istockphoto.com
  5. АНУ Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн PubMed Central архивд бүртгэлтэй сэтгүүлүүдийн жагсаалт www.ncbi.nlm.nih.gov
  6. Хүнс ба Химийн хор судлал сэтгүүлийн цахим хуудас www.sciencedirect.com
  7. Хүнс ба Химийн хор судлал сэтгүүлийн “мРНХ вакцинууд төрөлх дархлааг дарангуйлж буй тухай” эрдэм шинжилгээний ажлын нийтлэл www.sciencedirect.com
  8. АНУ Өвчний хяналтын төвийн нийтлэл www.cdc.gov
  9. Elsevier хүрээлэнгийн талаарх Леонид Шнейдэрийн нийтлэл www.forbetterscience.com
  10. Хүнс ба Химийн хор судлал сэтгүүлд илэрхийлсэн Хосе Луис Домингогийн байр суурь www.sciencedirect.com
  11. Quanta Computer корпорацийн цахим хуудас www.quantatw.com
  12. Qmulus төслийн талаарх мэдээлэл mic.iii.org.tw
  13. Америкийн химийн нийгэмлэгийн судалгааны ажил www.ncbi.nlm.nih.gov
  14. мРНХ вакцин хэрхэн ажилладаг вэ? www.cdc.gov
  15. Дублины Тринити Коллежийн эрдэмтдийн яриаг эш татсан нийтлэл www.isdglobal.org
  16. Пенсилваний их сургуулийн эрдэмтэн Жэффри Моррисын шүүмж www.covid-datascience.com
  17. мРНХ вакцины халдвараас хамгаалах хугацаа www.verywellhealth.com
  18. АНУ Өвчний хяналтын төвийн 2021 онд хийгдсэн судалгаа Interim Estimates of Vaccine Effectiveness of BNT162b2 and mRNA-1273 COVID-19 Vaccines in Preventing SARS-CoV-2 Infection Among Health Care Personnel, First Responders, and Other Essential and Frontline Workers — Eight U.S. Locations, December 2020–March 2021 | MMWR www.cdc.gov
  19. ДЭМБ-ын ковидтой холбоотой зөвлөмж, мэдээлэл www.who.int
  20. Харвардын их сургуулийн мРНХ вакцины үр ашгийн тооцоолол www.hsph.harvard.edu
  21. Economist сэтгүүлийн нийтлэл www.economist.com
  22. Lead Stories сайтаас хийсэн баримт шалгалт www.leadstories.com 
  23. Петер Маккалоу шүүхэд дуудагдсан тухай мэдээ www.wfaa.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document