Хандалт их авдаг мэдээллүүдийн нэг жишээ нь “1072 хувьцааны ногдол ашиг тараахаар боллоо” гэх гарчигтай, төөрөгдүүлсэн агуулга юм

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #438

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

ШУУРХАЙ: Таван Толгойн 1072 хувьцааны ногдол ашгийг тараахаар болж хувьцаагаа ингэж шалгаарай!!! гэсэн мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

Хандалт авах зорилгоор төөрөгдүүлсэн гарчиг өгсөн мэдээллээр олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, хуурамч мэдээлэл түгээж буй үйлдэл удаа дараа гарч байна.

2023 оны 02 дугаар сарын 23-нд Prius Худалдаа нэртэй пэйжид “ШУУРХАЙ: Таван Толгойн 1072 хувьцааны ногдол ашгийг тараахаар болж хувьцаагаа ингэж шалгаарай!!! -шэйрлэж сайхан мэдээг түмэнд түгээ” гэсэн тайлбартай zasagt.com домайн хаягийн холбоос хавсаргасан пост оруулсан нь 02 дугаар сарын 28-ны байдлаар 1.3 мянга гаруй реакц, 102 сэтгэгдэл авч, 741 удаа цааш түгээсэн байна. 

Сайт дахь мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад 2023 оны 01 дүгээр сарын 12-ноос эхлэн нийт 24 удаа Facebook платформд шэйрлэж, 11,498 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна.

Уг мэдээлэлд “Эрдэнэс Таван Толгойн 1072 хувьцааны ногдол ашгийг 4 сар хавьцаа тараахаар төлөвлөж байгаа гэнэ” гэсэн өгүүлбэрээр эхлүүлж, “Нийслэлийн мэдээ” нэртэй хэрэглэгчийн 2 сарын өмнөх постын зургийг оруулсан ба үргэлжлүүлэн 2018 оны 01 дүгээр сарын 10-нд ikon.mn сайтад гарсан “Цэнхэр тасалбарын эрэлд мордсон иргэдийн цуваа нэмэгджээ” нийтлэлийн хэсгээс оруулсан байна. Уг нийтлэлд цэнхэр тасалбарын тухай мэдээллийг хүргэхдээ эцэг эхийнхээ хувьцааг хүүхдүүд нь өвлөх эрхтэй талаар хөндсөн байна. Энэ нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны тухай биш, цэнхэр тасалбараа оруулсан компанийн хувьцааны тухай болох ялгааг огт дурдаагүй байна. 

Хандалт авах зорилгоор төөрөгдүүлсэн гарчиг өгсөн мэдээллээр олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, хуурамч мэдээлэл түгээж буй үйлдэл удаа дараа гарч байгаа тул бодит мэдээллийг хүргэх нь зүйтэй байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Сангийн сайд энэ оны 4-5 дугаар сард 1072 хувьцааны ногдол ашиг тараахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн ч санхүүгийн боломжгүй тул 10-15 мянган төгрөг л ногдож байгааг ЗГХЭГ-ын дарга мэдэгдэж байв

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ ““Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, УИХ-ын түвшинд энэ асуудал яригдахаас өмнө энэ оны 4-5 дугаар сард ногдол ашиг тараахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн” гэсэн

Гэвч 02 дугаар сарын 3-нд Бүрэн эрхэт төлөөлөгчөөр ажиллаж буй Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой ХК-аас ногдол ашиг тараах санхүүгийн боломжгүй байна. Ирэх 4-р сард 400 тэрбум, 8-р сард 100 тэрбум гээд нийт 500 тэрбумын бондын өрийг төлөх ёстой. Мөн ковидын үед мөнгийг нь түрүүлж аваад дараа нь нүүрс нийлүүлэх гэрээнд 400-603 сая ам.долларын өр төлбөрүүд байна. Түүнчлэн компанийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Тиймээс бид ногдол ашиг тараах санхүүгийн боломжгүй байна” гэж мэдэгдэж байв. 

Улмаар 02 дугаар сарын 6-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой дотоодод 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгосон өртэй, төмөр замын төслийг хэрэгжүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийн өр бий. Эдгээр өр төлбөрийг төлж барагдуулахгүй бол дараа жилээс дахиад алдагдалтай ажиллах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс ЗГ-ын зүгээс нэр тэргүүнд тус компанийн  өр төлбөрийг барагдуулах бодлогыг хэрэгжүүлнэ. 2021 онд 190 гаруй тэрбум төгрөгийн ашиг олсон бөгөөд үүнийг 1072 хувьцааны ногдол ашиг болгон тараахад нэг хүнд 15 мянган төгрөг, 2022 оны ногдол ашгийн тухайд 10 гаруй мянган төгрөг нэг хүнд оногдож байна. Дээрх мөнгийг иргэдэд өгөх нь төдийлөн өндөр ач холбогдолгүй” гэсэн юм.  

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ногдол ашиг тараах шийдвэр гараагүй байна

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг гаргаж, ТУЗ-ийн гишүүдийн хурлаар албажуулдаг. Одоогийн байдлаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат гишүүнээр ажиллаж байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны 05 дугаар тогтоолоор “Ногдол ашгийн журам” баталсан. Уг журмын дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан. 

2020 оны 04 дүгээр сарын 24-нд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж,  2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг тараах шийдвэр гаргасан ба нэгж хувьцаанд 90 төгрөг байхаар тооцон 2,512,768 хувьцаа эзэмшигч иргэдэд нийтдээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ

Одоогийн байдлаар 1072 хувьцаанд ногдол ашиг тараах шийдвэр гараагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document