Өнгөрч буй 2025 онд Nest-ийн багийнхан (Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв) сэтгүүл зүй, хүний эрх, технологийн чиглэлд туршлага хуримтлуулсан, олон шинэлэг санаачилга, гаднын туршлагаас хүртсэн жил боллоо. Дөрвөн цагийн турш хурааж, хуримтлуулсан мэдлэг, мэдээллээ ирэх 2026 оноос эхлэн Монголынхоо хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарт хэрэгжүүлэхээр зорьж байна.
2025 онд бидний таван жилийн ой тохиосон бөгөөд, хоёр дахь жилдээ өнгөрөгч оныхоо тайланг дэмжигч, хамтрагч, олон нийтдээ танилцуулж байна.

- 2025 оны хувьд олон улсын хэмжээний үйл ажиллагаануудад Үүр төвийн менежерүүд багаа төлөөлж оролцсон ба Journalism AI наадамд үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо панелист болон чиглүүлэгчээр салбарын сүүлийн үеийн мэдээлэл хуваалцсан бол GenAsia баримт шалгалтын олон улсын уралдаан зохион байгуулах багт ахлах баримт шалгагч Ш.Билгүүн амжилттай ажиллаж, Монголд жил бүр уламжлал болгон явуулах залууст чиглэсэн ажлыг эхлүүлсэн юм. Түүнчлэн Монголын баримт шалгах төвийн баг БНСУ-ын 2nd Global Fact-Check Forum-ын хүрээнд зохион байгуулсан олон улсын баримт шалгах уралдаанд Шилдгийн шилдэг-ээр шалгарсан зэрэг амжилттайгаар энэ жилийг үдэж байна.
Биднийг дэмжиж, үнэт зүйл, зорилгоо нэгтгэн хамтран ажилладаг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд болон хамгийн гол нь хүлээн авагч, дэмжигч, шүүмжлэгч олон нийтдээ талархал илэрхийлье.
1.IFPIM Монгол хөтөлбөрийн амжилтаа гадагшаа болон дотооддоо хуваалцах, ахиулахын төлөө ажиллаж байна
Үүр төвийн нэрийн хуудас болсон IFPIM Mongolia хөтөлбөрийн сүүлийн шат буюу гурав дахь жилийн үйл ажиллагаа 2026 онд үргэлжилнэ. Монголын хэвлэл мэдээллийн салбарын төрөлжилтийг төлөөлсөн зургаан редакц хөтөлбөрийн гурван жилийн хугацаанд нийт 218 санаачилгыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахын тулд 63 хэмжүүрээр тогтмол хянаж, тухай бүрд зөвлөгөө өгч, сайжруулсаар байна.

Олон нийтийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих сангийн дэмжлэгтэй IFPIM Mongolia хөтөлбөрийн Нөлөөллийн тайлангаар манай редакцуудын өсөлт дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй гарсан амжилтаа хадгалах, бусадтай хуваалцах чиглэлд голчлон ажиллах юм.
2.Хуурамч мэдээллийн эсрэг хоёр аян зохион байгуулав
Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй технологи хиймэл оюун, хүний эрх, сэтгүүл зүйн тулгамдсан асуудал, улс төрийн бүлэглэлүүдийн манипуляц, түүний таатай хөрс болсон сошиал медиа зэргийн талаар олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөөх эрхэм зорилгоо биелүүлэхээр бодит байдлыг баримттайгаар гаргах судалгаа, түүндээ үндэслэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, мэдээллийн аянуудаа үргэлжлүүлэн хүргэсэн жил байлаа.
2025 оны 05-06 дугаар сард эрүүл мэндийн хуурамч мэдээллийн эсрэг БаримТАд НЭГД аяныг зохион байгуулж, эмчилгээний батлагдаагүй арга, хуурамч бүтээгдэхүүн борлуулалт, вакцины эсрэг төөрөгдүүлсэн мэдээллүүдэд баримтад үндэслэсэн бүрэн дүүрэн, бодит үнэн тайлбар бүтээлчээр хүргэсэн. Аяны контентууд давхардсан тоогоор 1.5 сая удаа хүржээ.


