1. Мэдээлэл оруулсан хаягийг шинээр нээсэн байна
📌Хандив хүссэн постуудад холбоо барих дугаар оруулаагүй нь хуурамч байж болзошгүй гэж үзэх анхдагч шалтгаан болдог. Хэрэв үнэхээр хүнд байдалд орж, хандив хүссэн бол эцэг эх, асран хамгаалагчид нь өөрсдөө зургаа ил тавьж, олон нийтийн сүлжээгээр ярилцлага өгч, олон хүнд хүргэхийг эрмэлздэг.
📌Шалгаж буй мэдээлэлд хүүхдийн зураг оруулснаас өөрөөр хандив хүсэгч этгээдийн дансны дугаараас өөр мэдээлэл байхгүй байна.
📌Мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаяг нь 69 дагагчтай, дээрх мэдээлэлд оруулсан 4 зургаас өөр зураг олон нийтийн тохиргоотой оруулаагүй зэрэг нь шинээр нээсэн хаяг байх магадлалтайг илтгэж байна.
2. Зургаар хайлт хийхэд Истанбулын “Акибадем” эмнэлгийн өрөө гарч ирсэн
📌Шалгаж буй мэдээллийн зургаар хайлт хийж үзэхэд google-д илэрц гарч ирсэнгүй. Тиймээс yandex.ru сайтад ахисан түвшний хайлт хийж үзлээ. Мэдээлэлд хавсаргасан хүүхдийн зургийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн олон өнгийг оруулан будсан ханыг онцлон хайлт хийж үзэхэд “Даръя Видеркер” нэртэй Instagram хэрэглэгчийн хаягаар постолсон зурагтай ижил эмчилгээний өрөө бүхий зургийн илэрц гарч ирлээ. Тус хаягт шинжилгээ хийж, постолсон агуулгуудаас эмнэлгийн дүгнэлтийг онцолж харахад Туркийн Истанбул дахь “Акибадем” нэртэй эмнэлгийнх байв.
📌Шалгаж буй мэдээлэлд “охин нь 2 долоо хоногийн өмнө гэнэт өвдөж эмнэлгийн хамааралтай болсон” гэж байгаа тул энэ хугацаанд хүүхэд Истанбулын эмнэлэгт хэвтэж, эмчилгээг эхлүүлсэн байх боломж хомс бөгөөд ийм агуулга өгч дурдаагүй байна.
👉Тиймээс хандив хүссэн дээрх мэдээлэл худал гэж үзэх үндэслэлтэй.
ЖИЧ: Хуурамч мэдээлэлд ашигласан зургийн жинхэнэ эзэн, түүний эцэг эх, асран хамгаалагчаас хүлцэл өчье. Ийм төрлийн залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж, хариуцлага хүлээж эхлээд байгааг дурдъя.