🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Өөр өөр зураг ашигласан нь мэдээллийн бодит байдлыг төөрөгдүүлжээ.
📌Мэдээлэлд өөр өөр шавжийн зураг ашигласан нь тухайн мэдээллийг бодит үнэн гэдэгт эргэлзэх нэг шалтгаан болж байна. Шавжийг ойроос авсан зургийг Search google image-ээр хайж үзвэл 2016 оны 05 дугаар сард Хятадын soho.com сайтад нийтлэгдэж байсан хорхойн тухай танин мэдэхүйн нийтлэлд ашигласан зураг байв. Энэ хорхой нь Харин бургасны мөчирт үүрлэсэн хүүхэлдэйн зураг нь бодит зураг байв.
2. Нийслэлийн Байгаль орчны газраас залруулга мэдээлэл өгөв.
📌Олон нийтийг цочирдуулсан үл мэдэх хорхойн тухай мэдээлэл сошиалд эрчтэй түгсэн учраас төрийн байгууллагаас яаралтай арга хэмжээ авч тодруулга хийсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас уг шавжийн дээжийг ШУА-ийн Биологийн хүрээлэнд шинжлүүлсэн байна. Уг шавж нь шүрэн цох болохыг тодорхойлж, хүний эрүүл мэндэд аюулгүй ба ургамлыг шимэгч бичил шавжаар хооллодог гэдгийг мэдээллээ. Уг мэдэгдэлд
✅“Шүрэн цох нь хавар эсвэл намрын улиралд үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндөглөдөг. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор 1 долоо хоног орчмын дараа авгалдай хэлбэрт шилждэг. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг байна. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг байна. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог. Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч бичил шавжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавжуудтай зэрэгцэн гарч ирдэг байна” гэжээ.
3. Уур амьсгалын өөрчлөлт шүрэн цохыг олноороо нүүдэллэхэд хүргэж байна.
📌Дээрх мэдээлэлд уг шавжийг Оросын өмнөд хязгаар Краснодарын бүс нутагт маш ихээр үзэгдсэнээс үүдэн Туул голын бургасанд ирсэн мэтээр бичсэн. 2021 оны 07 дугаар сард Краснодарын бүс нутагт байрлах Анапа хотод шүрэн цох маш ихээр ирсэн тухай бичлэгийг tvzvezda.ru, gazeta.ru зэрэг сайтад оруулж байжээ. Уг шавжийн ингэж олноор нүүдэллэх болсон шалтгааныг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой буюу зургадугаар сард хүйтэн, бороотой байсантай холбон тайлбарласан байна. Мөн далайн эрэг дээр амарч буй жуулчдыг хазсан тохиолдол хэд хэд гарсан ч энэ шавж хүний цусаар хооллодоггүй тул аюулгүй, гэхдээ цөөн тохиолдолд харшил өгч болзошгүй гэсэн байна.
📌Харин Монголд урд өмнө нь хэр их үзэгддэг байсан болон одоо ямар өөрчлөлт орж байгаа тухай судалгаа хараахан гараагүй байна.