Мөн оны сүүлийн улиралд Монголын банкны холбоо, Монголбанк, ЦЕГ-ын хамтарсан үндэсний хэмжээнд зохион байгуулж буй цахим залилангийн эсрэг “Дансаа бүү ашиглуул” аянд хуурамч мэдээллийг бууруулахад технологийн дэмжлэг үзүүлж, олон нийтэд мэдээлэл олгох чиглэлээр “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний редакцуудад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран оролцож байна. Үүнд хусдаг сугалаа, үнэт чулууны азтан гэх мэт залилангийн сугалаа явуулж буй хаягуудын үзэгдэлтийг бууруулж, хоёр сарын хугацаанд 500 гаруй хаягт нөлөөлжээ.
3.Мэргэшсэн сэтгүүлчдийг дэмжих Tech Journo хөтөлбөрийн анхны төгсөлт

Сэтгүүл зүйн ирээдүйн чиг хандлага бүх мэдээллийг нийт масст түгээх бус, зорилтот хэрэглэгчдэдээ чиглэсэн сэдэвчилсэн мэдээллүүдийг хүргэх замаар олон нийтийн оролцоог дэмжих, нийгмийн бүлгийн дуу хоолойг хүргэх зэрэгт анхаарах болсон. СИХҮТ-ийн хийсэн судалгаагаар хамгийн илүүдэлтэй мэдээ нь улс төрийн сэдэв бол дутагдалтай, олон хүн мэдэхийг хүсдэг төрөл нь технологийн чиглэлийн мэдээллүүд гэсэн үр дүн гарсан юм. Тиймээс технологи, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх Tech Journo хөтөлбөрийг Unitel-ийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж, анхны төгсөлтөө хийлээ. Хөтөлбөрт нийт 15 сэтгүүлчийг хамруулж, 12 долоо хоногийн турш оролцогчид мэдээллийн технологи, харилцаа холбооны суурь ойлголтоос эхлээд технологийн сэтгүүл зүй, интернэт засаглал, ICT дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчин, мэдээллийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хиймэл оюуны технологи, түүний өрөөсгөл байдал, баримт шалгалт зэрэг сэдвийг шат дараатайгаар судалж, технологийн асуудлыг олон нийтэд ойлгомжтой, хариуцлагатайгаар хүргэх ур чадвараа хөгжүүлсэн юм. Цаашид хөтөлбөр үргэлжилж, жилд хоёр удаагийн элсэлт авахаар төлөвлөж байна.
4.Уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжлагчдын корпус “Үүр” төвийн дэргэд байгуулагдав
“Үүр” төв сэтгүүлчдийг мэргэшүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь Уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжлагчдын корпус байгуулсан явдал юм. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Уур амьсгалын ногоон сан, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй АДАПТ төслийн “Бэл+” мэдээллийн аяныг “Медиус” ХХК болон Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн сэтгүүлчдийн корпусын хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжүүллээ.

Уг аяны хүрээнд АДАПТ төсөл 2021 оноос хойш Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжүүлсэн ажлууд болон малчдад чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох талаарх мэдээлэл хүргэсэн юм.
Уг корпусыг “Үүр” төв болон “Медиус” ХХК цаашид улам хөгжүүлж, нэгдэж орсон төвийн болон орон нутгийн 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг энэ чиглэлээр мэргэшүүлэн бэлтгэх, тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн дараа дараагийн ажлуудыг хэрэгжүүлэхээр бэлдэж байна.

5.Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар байр суурийн баримт бичиг гаргалаа
Үүр төвийн сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт анхаарч төвлөрдөг нэг чухал агуулга бол хуулийн орчин юм.
Өнгөрсөн жил Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Vindexx ХХН-тэй хамтран судалгаа хийж, байр суурийн баримт бичиг гаргалаа.


Хуулийн төслийг хэлэлцэх үед олон улсын хүний эрхийн болон хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр ажилладаг байгууллагуудтай төрийн болон иргэний нийгмийн холбогдох албаныхныг удаа дараа уулзуулж, мэдээлэл харилцааны ажлыг гүйцэтгэсэн юм.
Монголын хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллаагаа, хараат бус, мэргэжлийн байх, цаашлаад олон нийтийн мэдэх эрхийг хангахад чухал суурь болох салбарын зохицуулалтын хуулийг олон талын оролцоотой, судалгаатайгаар олон нийтийн төлөөх сэтгүүл зүйн амин чанарыг алдагдуулахгүй байхад анхаарлаа хандуулсаар байх болно.
6.Олон нийтийн дэмжлэг, хүрээгээ тэлсээр
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн дэмжигч гишүүдийн коммьюнити үүсгэхээр Гишүүнчлэлийн хөтөлбөрөө 2025 оны 04 дүгээр сард эхлүүллээ. Уг хөтөлбөрт нэгдсэн гишүүддээ баримт шалгах сургалтыг үнэ төлбөргүй үзэх эрх өгөхөөс гадна улирал бүр хуурамч мэдээллийн тайлан хүргэж, гишүүдийн өгсөн дэмжлэгээр хуурамч мэдээллийг бууруулахад ямар үр дүнд хүрсэн талаарх мэдээллийг хуваалцах юм. Өнгөрч буй онд хоёр улирлын тайлан гишүүддээ өгсөн бөгөөд, нийгэмд түгж буй хуурамч мэдээллийг бууруулахад ямар хувь нэмэр оруулсанаа тэндээс харах боломжтой юм.

