#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #153
2022.06.24 | Улаанбаатар хот, Монгол
2022 оны 6-р сарын 22-нд “STATE BANK” гэсэн нэртэй Facebook пэйжид “Зурган дээрх тоог зөв таасан хүн 1,000,000 төгрөгийн эзэн болно” гэх агуулгатай пост оруулжээ.
Уг постод “Өнөөдөр уралдана. Зурган дээрх ”609”-с өөр тоог зөв таамагласан хүн өчигдрийн байдлаар 1,000,000 төгрөгийн эзэн болно. Анхааруулга: Манай бэлгийг урьд өмнө авч байгаагүй хүмүүст зориулав, хэрэв та биднээс ямар нэгэн зүйл авсан бол түүнээс зайлсхийгээрэй, бусдад ч бас хожоорой. Таны дэмжлэгт баярлалаа. m.me/108705448546064 руу мессеж илгээгээрэй” гэсэн байна. 2022.06.23 өдрийн 06:00 цагийн байдлаар уг постыг 3.1 мянган удаа хуваалцаж, 3 мянган сэтгэгдэл үлдээж, 291 лайк даржээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Төрийн банкны албан ёсны пэйж биш.
📌Хуурамч мэдээлэл түгээсэн пэйж нь 2022 оны 06 дугаар сарын 19-нд нээгдсэн “STATE BANK” гэсэн нэртэй, Төрийн банкны лого бүхий нүүр зурагтай байна. Төрийн банкны албан ёсны пэйж нь “verified” буюу Facebook-ээс албан ёсны, баталгаатай гэдгийг нь баталсан цэнхэр өнгийн зөв тэмдэглэгээтэй, 279,671 дагагчтай пэйж байгааг хавсралтаар оруулсан зургаас харна уу. /Холбоосыг хавсаргав/
Албан ёсны пэйж дээр сүүлийн 21 цагийн хугацаанд дээрх агуулгатай мэдээлэл гаргаагүй
📌“State Bank of Mongolia (Төрийн банк)” гэсэн Төрийн банкны пэйж хамгийн сүүлд буюу 19 цагийн өмнө “Цахилгааны төлбөрөө #Гялсбанкаар гялс төлцгөөе Гялсбанкаараа сард 6-аас дээш гүйлгээ хийснээр урамшуулалт аянд оролцон #iPhone13 гар утасны эзэн болох боломжтой” гэсэн пост оруулсан байна.
☝Нэмэлт зөвлөмж:
📌Facebook орчинд түгэж буй аливаа мэдээлэлд итгэхээсээ өмнө тухайн мэдээллийг түгээсэн ЭХ СУРВАЛЖ БАТАЛГААТАЙ эсэхийг шалгаж байхыг зөвлөе. Саналаа өгөх, азтан болохын тулд цааш түгээх, холбоосоор дарж орох зэргээр аливаа ҮЙЛДЭЛД УРИАЛСАН байх нь ашиг олох зорилгоор хуурамч мэдээлэл түгээдэг сайтын нийтлэг жишээ гэдгийг анхаараарай. Мөн үг үсэг, найруулгын алдаа анзаарагдахуйц байвал заавал дахин нягтлаарай.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.