Энэ жил баримт шалгагч бидний хувьд олон төрлийн мэдээллийн гажуудал, манипуляц, зарим тохиолдолд нүүр нүдгүй нүдсэн хуурамч мэдээллийн шуургыг давж гарсан жил байлаа. Он гараад удаагүй байтал уран, цацраг идэвхт бодисын хор хөнөөл гэх гаднын зураг бичлэгийг Монголд болсон мэтээр сошиал сүлжээнд “шуурч”, хавар, зуны эхэн сар гарав уу үгүй юу Засгийн газрыг огцруулах жагсаал цуглаан, түүнд оролцогч, зохион байгуулагчдын эсрэг гүтгэлэг, троллын “хуй” дэгдэв. Харин намар нь эрх баригч намын даргын төлөөх сунгаа тойрсон манипуляцын шинжтэй хорт хий мэт шар шороон шуурга дэгдэж, өнөөг хүртэл улс төрийн эрх ашгуудын үүднээс бүтээж, бэлтгэсэн бүрэн бус мэдээллээр зүг чиггүй салхилуулах үзэгдэл намдаагүй байна. Үүний хажуугаар эрүүл мэндийн элдэв батлагдаагүй арга, цахим залилангийн сэдэлтэй урхи болсон хуурамч мэдээлэл хором ч зогссонгүй…
Сошиал медиа хэрэглэгч, мэдээлэл хүлээн авагч таны хувьд ч гэсэн хуурамч сайхан амлалттай залилангийн урхи, “вакцин үргүй болгоно, хавдар үүсгэнэ” гэх мэт төөрөгдүүлсэн мэдээллээр айлгах, хохироох оролдлого, хэт нэг талыг барьсан улс төрийн манипуляцын элдэв арга заль зэрэгт мэдээллийн орчноо “балбуулсаар”, заримдаа түүнд нь автаж, цаг хугацаа сэтгэл санаагаараа хохирч өнгөрсөн байх вий гэж эмзэглэж байна.
Ингээд, бид 2025 онд ямар хуурамч мэдээллүүдтэй нүүр тулж сөрж зогссон талаар өмнөх онд тоймлон хүргэж байсантай адил нэгтгэсэн тайлангаа танилцуулъя. Үүгээрээ уншигч, мэдээлэл хэрэглэгч бүгдээрээ илүү хэрсүү байхын тулд ямар сургамж авч, баталгаат эх сурвалжуудыг дагаж, тэндээс мэдээллээ авдаг болохын тулд юунаас эхлэх талаар эргэцүүлцгээе.
Эрүүл мэндийн хуурамч мэдээлэлд “дархлаа”-тай байх шаардлага улам нэмэгдэж байна
2025 онд эрүүл мэндийн сэдэвтэй хуурамч мэдээлэл ихээхэн түгсэн ба бидний баримт шалгалтын хамгийн их хувийг эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэл эзэлж байна.

2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 427 баримт шалгалт хийснээс 168 нь буюу 40% нь эрүүл мэндийн холбогдолтой байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 46%-иар нэмэгдсэн (115 баримт шалгалт) үзүүлэлт юм. “Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэх хэлц үгээс улбаалсан төрөл бүрийн “эмчилгээний арга”, эм бэлдмэлийн талаарх мэдээллээ цахим орчинд чөлөөтэй хуваалцаж, дур мэдэн туршиж, эмчлэх гэж үздэг зэрэг үзэгдэл хуурамч, батлагдаагүй мэдээллээр дамжин амь бөхтэй оршсоор байна. Жишээ нь, “шар будааны шүүс уугаад бөөрний өвчинг нам дардаг” гэх хуурамч мэдээллийг дагаж, шүүсийг бэлдэж уулаа гээд та шууд комд орж, таталт өгч, яаралтайгаар эмнэлэгт хүргэгдэхгүй. Харин урт хугацаандаа бөөрөө эмчлүүлэхгүй, шүүс ууж явсаар өвчнөө хүндрүүлж, эцсийн шатанд орсон хойноо эмнэлгийн тусламж авахаар очиход нэгэнт оройтсон байх эмгэнэлт явдалд хөтөлнө. Эрүүл мэндийн хуурамч мэдээллийн энэ түгээмэл хор хөнөөлийн тухай эмч, мэргэжилтнүүд сануулсаар байгааг энд онцолъё.
