“Өөрсдийн түүхийг бусдаар бүү яриул” гэж Нобелийн энхтайвны шагналт Мариа Ресса “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” номондоо бичсэн нь бий. Сошиал орчинд зохион байгуулалттай дайралт хийж байгаа, хуурамч мэдээлэл удаа дараа түгээгч хаягууд Rappler агентлаг руу дайрч, төрөл бүрийн гүтгэлэг явуулж байх үед “мэргэжлийн редакц хараат бусаар ажиллаж л байвал үнэн нь ус тосоороо ялгарна” гэж үзээд дуугүй байсан тухайгаа хожим харамсан тэмдэглэсэн нь энэ. Учир нь бодит үнэн мэдээллийг тухай бүрд нь няцааж гаргаагүй тул олон нийт Мариа Рессагийн үйл хэргийг ойлгож мэдэхгүй, зорилготойгоор түгээж буй тэрхүү хуурамч мэдээлэлд итгэсээр байсан аж.
Энэ өдрүүдэд цахим орчинд хөвөрч буй мэдээлэл дунд “Монголын баримт шалгах төв “сахал” Эрдэнэбилэгийнх”, “Б.Дуламхорлоо түүнээс 300 сая төгрөг авсан” гэх мэт мэдээлэл “өнөөх” хаягуудаар түгээж эхэллээ. Тиймээс бид нээлттэй байршуулдаг байгууллагын бүтэц, санхүүжилт, эзэмшил, бодлогын баримт бичгүүдээ энд нэгтгэн хүргэж байна.
Эзэмшлээ нээлттэй мэдээлэх нь
Монголын баримт шалгах төв нь Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Үүр төв нь 2020 оны 05 дугаар сарын 06-нд “Сэтгүүлч, уншигчдад чиглэсэн лекц, семинар зохион байгуулах, сэтгүүл зүйн инновац, хөгжлийн талаарх олон улсын шинэ туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, таниулах, дэлгэрүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Бид сэтгүүл зүйн инновац, хөгжлийн талаарх олон улсын сайн туршлага, ёс зүйн хэм хэмжээнд тулгуурлан баримт шалгалтыг Монголд нутагшуулан, 2021 оны 06 дугаар сард Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний албан ёсны баталгаажуулалт авсан Монголын цорын ганц байгууллага болсон юм. Энэхүү олон улсын экспертүүдийн хөндлөнгийн шинжилгээнд байгууллагын эзэмшил, бүтэц чухалд тооцогддог. Ямар нэг улс төрийн хүчин, бизнесийн байгууллагаас хараат бол энэхүү баталгаажуулалтыг авахад босго өндөр байх байсан.

Эх сурвалж: IFCN
Санхүүжилтээ нээлттэй мэдээлэх нь
Мөн бид 2024 оны 10 дугаар сард Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) стандартыг хангасан Монголын анхны байгууллага болсноо бахархалтайгаар зарласан билээ. JTI стандартыг хангахдаа аудитын Deloitte фирмийн Австрали дахь салбар луу өөрсдийн сайт дээр нийтэлсэн санхүүжилтийн задаргаа зэргийг батлах аудитлагдсан санхүүгийн тайлан зэргээ бүрэн эхээр нь илгээсний үндсэн дээр тус байгууллага үнэн бодит байдлыг нягталж, ил тод байдлын стандартыг хангасан хэмээн баталгаажуулсан билээ.

Эх сурвалж: СИХҮТ-ийн 2024 оны санхүүгийн тайлангаас
Эдгээр олон улсын стандарт, ёс зүйн кодын дагуу бид байгууллагын эзэмшил, санхүүжилт, үйл ажиллагааны дүрэм журам, холбогдох бодлогын баримт бичгүүдээ баталж мөрддөг. Бид ёс зүйн кодын дагуу шударга, мэргэжлийн ажилласан эсэхээ жил бүр IFCN-д тайлагнаж, хөндлөнгийн үнэлгээ хийлгэснээр баталгаажуулалтаа сунгадаг бөгөөд гурав дахь жилдээ энэхүү эрхийг эзэмшиж байна.

Мета компанийн хамтын ажиллагааны тухай
Дэлхий даяар жил бүр 150-170 баримт шалгах төв IFCN-ий баталгаажуулалт авдаг бөгөөд тэднээс 90 гаруйтай нь Мета компани Хөндлөнгийн баримт шалгах түнш хөтөлбөрт хамтран ажилладаг. Монголын баримт шалгах төв нь Монгол болон Казахстан улсад Facebook, Instagram, Threads, WhatsApp платформд түгж буй эргэлзээтэй мэдээллийг баримтаар шалгаж, тухайн постод тэмдэглэгээ зүүн, хуваалцсан хэрэглэгчдийн хаягт баримт шалгалтыг уншуулах холбоос илгээдэг автоматжуулалт хэрэглэдэг. Энэ нь төөрөгдүүлсэн, эсвэл нэг талын мэдээллийг л оруулсан дутуу мэдээллийг залруулж, бүрэн бүтэн мэдээлэл уншигч, хэрэглэгчдэд хүргэдгээрээ мэдээллийн боловсролын чухал ач холбогдолтой юм. 2025 оны 01 дүгээр сарын 07-нд Мета компанийн захирал Марк Зукерберг Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг АНУ-д зогсоож байгаа тухай мэдэгдэл гаргасан ч, энэхүү хөтөлбөр Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN) эсвэл Европын баримт шалгах стандартын сүлжээ (EFCSN)-ээр баталгаажуулсан баримт шалгагчдад хамааралгүй гээд, хараат бус баримт шалгагчдын хөндлөнгийн үнэлгээнд чухал ач холбогдол өгсөн хэвээр байх тухайгаа зарласан.
Засгийн газрын мэдээ сонинд хамт ажиллаж байсан хүмүүс энэ багт бий
Биднийг өмнө нь ажиллаж байсан ХХБ-ны хамаарал бүхий National News Corporation-ий “Засгийн газрын мэдээ” сонин, Bloomberg TV Mongolia телевизээр овоглох нь бий. Үнэхээр ч энэ багт тус байгууллагуудад ажиллаж, туршлагажсан хэд хэдэн сэтгүүлч ажилласан, мөн одоо ч ажиллаж байгаа билээ. Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоо нь “Засгийн Газрын Мэдээ” сонинд ерөнхий эрхлэгч, Bloomberg TV Mongolia-д ахлах продюсер, сурвалжлагч, орчуулагчаар, Shuud TV, TV8 телевизүүдэд ажиллаж байсан. Харин Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг нь “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагчаар, “Монгол брэнд” сэтгүүлд ерөнхий эрхлэгч, “Хүмүүсийн амьдрал”, “Хүмүүс” сонинд сурвалжлагч, редактораар, Konica Minolta гэрэл зургийн газар фильм оператор, ээлжийн ахлагчаар тус тус ажиллаж байв. Үүр төвийн харилцааны менежерүүд мөн тус сониноос ажлын гараагаа эхэлж байсан сэтгүүлч нар байна.
“Засгийн газрын мэдээ сонин” ХХК-ийг 2020 онд татан буулгах шийдвэр гаргаж, ажилтнууд чөлөөлөгдсөнөөр хамааралгүй болсон юм. Харин Засгийн газрын мэдээ сониныг татан буулгах үйл явц манай байгууллага, түүний ажилтнуудаас ямар нэг хамааралгүйгээр үргэлжилж, 2023 оны 08 дугаар сарын 08-нд дуусгавар болсноор Улсын бүртгэлд тэмдэглэсэн байна.