2022 оны 04 дүгээр сарын 4-ний 14:57 цагт @munkhsergelenj Twitter account-аар “Засгийн газар огцрох болжээ” гэж жиргэсэн нь 04 дүгээр сарын 5-ны байдлаар 276 лайк авч, 89 удаа цааш жиргэсэн байна.
1. Монгол Улсын хуулиудад заасан Засгийн газар огцрох үндэслэл гараагүй.
✅Засгийн газрыг дараах тохиолдолд огцруулдаг.
📌Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн:
УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
📌Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа”-г зааж өгсөн: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.
УИХ-аас Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсан тохиолдолд Ерөнхий сайд огцорно. 📌Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх, огцрох үндэслэл”-д “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд УИХ, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно” гэсэн байна.
2. Засгийн газар, УИХ-ын зүгээс огцруулахтай холбоотой мэдээлэл гаргаагүй.
📌Шалгаж буй мэдээлэл гарсны дараа буюу 04 дүгээр сарын 5-нд Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Энэ үеэр өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх болон УИХ-ын гишүүдийн ¼ нь огцруулах санал тавьсан тухай мэдээлэл хийгээгүй.