“Худал үгийг мянга давтвал үнэн болдог” гэдэг нь оргүй хоосон үг биш, судалгаагаар нотлогдсон хэлц ажээ. Учир нь, аливаа мэдээллийг олон удаа давтаад байвал тархи “үнэн” гэж хүлээж авдаг байна. Энэ үзэгдлийг “Illusory Truth Effect” буюу “Хуурмаг үнэний нөлөө” гэж нэрлэдэг. Бодит байдалтай огт хамааралгүй хуурамч мэдээллийг олон давтаж түгээснээр аажмаар дасаж, түүнийг “үнэн” итгэж эхэлдэг байна.
Уг ойлголтыг анх 1977 оны туршилтаар нээжээ. Туршилтыг Линн Хашер, Дэвид Голдштейн, Томас Топпино нар Вилланова болон Темплийн их сургуулийн оюутнуудын дунд явуулсан юм. Тэд судалгаанд оролцож буй оюутнуудтай гурван удаа уулзсан. Ингэхдээ эргэлзээтэй байж болох 60 мэдээллийг “үнэн” эсвэл “худал” гэж дүгнэхийг хүсжээ. Уулзалтын явцад хэд хэдэн асуултыг давтан оруулахад, “үнэн” гэх хандлага эхний өдрөөсөө өссөнийг судлаачид анзаарсан байна. Харин эсрэгээрээ шинэ мэдээлэлд итгэх итгэл харьцангуй тогтвортой байжээ. Үүнээс үүдэн мэдээллийг үнэн гэж хүлээж авахад давтамж шууд нөлөөтэй бөгөөд олон дахин сонсох бүрд шүүмжлэлтэй сэтгэх чадвар буурч эхэлдэг гэж дүгнэсэн байна.
Мөн ихэнх хүмүүс өмнө нь сонсож байгаагүй, шинэ мэдээлэлтэй таарах үедээ хуурамч гэж хүлээж авахаас илүү үнэн гэж харах нь элбэг байдаг гэнэ. Үүнийг “Хүмүүс анхдагч байдлаар харсан, сонссон бүх зүйлдээ итгэдэг” гэж Бристолийн их сургуулийн танин мэдэхүйн сэтгэл зүйч Стефан Левандовский тодорхойлсон байна.
Хуурамч мэдээлэл хурдтай түгэхэд нийгмийн сүлжээний платформууд дэмжлэг үзүүлж байна
Медиа платформ хөгжихийн хэрээр хуурамч мэдээллийн хурд, давтамж, нөлөөлөл улам л томорсоор. Энэ үзэгдэл нь олон нийтэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх магадлалтай. “Хуурмаг үнэний нөлөө”-өөр тухайн хуурамч мэдээлэл таны үзэл бодол, итгэлцэлтэй уялдаж байгаа үед бүрэн үнэмшдэг. Ийм тохиолдолд хуурамч, ташаа мэдээллийг засаж залруулан, бодит зөв мэдээллийг өгсөн ч итгэхгүй байх магадлалтай. Энэ нь та “Хуурмаг үнэний нөлөө”-нд автаж, хуурамч мэдээлэл мартагдалгүй хоногшиж үлдсэний илрэл юм. Жишээлбэл, “Хүн тархиныхаа зөвхөн 10 орчим хувийг л ашигладаг” гэсэн мэдээллийг тархи судлаачид ташаа ойлголт гэж няцаан, тархины бүх хэсэг тодорхой үүрэгтэй болохыг баталсан. Гэсэн ч олон хүн үүнд одоог хүртэл итгэсээр байгаа нь хуурамч мэдээлэл хадгалагдсаар байдгийн баталгаа юм.
Энэхүү нөлөөллийн үр дагаврыг хэвлэл мэдээлэл, улс төр, нийгмийн харилцаанд суртал ухуулгын хэлбэрээр ашигладаг сөрөг үзэгдэл бий. Иймд уг нөлөөнд автахгүйгээр хүлээн авсан мэдээллээ шинжилж, бодит байдлыг эргэцүүлэн, шийдвэр гаргах чадвартай болох шаардлагатай байна. Цахим орчинд олон удаа түгээсэн хуурамч мэдээллийг үнэн гэж итгэн, цааш дамжуулсаар буй нь “Хуурмаг үнэний нөлөө”-нд өртсөний нэг хэлбэр юм.
Хуурамч мэдээлэлд автахаас хэрхэн сэргийлэх вэ?
Тиймээс бидний зүгээс “Хуурамч үнэний нөлөө”-нд автахгүй байхыг сануулж, дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Баримт шалгах: Авч буй мэдээллээ баталгаажуулж байгаарай. Аливаа мэдээллийн үнэн эсэхэд эргэлзэж байгаа бол итгэмжит баримт шалгах төвд хандан мэдээллээ шалгуулж болно. Эсвэл та өөрөө нэмэлт судалгаа хийж баталгаажуулж болно.
- Мэдээллийн эх сурвалжийг төрөлжүүлэх: Янз бүрийн эх сурвалжаас мэдээ, мэдээллийг хүлээн ав. Энэ нь танд тухайн мэдээллийг өөр өөр өнцгөөс харах боломж олгоно.
- Шүүмжлэлтэй сэтгэх: Мэдээллийн үнэн зөв байдалд эргэлзэж, шүүмжтэй хандах нь “Хуурмаг үнэний нөлөө”-нд автахгүй байхын үндэс суурь юм. Тухайн мэдээ, мэдээлэл дэх баримт, эх сурвалжийн баталгаатай байдлыг нягталж үзээрэй.
- Давтамжийг хязгаарлах: Найдвартай бус эх сурвалжуудаас ижил төрлийн мэдээллийг олон давтамжтай түгээж байвал хязгаарлаж болно. Үүний тулд мэдээлэл түгээж буй хуудсыг дагахаа болих, хориг тавих гэх мэтээр өөрийн цахим орчинд харагдахыг болиулж болно.
- Яриа өрнүүлэх: Тухайн мэдээллийн талаар өөр бусадтай яриа өрнүүлснээр харах өнцөг, итгэл үнэмшлээ өөрчлөх боломжтой.
- Хүлээн зөвшөөрөх: Таны хүлээн авч, үнэн гэж итгэсэн мэдээлэл хуурамч болох нь батлагдсан, залруулга гарсан тохиолдолд “Хуурмаг үнэний нөлөө”-нд автсанаа хүлээн зөвшөөрч, шинэ мэдээлэлд нээлттэй хандаарай.
Эдгээр нь аливаа мэдээлэлд хүлээцтэй байж, хуурамч мэдээлэл таны ой тоонд үлдэхээс сэргийлнэ.
Мэдээллийн урсгал үл гүйцэгдэх энэ цаг үед үнэн зөв, бодитой мэдээлэл авах нь ээдрээтэй болсон мэт. Цаг, минут тутамд хэдэн зуун мэдээлэл шинээр түгээгдэж түүнд төөрч будилсаар байгаа нь бидний үнэн төрх билээ. Иймд хуурамч мэдээллийг таних хэвлэл мэдээллийн боловсролтой болох нь хүлээн авагч, уншигч таны цаг хугацаа, сэтгэл зүйг ч аварсан хэрэг болно. Зарим төрлийн чухал үйл явдал, шийдвэр, санаа зэргийг дарах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэхийн тулд энэ төрлийн нөлөөллийг зориудаар ашигладаг гэдгийг санаж, мэдээлэлд хэрсүү байгаарай.
Б.Үүрцайх