Өнгөрсөн хоёр жил утаа 47 хувь хүртэл буурсан, шахмал түлшний чанарыг 30 хувиар сайжруулсан гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2021 оны 01 дүгээр сарын 17-нд Ц.Пүрэвхүүгийн “Утаа 47 хувь хүртэл буурсан” гэх тодруулгыг NTV телевизийн Facebook пэйжид оруулсныг 01 дүгээр сарын 19-ны 12:00 цагийн байдлаар 4.3 мянган реакц, 2.3 мянган сэтгэгдэл өгч, 612 удаа цааш хуваалцсан байна. Мөн энэ бичлэгийг 204 мянган удаа үзжээ. Түүнчлэн time.mn сайтад энэ тодруулгыг мэдээ болгон оруулсныг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад Facebook платформд 133 хариу үйлдэл авсан байв.

Баримт шалгалтын үр дүн

Уг мэдээлэлд Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү “Агаарын бохирдлыг бууруулах ажил 2017 оноос хойш хэлэлцүүлэг өрнөж байгаад 2018 оноос хойш гол гүйцэтгэгч байгууллагын тогтолцоо бүрдэж эхэлсэн. Оролцогч талууд өнгөрсөн гурван жилд маш сайн чадавхжсан. Өнгөрсөн хоёр жил утаа 47 хувь хүртэл буурсан байна” гэж ярьжээ. Мөн тэрбээр “Таван толгой түлш” компанийн Удирдах зөвлөлд байхдаа түлшний чанарын талаар их ярьдаг. Одоо яригдаж байгаа асуудлуудыг сайжруулах гээд маш их ажилладаг байсан. Ингээд 30 орчим хувийн ахиц дэвшил гаргасан” гэж хариулжээ.

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

👉 Агаарын бохирдлыг агуулагдаж буй хорт бодисуудын эзлэх хэмжээгээр илэрхийлдэг. Үүнд агаар дахь хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, РМ10 болон РМ2.5 тоосонцор, нүүрсхүчлийн дутуу исэл /CO/ ба озон /O3/гэсэн үзүүлэлтээр шинжилж байна. Эдгээрээс РМ тоосонцруудаас бусад нь хүний нүдэнд үзэгдэхгүй. Тиймээс химийн хорт бодисууд хүлцэх хэмжээнээс ихэссэн ч энгийн нүдээр харж, шинжлэх боломжгүй. Харин РМ10 буюу том ширхэгт тоосонцор, РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нэмэгдэхэд хүмүүс нүдээр харах учраас “утаа их байна” гэж ярьдаг. Шалгаж буй агуулгад “утаа” гэж тодорхойлсон тул РМ тоосонцрын хэмжээгээр илэрхийлэх нь зохимжтой гэж үзлээ.
/Уг нь агаарын найрлага дахь химийн хорт бодисуудын хэмжээ, тэр дундаа хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 10-13 дахин ихсэж байгаа нь илүү ноцтой асуудал юм/

1. Хоёр жилийн өмнө PM2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 3.9 дахин их байсан бол одоо 7 дахин их гарч байна.

✅ Цаг уур орчны шинжилгээний газрын вэбсайтад агаарын чанарын тайлан мэдээг долоо хоног тутам гаргаж, ил тод байршуулдаг. Одоогоос хоёр жилийн өмнө “утаа” буюу РМ тоосонцор ямар байсан болон өнөөдөр ямар хэмжээнд байгааг уг тайлангуудаас шүүж үзлээ.

📌2020 оны 01 дүгээр сарын 06-12-ны өдрийн тайланд РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 3.9 дахин их буюу нэг метр кубт 195 мкг агуулагдаж байсан байна. /зургаас харна уу/
📌2022 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрийн тайланд РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 7 дахин их буюу нэг метр кубт 350 мкг агуулагдсан байна./зургаас харна уу/
📌Гэхдээ гурван жилийн өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-20-ны өдрийн тайланд РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 12 дахин их буюу нэг метр кубт 673 мкг агуулагдаж байв. /зургаас харна уу/

👉 Энэ хэмжээнээс 47 хувиар буурсан гэж үзвэл 316.3 мкг болох тооцоолол гарч байна. Энэ нь гурван жилийн өмнөх буюу 2019 оны нөхцөл байдалтай ойролцоо юм. Тиймээс хугацааг андуурч хэлсэн байх магадлалтай.

2. Шахмал түлш нэвтрүүлэхээс өмнө хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 4.1 дахин их байсан бол одоо 10-13 дахин их болсон.

✅2018 оны 02 дугаар сарын 28-нд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай” гэж заасан. Ингэснээр нийслэлийн төвийн дүүргийн гэр хорооллын өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн.

👉Дээрх тушаал гарахаас өмнө буюу түүхий нүүрс хэрэглэдэг байх үед
📌РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 9.5 дахин их буюу нэг метр кубт 473 мкг агуулагдаж байсан. /2019.01.04-нд Баянхошуу орчимд/
📌Хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 4.1 дахин их буюу нэг метр кубт 208 мкг агуулагдаж байсан. /2019.01.05-нд Зурагт орчимд/

👉Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр:
📌РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 3.9 дахин их буюу нэг метр кубт эзлэх агууламж нь 195 мкг болж буурсан. /2020.01.19-нд I хороолол орчимд/
📌Харин хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 9.1 дахин их буюу нэг метр кубт 453 мкг агуулагддаг болж нэмэгдсэн. /2020.01.08-нд I хороолол орчимд/
📌Тэгвэл энэ жил буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-09-нд хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 13.1 дахин их буюу нэг метр кубт 655 мкг агуулагдах болтлоо өссөн байна.

   Агаарын найрлага дахь эрс өөрчлөлт үзүүлсэн бодисуудыг жишээ болгон авч үзүүллээ. /Дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл эх сурвалж хэсэгт оруулсан заавраар орж үзээрэй/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document