Цахим орчинд хүний эрхийг хамгаалах гэх шинэ хуулийг бид эсэргүүцэж байна

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ болон Mongolian Fact Checking Center нь эрх баригчдын баталсан шинэ хуулийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна. 

Хууль батлах процесс хууль дээдлэх ёсонд нийцэх ёстой. Гэвч энэхүү хуулийг Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулиас гажиж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, олон нийтийн саналыг тусгалгүйгээр 2 хоногт шуурхай баталсан. Уг тохиолдол нь 2022 оноос хойш эрх баригч Монгол Ардын Нам хууль зүйн зохих процессыг алгасан хууль баталсан 3 дахь тохиолдол юм.

Цар тахлын үеэр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг 11 хоногт баталсан бол сүүлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 1 хоногт, Эрүүгийн хуулийг 2 хоногт 2022 оны 08 болон 12 дугаар сард тус тус баталсан.

Шинэ хууль хэдийгээр цахим орчинд хүний эрхийг хамгаалах гэх нэртэй ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах эрсдэлтэй байна. Засгийн газрын дэргэд цахим орчныг хянах, контентыг зөрчилтэй эсэхийг үнэлэх, зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд түүнийг хязгаарлах, устгах, мэргэжлийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх эрх бүхий шинэ нэгжийг байгуулах гэж буй. Түүнчлэн, Засгийн газрын нэг л сайдын шийдвэрээр харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээ авах боломжтой болж байна.

Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (IFCN) -ний баталгаажсан гишүүн, мөн Meta компанийн Монгол дахь албан ёсны анхны бөгөөд цор ганц хөндлөнгийн баримт шалгах түнш зэргээр олон улсад танигдсан иргэний нийгмийн байгууллага болохынхоо хувьд бид уг хуулийн батлагдсан процесс болон хуулийн агуулга, зорилтыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг мэдэгдэж байна. 01 дүгээр сарын 20-нд хууль батлагдсанаас хойш Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болон Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамнаас хуулийн хэрэгжилтэд хамтарч ажиллах санал тавьсан ч бид хууль зөрчин баталсан хуулийн хэрэгжилтэд хамтарч ажиллахгүйгээ мэдэгдсэн. Уг хуулийн сөрөг заалтууд нь даган гарах нэмэлт журмаар засагдах боломжгүй. Мөн хуулийн зохицуулалт нь манай байгууллагуудын чанартай мэдээллийн хүртээмжийг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдалгүйгээр дээшлүүлэх суурь зарчимтай зөрчилдөж байна.

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ болон Mongolian Fact Checking Center нь Монгол улсын Ерөнхийлөгчийг уг хуулийн төсөлд хориг тавихыг уриалж байна. Мөн бид олон улсын шүүх, хүний эрхийн байгууллагуудад хандах ажлыг өрнүүлж буй болно.

Энэхүү мэдэгдлээрээ бид байр сууриа тунхаглаж, олон улсад Монгол Улсын ардчилсан тогтолцоог сулруулах үйл явцын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэн тэмцэхэд уриалж байна. 

Монгол Улсыг Төв Азийн бүс нутаг дахь ардчиллын тод илрэл хэвээр нь хадгалж үлдээхийн төлөө тэмцэх болно. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document