Эрүүл мэндийн хуурамч мэдээллийн дийлэнхийг батлагдаагүй эмчилгээний арга, зөвшөөрөлгүй нэмэлт бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа, мөн вакцины сөрөг нөлөө, эрсдэл гэх төөрөгдүүлсэн болон бүрэн бус, хуурамч мэдээллүүд эзэлж байна. 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Доналд Трамп дахин сонгогдон, вакцинд үл итгэх хандлагыг дэвэргэж буй Роберт Ф. Кеннеди Эрүүл мэндийн сайдаар томилогдсон нь Америк гэлтгүй олон улсад вакцин эсэргүүцэгчдэд хүч нэмэх болж, вакцинд итгэх олон нийтийн итгэлийг бууруулахад хүргээд байна.
Энэхүү шинэ нөхцөл байдлыг харгалзан бид вакцины талаарх баримт шалгалтуудаараа дамжуулан эрүүл мэндийн мэргэжлийн, баталгаатай эх сурвалжуудаас мэдээлэл хүлээн авахыг сануулж байгаа билээ.
Огцрох амархан жагсаал, Засгийн газар огцорсон үйл явдлыг эргэн санацгаая
2025 оны нэгдүгээр сараас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эсрэг жагсаал эхлэн, гуравдугаар сард хожим нь “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулсан залуусын талаар “тролл ажиллагаа явуулсан” гэх хуурамч мэдээлэл түгж байсан. Эдгээр үйл явдлын үеэр хэвлэл мэдээллийн суваг, Facebook хуудсуудыг ашиглан ижил агуулга, зураг бүхий контентыг нэгэн зэрэг түгээх зохион байгуулалттай мэдээллийн үйл ажиллагаа явуулсныг бид эрэн сурвалжилгаараа танилцуулж байсан билээ.
Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээх ажиллагаа нь улс төрийн сонирхлын бүлгүүд олон нийтийг төөрөгдүүлэх, давуу байдал үүсгэх үндсэн хэрэгслүүдийн нэг болсоор байгаа бөгөөд сошиал медиа дахь цуу яриа, баталгаагүй хаягаас бус найдвартай эх сурвалжаас мэдээлэл тогтмол хүлээж авах шаардлагыг улам нэмэгдүүлж буй юм.
Харин гадаад буюу олон улсад болсон үйл явдлын талаарх баримт шалгалтуудад улс орнууд дахь зөрчил, мөргөлдөөн, жагсаал цуглаан цаашлаад дэлхийн нэр хүндтэй хүмүүсийн тухай хуурамч мэдээллүүд багтаж байна. Жишээ нь энэ жил дэлхийн тэрбумтан Элон Маск гар утас зохион бүтээж танилцуулна гэх мэдээлэл олон давтамжтай түгсэн. Үүнийг бид баримтаар нягтлахдаа “тэрээр албан ёсоор мэдэгдээгүй түүний эзэмшлийн компаниуд утас танилцуулах тухай ямар нэг мэдээлэл гаргаагүй” гэдгийг дурдсан юм.
Та цахим залилангаас дотны хүмүүсээ хамгаалахыг хүсвэл дараах мэдээллийг хуваалцаарай
Энэ жил бид цахим залилангийн эсрэг аяныг зохион байгуулахаар төлөвлөн, 11 дүгээр сараас хойш Цагдаагийн Ерөнхий газар (ЦЕГ), Монголбанк, Монголын банкны холбоо мөн Баримт нэн тэргүүнд сүлжээний гишүүдтэй хамт цахим залиланг таних, сэрэмжлүүлэхэд чиглэсэн мэдээллийн аяныг зохион байгуулж байна.
Цахим залилан нь жил ирэх тусам нэмэгдэж буй нь зөвхөн хууль, шүүхийн байгууллагуудаас гадна аж ахуйн нэгж, бизнесүүд цаашлаад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагыг бий болгож байна. Өнгөрсөн 2024 онтой харьцуулахад хандив цуглуулах гэмт хэрэг энэ оны 9 дүгээр сарын байдлаар 3 дахин их буюу 921-д хүрсэн бол Телеграмаар дамжсан залилангууд өнгөрсөн жил 75 байснаас 10 дахин нэмэгдэж 767 болсныг ЦЕГ-аас мэдээлж байсан. Эдгээр нь гэмт хэргийн төрлүүдээс хамгийн өндөр өсөлттэй, Facebook, WhatsApp, Telegram зэрэг сошиал платформоор дамжиж буй зэргээрээ анхаарах шаардлагатай юм.
