Хүнсний тугалган цаас өвдөг, нуруу зэрэг үе мөчний өвдөлтийг маш сайн эмчилдэг гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #397

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүнсний тугалган цаас өвдөг, нуруу зэрэг үе мөчөөр өвдөх өвдөлтийг маш сайн эмчилдэг” гэсэн мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны магистр Б.Золбаяраас тодруулахад “гэмтэлийн эмч нар хүнсний тугалган цаасыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, академик байдлаар, рецепт [жор] хэлбэрээр хэзээ ч зөвлөхгүй” хэмээн дээрх мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж биш болохыг онцолсон.

2023 оны 01 дүгээр сарын 15-нд Zulaa zul нэртэй хэрэглэгчийн хаягаас “Хүнсний тугалган цаас өвдөг, нуруу зэрэг үе мөчөөр өвдөх өвдөлтийг маш сайн эмчилдэг. Хэрэглэх арга ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ” гэсэн тайлбартай, ehoron.club домайн нэртэй сайтын холбоосыг хавсрагсан пост оруулсан. Уг мэдээлэлд хүнсний тугалган цаасыг олон төрлийн өвчин, өвдөлтийг намдаахад ашиглаж болно гэсэн агуулгыг онцолжээ. Тодруулбал, “Тугалган цаас нь олон төрлийн өвчинд тустай, ялангуяа өвдөлт намдаахад супер үр дүнтэй арга аж. Тугалган цаасыг хүзүү, өвдөг, мөр, өсгийгөөр хатгуулж өвдөх үед хэрэглэхэд маш давуу талтай гэнэ” гэжээ. “Тугалган цааснаас тавих хэсэгтээ тохируулан аваад өвдөлттэй хэсэг дээрээ тавьж байлгахад өвдөлт намддаг. Тугалган цаасаа тогтоохын тулд наалт ашиглаж өвдөлттэй хэсэгт сайтар бэхлэн орооно. Энэ үйлдлээ 10-12 өдрийн турш давтах бөгөөд өдрийн турш тавьж, шөнө унтахдаа ч тугалган цаашаа авах шаардлагагүй” гэж мэдээлжээ.

Тус мэдээллийг 01 дүгээр сарын 26-ны байдлаар Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд Фэйсбүүкт 3,342 хариу үйлдэл авсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд худал гэдгийг нь тогтоосон

Дээрх мэдээлэл нь худал бөгөөд Maldita, Newsmeter зэрэг бие даасан, Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд худал гэдгийг нь тогтоон мэдэгдсэн. 

Судалгааны санд байхгүй

Эрүүл мэндийн судалгаа, зөвлөгөөний дэлхийн хамгийн том порталуудын нэг MedlinePlus-т хүнсний тугалган цаасыг өвдөлт намдаахад ашигладаг болохыг баталсан судалгаа байхгүй байна

Эмч нар тугалган цаасыг хэзээ ч зөвлөхгүй

Мөн бид 2023 оны 01 дүгээр сарын 26-нд энэ зөвлөмжийн талаар АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны магистр Б.Золбаяраас тодруулахад “гэмтэлийн эмч нар хүнсний тугалган цаасыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, академик байдлаар, рецепт [жор] хэлбэрээр хэзээ ч зөвлөхгүй” хэмээн дээрх мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж биш болохыг онцолсон.

Тугалган цаасыг хүнсний салбарт ашиглахаар бүтээсэн

Харин хүнсний тугалган цаасыг 1910-аад оноос хойш хүнсний бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахаас сэргийлэх зорилгоор ашиглаж эхэлсэн бөгөөд анх 1911 онд Швейцарийн ‘Toblerone’ шоколадыг үйлдвэрлэхэд ашиглаж эхэлсэн байна.

Өмнө дурдсанчлан тугалган цаасыг ямар нэг төрлийн өвдөлт намдаахад ашигладаг шинжлэх ухаанаар батлагдсан жор байдаггүй байна. Хэрвээ таны үе мөч, биеийн аль нэг хэсгээр хатгуулж өвддөг бол мэргэжлийн байгууллага, эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээний аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document