Хуурамч мэдээллээс үүдэн гарах хохирлыг бууруулахад мэдээлэл хүлээн авагч, хэрэглэгч иргэдийн оролцоо чухал болохыг онцолж, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр цаашид үйл ажиллагаагаа явуулах нь энэхүү Гишүүнчлэлийн хөтөлбөрийн амин сүнс нь юм.

Одоогоор биднийг дэмжиж, Хэрсүү болон Цэцэн гишүүн болсон 39 иргэн, дөрвөн хувьцаат компани нэгдээд байна.
7.Хиймэл оюун ухааны инновац, дата сан бүхий Pluma платформ нээлтээ хийлээ

Хараат бус чөлөөт сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, уншигчдын олон ургалч мэдээлэл хүлээн авах эрхийг хангах зорилготой сэтгүүлч, уншигч, эх сурвалж, баримт шалгалтын нэгдсэн систем болох Pluma платформыг 2025 оны 06 дугаар сард нээлээ. Уг төслийн санааг 2020 оноос Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв байгуулагдсан цагаас эхлэн боловсруулсан бөгөөд, 2022 онд Global Media Startup уралдаанд 26 орны 96 төслөөс 4-р байранд, түүнчлэн дэлхийд хамгийн томд тооцогддог, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн старт-апын уралдаан, хурдасгуур хөтөлбөр болох “She loves tech” уралдааны тусгай байрын шагналтай хүний эрх, ил тод байдал, хариуцлагын чухал ач холбогдолтой технологийн шийдэл юм. 2024 оноос Фаро технологи компанитай хамтран технологийн хөгжүүлэлтийг гүйцэтгэж байна.

Journalism AI хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр тухайн мэдээлэлд хиймэл оюунаар баримт шалгалт хийх, сентимент анализ буюу агуулгын хэв шинжийг тодорхойлж өгдөг хэрэглүүр нэвтрүүлсэн бөгөөд Voyager AI технологийн багийн хиймэл оюунд суурилсан чатбот ашиглалт зэрэг давуу талыг энэхүү платформд шингээж өгсөн Монголын анхны инновац шингэсэн санаачилгыг ирэх ондоо илүү өргөжүүлэхээр зорьж байна. Олон нийтийн төлөөх мэдээллийг дэмжихэд чиглэсэн бүтээлүүдийг 2026 оны турш Pluma-аас хүлээн аваарай.
8.Сошиалд гаднын нөлөө байдгийг судалгаагаар нотоллоо
Nest-ийн дэргэдэх Монголын баримт шалгах төв хуурамч мэдээллийг гарсан хойно нь бууруулах чиглэлээр ажиллахаас гадна урьдчилан сэргийлэх, сошиал сүлжээ ашиглан манипуляц хийж, олон нийтийн мэдэх эрхийг гуйвуулж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, баталгаатай мэдээлэл олж авах зэрэг эрхийг хөндөж буй үзэгдэлтэй тэмцэх чиглэлд ажиллалаа. Үүнд, “Монгол дахь Оросыг дэмжигч хуурамч мэдээллийн нарративыг ойлгох нь: Сошиал медиа мониторингийн тайлан” судалгааг DW академийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн бөгөөд манайд гаднын нөлөө тодорхой хэмжээнд байгааг нотолж өгсөн юм.

