📌2022 оны 8 сарын 2-ны 23:55 цагт “Bolod Mn” нэртэй Facebook хуудсанд “ШУУРХАЙ: Хятадууд гал нээж эхэлжээ” гэх тайлбартай, дүрс бичлэг оруулсан байна. 2022 оны 8 сарын 3-ны өдрийн 13:30 цагийн байдлаар 1.06к реакц, 196 сэтгэгдэл, 909 удаа цааш түгсэн байна. Бичлэг 12 секундын хугацаатай үргэлжлэх бөгөөд цэргийн зэвсэг ашиглан гал нээж байгаа дүрс агуулагдсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. БНХАУ-д биш Тайваньд 2020 онд хийсэн далайн эргийн сургуулилтын үеийн бичлэг
📌Бичлэгийн 0:08 секундэд тусаж буй мопед унасан иргэн, суудлын тэргийг агуулсан дүрсийг Google reverse image search хийж хайхад “БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми нь АНУ-ын Төлөөлөгчийн танхимын спикер Нэнси Пэлосигийн Тайвань дахь айлчлалыг эсэргүүцэн гал нээлээ” гэх тайлбартай бичлэгүүд Twitter сүлжээнд байршсан илэрцүүд гарч ирэв.
👉Уг бичлэг нь БНХАУ-д биш Тайваньд 2020 онд хийсэн далайн эргийн сургуулилтын үеийн бичлэг бөгөөд бичлэгтэй холбоотой Бүгд Найрамдах Франц Улсын төрийн өмчит France24 олон улсын сувгийн цахим хуудсанд 2022 оны 8 сарын 1-ны 16:14 цагт нийтлэгдсэн баримт шалгалтыг эш татсныг та бүхэнд хүргэе:
📌“2022 оны эхээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пэлоси Тайваньд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь Бээжингээс хүчтэй шүүмжлэл дагуулсан. Спикер Пэлоси ковидоор өвчилсөнтэй холбоотойгоор айлчлал хойшилсноор тухайн үед Тайваний хоолойд үүсээд байсан улс төрийн хурцадмал нөхцөл байдал намжсан ч энэ 8 сарын 1-нд Сингапураас эхлэх айлчлалаа зарласан нь байдлыг буцаад дэврээлээ.
АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтан Тайваньд айлчлал хийж БНХАУ-ын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд халдахыг зөвшөөрөхгүй хэмээн Бээжингээс сануулсан.
📌7 сарын 30-нд Нэнси Пэлоси айлчлалаа эхлүүлснээс хойш цахим орчинд БНХАУ Фужянь мужийн эргээс Тайвань руу гал нээж байна гэх бичлэг түгээд байна. Бичлэгийг хуваалцаж байгаа хэрэглэгчид спам шинжтэй байх бөгөөд уг бичлэгийг анх нийтэлсэн хэрэглэгчийн коммент хэсэгт өөр нэгэн хэрэглэгч тухайн бичлэгийн эх сурвалжийг байршуулжээ.
👉Шалгаад үзвэл бичлэг 2020 онд БНХАУ-ын Weibo сүлжээнд байршсан байх ба галыг Тайваний зүгээс тэнгисийн сургуулилт хийх зорилгоор нээсэн аж. Уг сургуулилт Тайваний Мацу арал дээр өрнөсөн болно. Бичлэгийг олон талаас нь авсан учраас олон төрлийн бичлэг тархсан ба Тайваний төрийн өмчит Залуусын өдөр тутмын сонинд мэдээлснээр 2020 оны 11 сарын 7-нд уг үйл явдал болж өнгөрчээ” гэсэн байна.