1. Монголын иргэншил хүсч байгаа гадаадын иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байна
📌2022 оны 06 дугаар сарын 09-нд Mass нэртэй 650 мянган дагагчтай “Масс медиа ньюс” компанийн албан ёсны пэйжид “Монголын иргэншил хүсч байгаа гадаадын иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байна” тайлбартай видео тодруулга оруулсан байна. Уг мэдээлэлд ГИХГ-ын мэргэжилтэн Ч.Одонгоо оролцож, дараах мэдээллийг өгжээ.
📌Бичлэгийн 03:31 дэх цагаас эхлэн, “Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд манай улсын харьяат болсон бусад улсын 280 гаруй иргэн бий. Энэ тоо нь 1994 оноос хойшх нийт Монголын Улсын харьяат болсон гадаад улсын иргэдийг хэлж байгаа юм. Үүнээс 150 орчим нь Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн байна” гэжээ. /бичлэгийн холбоосыг хавсаргав/
👉Шалгаж буй мэдээллийн гарчигт өгүүлсэнчлэн “Хятадууд хамгийн олноор Монгол Улсын иргэншил авч байгааг мэдээллээ” гэх агуулга нь ҮНЭН ч “Өнгөрсөн жилүүдэд гэхэд л 280 хятад иргэн Монгол Улсын иргэн болсон” гэх мэдээлэл нь ХУДАЛ бөгөөд нийт Монгол Улсын харьяат болсон иргэдийн тоо гэдгийг ГИХГ-ын мэргэжилтэн хэлжээ.
2. Монгол Улсын харьяат болсон 11 улсын 289 иргэн байна
📌2022 оны 07 сарын 29-ний 09:15 цагт Гадаадын Иргэн Харьяатын Газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Ч.Гантуяатай холбогдож дараах мэдээллийг авлаа.
👉“1994 оноос хойш 28 жилийн хугацаанд Монгол Улсын харьяат болсон 11 улсын 289 иргэн байна. Үүнээс 160 орчим нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн байна” гэжээ.
✅Нэмэлт мэдээлэл:
📌1995 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан Монгол Улсын Харьяатын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 9 дүгээр зүйлд “Монгол Улсын харьяат болох нөхцөл”-ийг зааж өгжээ.
9.1.1 амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх,
9.1.2.Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх;
9.1.3. Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ хэсгийн 1, 2-т заасан хүрээнд төрийн бодлогыг үндэслэн тогтоосон бусад тодорхой шалгуурыг хангасан байх;
9.1.4. Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх
9.1.5. Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх гэж заасан байна.
📌Эдгээр нөхцөлийг хангасан иргэний хүсэлтийг эхлээд аймаг нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэст өгдөг байна. Үүний дараа Гадаадын иргэн харьяатын газар Монгол Улсын Харьяатын тухай хуулийн 6.21, 6.22, 6,23, зүйлийн дагуу харьяат болох хүсэлтийн Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилдаг байна.
👉Харин энэ хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улсын харьяат болгохоос татгалзах, түдгэлзүүлэх үндэслэл”-ийг зааж өгсөн байна.
10.1.Дор дурьдсан үндэслэлээр гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгохоос татгалзана гээд
10.1.1.олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон;
10.1.2. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол;
10.1.3. олон улсын алан хядах байгууллагын гишүүн гэж зарлагдсан хүн;
10.1.4. шүүхээр онц аюултай гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон;
10.1.5 Монгол Улсын нутаг дэвсгэрээс урьд нь албадан гаргагдсан бол.
10.1.6. Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргагдсанаас хойш 10 жил өнгөрөөгүй бол
10.1.7. Монгол үндэсний ёс заншил, хуульд харш шашны урсгалыг сурталчилсан бол гэж тус тус заасан байна.