Манай төв Мeedan-тай хамтран Фейсбүүк мессенжерээр холбогдон манай баримт шалгалтын мэдээллийн сангаас асуултдаа тохирсон баримт шалгалтуудыг хүлээн авах боломжтой болсноо зарласан билээ.
Meedan нь дэлхийн 46 оронд 170 гаруй улсад хэвлэл мэдээлэл, баримт шалгах байгууллагуудтай хамтран уншигч, хэрэглэгчдэд хүрэх технологийн шийдэл хөгжүүлэхээр ажиллаж буй бөгөөд энэ удаа монгол хэл дээр анх удаа ажиллан Монголын баримт шалгах төвтэй хамтран уншигчдад хүрэхээр ажиллаж байна.
Удахгүй болох Улсын Их Хурлын сонгууль нь УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн, тойрог томссон зэрэгтэй холбогдуулан илүү өрсөлдөөнтэй байх мөн тэр хэрээр илүү их хуурамч мэдээлэл тархах хүлээлттэй байгаа юм.
Бид “АСУУ” чатботоороо дамжуулан сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд үүсэх хуурамч мэдээллийн давлагааг сөрөн уншигчдад баримтаар нягталсан мэдээллийг хурдан шуурхай хүргэхийг зорьж буй юм. Энэ хүрээнд чатботоос гадна “АСУУ” мэдээллийн кампанит ажлыг эхлүүлж буй бөгөөд сонгогчдод мэдээллийн урсгал дахь манипуляц, хууран мэхлэлтэд сэрэмжтэй байх талаарх нийгмийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах юм.
Цаашлаад бид хамтран ажилладаг “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтран чатбот болон нийгмийн сүлжээний хуудаснуудаараа дамжуулан сонгуулийн үеийн хуурамч мэдээллийн эсрэг ажиллах юм. “АСУУ” чатботоор дамжуулан зөвхөн манай баримт шалгалтуудыг хүлээн авахаас гадна гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Манай төвийн “АСУУ” чатботоор холбогдон та цахим орчин дахь аливаа хуурамч мэдээллийг шалгуулахыг хүсвэл доорх зааврын дагуу бидэнд хүсэлт илгээн хандах боломжтой.
Хэрвээ та АСУУ-тай холбогдохоор бол дараах зааврын дагуу хандан мэдээллийн үнэн бодит эсэх талаар асуух боломжтой боллоо.
1. АСУУ чатботтой холбогдох

2. Цэсний сонголтоос “АСУУгаас асууя” гэж сонгоод асуултаа илгээнэ

3. Хэсэг хугацааны дараа АСУУ чатбот таны асуултад тохирсон баримт шалгалтыг илгээнэ


Мөн та манай мэдээллийн товхимолд бүртгүүлэн шинэ баримт шалгалтуудыг өөрийн чатдаа тухай бүрт нь хүргүүлээрэй
Долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагийн 12:00 цагаас АСУУ чатбот шинэ баримт шалгалтуудын товхимол илгээдэг. Та АСУУ чатботын “Товхимолд бүртгүүлэх” цэсийг сонгож бүртгүүлснээр шинэ баримт шалгалтуудыг тухай бүрт нь хүлээн авч байх болно.