Эдгээр залилангийн үйл ажиллагаа ихэвчлэн гадаад улс орнуудаас зохион байгуулагдаж байгаа бөгөөд Зүүн Өмнөд Ази дахь гэмт хэргийн бүлэглэлүүд боолын хөдөлмөр, хууль бус аргуудаар олон улсад төдийгүй Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж байгааг ЦЕГ-аас мэдээлж байсан.
Та дараах линкээр залилангийн эсрэг зөвлөмжүүдтэй танилцаарай. Бид Clickbait сайтыг хэрхэн таних, богино хугацаанд олон хүнд хүрсэн залилан болох хусдаг сугалаа, үнэт чулууны уурхайгаас мөнгө олох боломжтой гэх лайв бичлэгүүд, мөн залилуулсан мөнгөө эргүүлж олохыг хүссэн иргэдийг хэрхэн дахин залилж буй тухай зэрэг зөвлөмж, тайлбар хүргээд байна.
Оросыг дэмжсэн хуурамч мэдээллийн үйл ажиллагааг хэрхэн таних вэ?
Гаднын зохион байгуулалттай хуурамч мэдээлэл нь олон нийтийн мэдээлэл хүлээж авах хэрэгсэл тэр дундаа голлох хэрэгсэл болсон Facebook зэрэг сошиал медиад ямар нөлөөтэй, байр суурьтай байгаа цаашлаад олон нийтийн хэлэлцүүлэгт хэрхэн нөлөөлж байгааг бид судлахаар Deutsche Welle Aкademie-ийн дэмжлэгтэйгээр Оросыг дэмжсэн хуурамч мэдээллийн голлох сэдвүүдийг тодорхойлсон.
Энэхүү судалгаа нь Монгол дахь Оросыг дэмжсэн хаягуудын түгээдэг гол сэдэв, өгүүлэмж буюу нарративуудыг (narrative) тодорхойлсон анхны судалгаа юм.
Оросыг дэмжигч хаягуудаас 2024 онд хамгийн идэвхтэй түгээсэн сэдэв нь Оросын эдийн засаг, улс төр, соёлын ололт амжилтууд болон тус улсын Монголын түүхэн дэх оролцоог онцолсон агуулгууд хамгийн өндөр байр суурийг эзэлж байсан юм. Энэ нь Оросыг дэмжсэн нийгмийн бүлгийн байр суурийг хадгалах, дэмжих цаашлаад нэмэгдүүлэх зорилготой ба энэхүү хүрээний сэдвээс улбаалаад Украины улс төр, нийгмийн үйл явдлууд, ялангуяа Украин дахь “нео-нацист”-ууд, улстөрийн удирдагчдын тухай болон Орос-Украины дайнд Оросыг дэмжсэн агуулгуудыг судалсан хаягууд идэвхтэй түгээсэн байна.
Гэхдээ дээрх нарративууд нь олон улсад ч гэсэн Оросыг дэмжсэн мэдээллийн үйл ажиллагааны нийтлэг сэдвүүд бөгөөд харин Монголын хувьд хятад үндэстэн болон тус улсын бодлогыг эсэргүүцсэн, мөн уран олборлолтыг эсэргүүцсэн контентуудыг түгээж байснаараа онцлог юм.
Уран олборлолтыг эсэргүүцсэн мэдээллүүд нь Монголын Засгийн газар болон Францын төрийн өмчит “Орано” компани хамтран Дорноговь аймагт уран олборлох төслийг эхлүүлсэнтэй холбоотой хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтэд идэвхтэй түгээж эхэлсэн юм.
Ийнхүү 2025 онд сошиал сувгуудаар мэдээллээ хүлээн авч, түүндээ тулгуурлан шийдвэр гаргадаг, шууд туршиж, амьдралдаа хэрэгжүүлдэг, юу бодохоо заалгадаг болтлоо автаж буй монголчууддаа хуурамч мэдээллийн шуурганаас хэрхэн хамгаалж, цаад учир шалтгааныг юу гэж ойлгох талаар багахан ч гэсэн тус хүргэхийг зорьсон нэгэн оныг бид үдэж байна. Ирж буй жилүүдэд баталгаат мэдээллийг авч болох найдвартай, мэргэжлийн эх сурвалжуудаа илүү олон болгохыг хүсье.
Баримт шалгах нь мэдээллийн урсгалтай адил тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа байдаг. Та манай гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэн, хуурамч мэдээллийн тархалт, хор хөнөөлийг бууруулах ажиллагааг дэмжээд зогсохгүй хуурамч мэдээллийг нягтлах, таних чадварт суралцаарай.