Цаашид энэ нь монголчуудын оюун санаа, төрийн бодлого, нийгэм эдийн засагт нөлөөлдөг эсэх, нөлөөлдөг бол ямар хэмжээгээр яаж гэдгийг үндэсний томоохон байгууллагуудтай хамтран судлах шаардлагатай байна.
9.Монголын мэдээллийн экосистемийн нарийвчилсан судалгаа хийв
Өнөөг хүртэл Монгол Улсад бүртгэлтэй болон үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэмшил, орлогын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, редакцын бодлого, хүний нөөц зэрэг өргөн хүрээний асуудлыг нэгтгэсэн судалгааг 2025 онд эхлүүлж, анализын шатанд явж байна. Ирэх оны эхээр энэхүү судалгааг олон нийтэд танилцуулж, Монголын мэдээллийн экосистемийг бүрнээр нь зураглахад хувь нэмрээ оруулах, цаашлаад үүнд тулгуурлан, мэдээлэл хүлээн авагчдын эрхийг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд суурь болох юм.
10.Найдвартай эх сурвалж, баталгаат мэдээллийг нэмэгдүүлэх “Баримт нэн тэргүүнд” сүлжээ
Nest-ийн чиглүүлж буй хамтралуудын хамгийн томоохон бүтэц болох редакцуудыг нэгтгэсэн хуурамч мэдээллийн эсрэг, баталгаат эх сурвалжийн “Баримт нэн тэргүүнд” сүлжээ нь өнгөрч буй жилд эрүүл мэндийн хуурамч мэдээллийг буурулах болон цахим залилангийн эсрэг мэдээллийг хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Мөн сүлжээний хоёр байгууллага болох Зууны мэдээ сонин болон gogo.mn сайт Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг (JTI) хангасан юм. Цаашид олон улсад хэвлэл мэдээллийн байгууллагын ISO стандарт гэж хэлж болох энэхүү санаачилгад илүү олон байгууллагыг нэгдэх үйл явцад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ нь олон нийт, байгууллагуудад олон улсын стандарт хангасан мэргэжлийн редакцуудаас мэдээллээ хүлээн авах, хамтран ажиллах сайн жишгийг түгээх зорилготой юм.
11.“Баримт шалгагч оюутан” клубын үйл ажиллагааг өргөжүүлж байна
“Үүр” төв сэтгүүлч бэлтгэдэг их сургуулиудад “Баримт шалгагч оюутан” клуб байгуулахад дэмжлэг үзүүлж, хуурамч мэдээллийг бууруулахад, оюутан цагаас нь эх сурвалжтай харилцах, баримтад суурилсан мэдээлэл бэлтгэх ур чадварт сургахад анхаарч ирсэн. Тэгвэл 2025 онд МУБИС болон Отгонтэнгэр их сургуульд клуб нээж, нийт таван клубын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Ирэх 2026 онд ЕБС-ийн ахлах ангийнхны дунд “Баримт шалгагч сурагч” хөтөлбөр эхлүүлж, мэдээлэл нягтлах, манипуляцыг таньж мэддэг болгоход чиглэсэн сургалт, үйл ажиллагаа зохион байгуулж, өргөжүүлэхээр зэхэж байна.
12.Олон улсын уралдаанд амжилт үзүүллээ
Монголын баримт шалгах төвөөс анх удаа 16-24 насныхны дунд мэдээлэл нягтлах олон улсын уралдаан GenAsia-г Монголд анх удаа амжилттай зохион байгуулж, шалгарсан таван багийг олон улсад өрсөлдүүллээ. Энэхүү тэмцээнийг ирэх жил биетээр зохион байгуулж, орон нутгийн сурагч, залуусыг хамруулахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна Монголын баримт шалгах төвийн баг БНСУ-д болсон баримт шалгалтын олон улсын уралдаанд есөн улсын 182 багийн 750 оролцогчоос “Шилдгийн шилдэг”-ээр шалгарлаа. Тус уралдаанд “Системтэйгээр түгээсэн хуурамч мэдээллийг судлах нь” сэдэвт бүтээлээрээ оролцсон юм.


Ийнхүү Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн нэгэн жилийн үйл ажиллагааны тайлан, үр дүн болоод ирэх жилийнхээ төлөвлөгөөний зарим хэсгээс мэдээлэл бэлтгэн хүргэлээ. Айсуй он жилүүдэд Үүр төв эрхэм зорилгынхоо төлөө илүү бүтээлч, үр нөлөөтэй ажлуудыг хэрэгжүүлсээр, салбарын хөгжилд оруулах хувь нэмрээрээ дамжуулан, олон нийтийн мэдэх эрхийг хангах, хуурамч мэдээлэл, манипуляцын эсрэг тэмцэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно.


