Дефолт зарлах өндөр эрсдэлтэй оронд Монгол Улс багтав гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дефолт зарлах өндөр эрсдэлтэй оронд Монгол улс багтаж олон улсын байгууллагаас Монгол Улс хоёр дахь Шри Ланк болоход ойрхон байгааг анхааруулав гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээллийг эх сурвалжийн зарим агуулгыг орхигдуулан мэдээллийг дэгсдүүлжээ.

2022 оны 7-р сарын 25-ны өдөр erennews.mn сайтад “Дефолт зарлах өндөр эрсдэлтэй оронд Монгол Улс багтав” гарчигтай мэдээлэл нийтэлж, тус сайтын албан ёсны facebook хуудсанд уг мэдээллээ “Олон улсын байгууллагаас Монгол Улс хоёр дахь Шри Ланк болоход ойрхон байгааг анхааруулав” гэх тайлбартайгаар байршуулжээ.

1. Сайт дахь мэдээлэл бүрэн бус

Анхан шатанд тус мэдээллийн вебсайт болон Facebook хуудаст байршсан агуулга нь хоорондоо зөрүүтэй, уншигчдад ялгаатай ойлголт төрүүлэхүйц байв.
📌Юуны өмнө, сайт дахь “Дефолт зарлах өндөр эрсдэлтэй оронд Монгол Улс багтав” гэх гарчигтай мэдээлэлд агуулгын шинжилгээ хийв.
Тус мэдээлэл нь олон улсын эдийн засгийн судалгааны Economic Intelligence Unit байгууллагын 7-р сарын 21-нд танилцуулсан эдийн засгийн төлөв тайланг эш татсан байна. Тус тайлан нь төлбөртэй тул бид баримт шалгалтын хүрээнд худалдан авах боломж байсангүй. Харин олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа эш татсан Bloomberg.com сайтад нийтлэгдсэн мэдээлэлд тайлангаас ямар нэг өөрчлөлтгүй шууд эш татсан хэсгийг эх сурвалж болгон ашиглалаа.
👉Bloomberg.com сайтад гарсан мэдээлэлд “Дараагийн дөрвөн жилд дефолт зарлах хамгийн өндөр эрсдэлтэй орнуудад Лаос, Монгол бичигдэж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, erennews.mn цахим хуудаст гарсан мэдээллийн гарчигт “дараагийн дөрвөн жилд” гэх мэдээллийг орхигдуулсан нь #БҮРЭН_БУС гэх ангилалд орж, уншигчдад “Монгол улс хэзээ мөдгүй өрөө төлж чадахгүй байдалд орох гэж байна” гэх ташаа ойлголт төрүүлэхүйц болжээ.

2. Пэйж дэх мэдээлэл агуулгын хувьд төөрөгдүүлжээ

📌Харин тус мэдээллийг Facebook хуудастаа “Олон улсын байгууллагаас Монгол Улс хоёр дахь Шри Ланк болоход ойрхон байгааг анхааруулав” гэх тайлбартай оруулсан нь #ТӨӨРӨГДҮҮЛСЭН агуулгатай болсон гэж үзэв. Учир нь эх сурвалж болгон эшилсэн тайлангаас шууд орчуулахад “Манай дүн шинжилгээнээс харахад Лаос болон Монгол улс Шри Ланкийн араас 2022-2026 онуудад дефолт болох хамгийн өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд эдгээрээс Лаос улсын хувьд асуудал илүү тулгамдсан байна” гэжээ.
📌Өөрөөр хэлбэл, “Монгол Улс 2 дахь Шри Ланка болоход ойрхон байна” гэх тайлбар нь бодит утгыг хэт дэгсдүүлсэн агуулга болжээ гэж дүгнэв.
👉Монгол Улсын гадаад өр, эдийн засгийн нөхцөл байдлыг Шри Ланка улстай зүйрлэсэн олон хэлбэрээр түгэж буй агуулгуудад бид ахисан шатны баримт шалгалт хийж байгаа бөгөөд холбогдох төрийн байгууллагуудаас хүссэн албан ёсны баримтууд болон эх сурвалжуудын мэдээлэлд хийж буй дүн шинжилгээ, тайланг цувралаар хүргэх болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document