5-11 насны вакцин хийлгээгүй хүүхдийг сургуульд авахгүй гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 07 дугаар сарын 25-нд Zuvlukh Uugan нэртэй 34 мянган дагагчтай пэйжид “5-11 насны вакцин хийлгээгүй хүүхдийг сургуульд авахгүй” гарчигтай, zuvlukh.com домайн нэртэй сайтын холбоосыг оруулсан нь 26-ны байдлаар Facebook платформд нийт 2357 удаагийн хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна. Нийт 18 пэйжээр хуваалцсан нь цаашаагаа 129 шэйр, 895 реакц, 1333 сэтгэгдэл авч түгжээ.

Баримт шалгалтын үр дүн

📌2022 оны 07 дугаар сарын 25-нд Zuvlukh Uugan нэртэй 34 мянган дагагчтай пэйжид “5-11 насны вакцин хийлгээгүй хүүхдийг сургуульд авахгүй” гарчигтай, zuvlukh.com домайн нэртэй сайтын холбоосыг оруулсан нь 26-ны байдлаар Facebook платформд нийт 2357 удаагийн хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна. Нийт 18 пэйжээр хуваалцсан нь цаашаагаа 129 шэйр, 895 реакц, 1333 сэтгэгдэл авч түгжээ. 📌Мөн 07 дугаар сарын 30-ны өдөр Ардын мэдээ / Social Суваг нэртэй пэйжид “5-11 насны вакцин хийлгээгүй хүүхдийг сургуульд авахгүй” гарчигтай, smartbox.mn домайн нэртэй сайтын холбоосыг хуваалцсан нь 08 дугаар сарын 3-ны байдлаар 151 реакц, 272 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2.1 мянган удаа цааш түгээсэн байна. 📌Уг холбоосоор мэдээлэл рүү орж үзэхэд 7-р сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ээс хийсэн цаг үеийн мэдээллийн агуулга байх бөгөөд гарчигт дурдсан “5-11 насны вакцин хийлгээгүй хүүхдийг сургуульд авахгүй” гэх өгүүлбэр байхгүй байна.

1. 5-11 настай хүүхдэд хийх Ковидын вакциныг сайн дурын үндсэн дээр эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хийнэ

📌2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн сайдын “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг “Комирнэти” (BNT162b2) вакцинаар дархлаажуулах тухай” А/378 дугаартай тушаал гарсан.
👉Уг тушаалын 1-р хэсэгт “Пфайзер-БиоН’Тех” үйлдвэрийн “Комирнэти” (BNT162b2) хүүхдийн вакцинаар зааврын дагуу, сайн дурын үндсэн дээр эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 5-11 настай хүүхдийг хоорондоо нэг сарын зайтай 2 тунгаар вакцинжуулах арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулсугай” гэсэн байна.
📌Уг тушаалын хавсралтаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг “Комирнэти” (BNT162b2) хүүхдийн вакциныг хийхэд 5-11 настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас авах зөвшөөрлийн хуудсыг баталсан.
👉Зөвшөөрлийн хуудсын 2-р хэсэг- “Коминэрти вакцины талаарх мэдээлэл” хэсэгт
📌“ХБНГУ-ын Пфайзер-БиоН’Тех үйлдвэрийн коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг “Комирнэти” вакциныг Монгол Улсын Хүний эмийн бүртгэлд яаралтай үед ашиглах горимоор 2022 оны 07 дугаар сарын 7-ны өдөр бүртгэсэн. Коминэрти вакциныг 1 сарын зайтай 2 удаа булчинд тарьж хэрэглэнэ. Вакцины дараа дархлаа тогтох явц нь тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаалдаг тул уг вакцин нь коронавирусийн халдвараас хүн бүрийг хамгаалахгүй байж болно” гээд вакцин хийлгэсний дараа зонхилон тохиолддог, 2-3 өдрийн дараа хэвийн байдалд ордог хөнгөн урвалыг тоочжээ. /зургаас харна уу/

2. Зөвшөөрлийг 1, 2-р тун хийх болгонд буюу 2 удаа эцэг эх, асран хамгаалагчаас авна.

