🔎 Бид өмгөөллийн Fidelitas Partners /Фиделитас Партнерс/ ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. 2012 оноос хойш төрсөн иргэнд хувьцаа олгох шийдвэр гараагүй.
✅“Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн 18001072 дугаарт холбогдож тодруулахад ийм шийдвэр гараагүй худал мэдээлэл гэв. Эрх зүйн мэдээллийн сангаас шүүж үзэхэд дээрх утгатай шийдвэр гараагүй байна.
2. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэрүүд
✅*Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 39 дугаартай “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоол гаргасан. Уг тогтоолд Засгийн газарт Эрдэнэс-Таван толгой компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар зааж өгсөн. Тогтоолын 2/а-д “Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;” арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
✅Засгийн газраас УИХ-ын дээрх 39 дугаарт “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” асуудлыг шийдвэрлэх тогтоолд үндэслэн 2011.03.31-ний өдөр 98 дугаартай Монгол Улсын иргэнд Эрдэнэт Тавантолгой компанийн хувьцааг эзэмшүүлэх тухай тогтоол гаргасан. Уг тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд эзэмшүүлсүгэй” гэж заасан.
✅Мөн Засгийн газрын 2012.04.11-ний өдрийн 116 дугаартай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1.1-д “Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх;” гэж заасан ба 1.2-д “2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх;” хэмээн тус тус заасан байна.