🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. “Мана 4, Норов 7-г халуун зун өгч болдоггүй” гэх мэдээлэл ХУДАЛ.
📌2021 оны 05 дугаар сарын 20-нд Эрүүл мэндийн сайдын А/328 дугаартай “Түр заавар шинэчлэн батлах тухай” тогтоолд Коронавируст халдвар /КОВИД-19/-ийг уламжлалт анагаах ухааны онолоор оношилж эмчлэх тухай зааж өгсөн. Уг тогтоолын 5.1.1 дэх Эмийн эмчилгээ хэсэгт “Бадган, хийн хувь ихтэй бол Мана 4, цус, шарын хувь ихтэй бол Лидэр 7, Брайвү 3, Норов 7 танг сайтар буцалган ширгээж бүлээнээр нь уулгана” гэсэн байна.
Мөн “Нянгийн халуун эс боловсорсон, өөрөө боловсроогүй халуунд өглөө Норов 7, Лидэр, Мана 4, өдөр Гавар 9, Гавар 25 эмийн АЛЬ НЭГИЙГ СОНГОЖ Зову 8 уулгана” гэх мэтээр эмчилгээний заавар оруулжээ.
📌 Энэ зааврын дагуу ковидын халдвар авсан хүмүүст өрхийн эмнэлгээс өгсөн багц дунд дээрх тангууд багтаж байсан. Гэхдээ аль нэгийг нь л уух хэрэгтэй гэдэг зөвлөмжийг “өглөө Мана 4, орой Норов 7-г ууна” гэдэг буруу заавраар явуулж байв.
2. Омикрон, дельта гэх мэтээр вирус нь өөрчлөгдсөн ч халдварт өвчний үед хэрэглэх үндсэн эмчилгээний зарчим өөрчлөгдөхгүй
📌”Мамбадацан” эмийн үйлдвэрийн Чанарын баталгаажуулалтын менежер, Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Б.Орхонбаяраас дараах мэдээллийг авлаа.
“Халдварт өвчин бол халуун чанарын өвчин. Өвдсөн хүний аль эрхтнийг барьж бууснаас нь шалтгаалж тохирох танг өгдөг. ”Мана 4” бол тэгш чадалтай тан. Халуун, хүйтэн алинд нь ч ууж болно. Энэ тан дээр сэрүүн чанарын гурван төрлийн үр нэмж “Норов 7”-г хийдэг. Тиймээс энэ хоёр танг зэрэг ууж болохгүй, аль нэгийг нь л зөвлөдөг. Эрүүл мэндийн сайдын “Коронавируст халдварыг уламжлалт анагаах ухааны онолоор оношилж эмчлэх заавар” хэвээрээ мөрдөгдөж байгаа. Учир нь омикрон, дельта гэх мэтээр вирус нь өөрчлөгдсөн ч халдварт өвчний үед хэрэглэх үндсэн эмчилгээний зарчим өөрчлөгдөхгүй. Уламжлалт анагаах ухаанд халдварт өвчнөөр өвдсөн хүний аль эрхтэнг хамгийн хүчтэй өвчлүүлсэн байна, түүнээс нь эхэлж эмчлэх ёстой байдаг. Мөн нэг анхаарах зүйл нь халдварт өвчнийг анагаасны дараа хий хөдөлдөг тул хийг дарах эм танг хэрэглэснээр өвчин бүрэн эдгэрнэ. Хүн болгонд өөр өөр шинж илэрдэг тул заавал эмчид үзүүлж байж тохирох эм тангаа хэрэглэх нь зөв. Түүнээс биш шинж тэмдгийг чаатаар бичүүлж аваад эмчилж болохгүй. Эрсдэлтэй, аюултай” гэж хариулсан юм.