📌Зөвшөөрлийн хуудсын 3-р хэсэг Вакцинжуулах зөвшөөрөл-д,
“Би энэхүү таниулсан зөвшөөрлийн 2-р хэсэгт байгаа ХБНГУ-ын Пфайзер-БиоН’Тех үйлдвэрийн коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг “Комирнэти” вакцины тухай мэдээллийг уншиж танилцлаа. Би дараах зүйлийг ойлгож зөвшөөрч байна” гээд,
1. Би энэхүү зөвшөөрлийн хуудас дээрх мэдээллийг уншиж танилцсан.
2. Би нэр дурдсан хүүхдийг вакцинжуулалтад хамруулахыг зөвшөөрөх хууль ёсны эрхтэй асран хамгаалагч мөн.
3. Би нэр дурдсан хүүхдийг вакцин хийлгэхэд нь хамт явах шаардлагагүй гэж үүгээр мэдэгдэж байна. Энэхүү зөвшөөрлийг өгснөөр манай хүүхэд вакцин хийлгэхдээ насанд хүрсэн асран хамгаалагчтайгаа хамт явж байгаа эсэхээс үл хамааран Пфайзер-БиоН’Тех үйлдвэрийн “Комирнэти” вакциныг тариулж болно.
4. Би нэр дурдсан хүүхдийг вакцин хийлгэхэд нь дагалдах яваагүй тохиодолд энэ зөвшөөрлийн хуудсыг урьдчилсан байдлаар бөглөж өгнө.
5. Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу дархлаажуулалтын тухай бүх мэдээллийг Эрүүл мэндийн яаманд тайлагнах болно гэдгийг би ойлгож байна” гэсэн 5 зүйлийг дурджээ.
📌Түүнчлэн,
“Би энэ маягтын 3 дугаар хэсэгт орсон мэдээлэлтэй танилцан, хянаж, энэ маягтын 1 дүгээр хэсэгт нэр дурдсан хүүхдийг Пфайзер-БиоН’Тех үйлдвэрийн “Комирнэти” вакцины 1-р тунд хамруулахыг ЗӨВШӨӨРЧ байна. (Хэрвээ зөвшөөрч гарын үсэг зурж, огноо тавьж буцааж өгөөгүй тохиолдолд хүүхдэд вакцин хийхгүй.)” гэдгийг онцлон дурдаж өгжээ.
👉Мөн хүүхдийг 2-р тунд хамруулах бол дахин Зөвшөөрлийн хуудсыг бөглүүлэх ба уг хуудаст “Комирнэти” вакцины 2-р тунд хамруулахыг ЗӨВШӨӨРЧ байна” гэж тусгайлан заасан байна.

3. Сайн дурын даржлаажуулалтын төлбөрийг иргэн өөрөө хариуцахаар хуульд заасан боловч Ковид-19 халдвараас сэргийлэх сайн дурын вакцины төлбөрийг төр хариуцна

📌2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг “сайн дурын дархлаажуулалт” гэж ойлгох ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар халдварт өвчний эрсдэл ихтэй орон нутаг, улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн дархлаажуулах бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж, хэрэглэж болно. Энэ тохиолдолд тарилгын төлбөрийг иргэн хариуцна” гэжээ.
👉Коронавируст халдвар Ковид-19-ийн вакциныг үнэ төлбөргүй хийх талаар хууль болон холбогдох журамд тусгайлан зохицуулж, нэмэлтээр оруулсан зүйл байхгүй.
📌Харин 2011 оны 05 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.4-т “нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцна” гэж заасан ерөнхий зохицуулалтыг баримталж, коронавируст халдвар Ковид-19-ийн вакциныг үнэ төлбөргүй хийж байх боломжтой.

4. Сурч боловсрох эрхийг Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалсан

✅Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 7 дахь хэсэгт “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно…” гэж заасан.
✅Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангах” нь боловсролын үндсэн зарчим байхаар заасан ба тус хуульд хүүхдийн суралцах эрхийг хязгаарлах болон суралцуулахыг хориглосон хэм хэмжээ тусгагдаагүй байна.
✅Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” гэж хуульчилсан байна. Мөн тус зүйлийн 15.4-д дээрхээс бусад нөхцөлд хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглосон байна.
✅Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Байгаль, цаг уурын болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан тогтоосон онцгой дэглэм, хорио цээрийг харгалзан цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүрд нь өөрчилж болно” гээд, мөн зүйлийн 9.4-д “9.3-д зааснаас бусад нөхцөлд цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчлөх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хугацаагаар хаахыг хориглохоор хуульчилсан байна.
✅Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-д тус тус зааснаар хүүхдийн эрхийг хамгаалахад “хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” болон “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” зарчмыг баримтална. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хүүхэд хөгжих эрхийнхээ хүрээнд “бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших” эрхийг эдэлнэ.

5. Ковидын хуульд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний зарим эрхийг хязгаарлах зарчим баримтлахаар заасан, гэхдээ…

👉Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн / “Ковидын хууль” гэж товчлон ярьдаг/ 5 дугаар зүйлийн 5.1.4-д Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд “нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах” зарчмыг баримтална гэж заасан.
📌Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 7.1.9-д Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн “өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах…”, “бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулсан, хязгаарласан тохиолдолд цахим, эсхүл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэх, багш болон суралцагчийн оролцоо, түүнд тавих хяналтыг сайжруулах” арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй байхаар заасан.
📌Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай / “Ковидын хууль” гэж товчлон ярьдаг/ хуулийн ерөнхий зарчмыг баримтлан “хүүхдийн суралцах эрхийг хязгаарлах”-тай холбоотой шийдвэр гаргах тохиолдолд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шаардлагад нийцэх ёстой.
☝Тус хуулийн 11 дүгээр зүйлийн:
11.1.5-д “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд “хүнийг …бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй байх…” шаардлагыг нэг мөр хангасан байх шаардлагыг хуулиар тавьсан болохыг онцлох нь зүйтэй.
👉Тиймээс “5-11 настай хүүхдийг вакцин хийлгээгүй бол сургуульд авахгүй” байх шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргах бол Үндсэн хуулиар хамгаалсан ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг зөрчиж болзошгүй нөхцөл үүсэх нь.
📌Одоогийн байдлаар цар тахлын нөхцөл байдал онцгой хүндрээгүй бөгөөд гамшгаас хамгаалах түвшинг өөрчлөөгүй, мөн эрх бүхий байгууллагаас ийм төрлийн шийдвэр гараагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document