Хүнсний сод, зөгийн бал зэрэг нь хорт хавдрыг устгахгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #392

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хүний бие хүчилшсэнээр хорт хавдар үүсэх ба шүлтлэг хүнс хэрэглэвэл хавдрыг устгадаг гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хэт их шүлтлэг хүнс хэрэглэх нь бөөрөнд ачаалал өгөх бөгөөд таны цусны 7.35-7.4 pH гэсэн pH өөрчлөгдөхгүй. Таны элэг, бөөр байнгын ажиллаж таны биеийн хүчил, шүлтийн тэнцвэрийг маш нарийн зохицуулдаг

2023 оны 01 дүгээр сарын 17-нд “Yeah.mn – Мэдээ Мэдээлэл” нэртэй пэйжид “Хүнсний сода, зөгийн бал холиход л болно. 30 хоногийн турш өдөрт 3 цайны халбага хэрэглэвэл таны биед юу тохиолдохыг хар” гэсэн гарчигтай yeah.mn домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны байдлаар 335 реакц, 13 сэтгэгдэл авч, 290 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна. 

Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 08-нд анх оруулсан ба Facebook сүлжээнд 12 удаа дахин идэвхжүүлж, нийт 6,006 удаа хариу үйлдэл авсан байна. 

Yeah.mn домайн дээр байршсан мэдээ нь:

“Байгалийн зөгийн бал нь халдварт өвчинтэй тэмцэхэд маш сайн нянгийн эсрэг үйлчилгээтэй. Хүнсний сод, зөгийн балыг холих үед таны биед шүлтлэг орчин бий болж, хорт хавдрын эсүүд үржиж чадахгүй. Таны биеийн орчин хэт хүчиллэг болж, эдгээр эсүүдээр хооллодог цэвэршүүлсэн сахарыг хэт их хэрэглэснээр хорт хавдрын эсүүд үүсдэг. Энэ хольц нь илүү шүлтлэг түвшинд байлгахын тулд рН-ийн түвшинг тохируулж, хорт хавдрын эсийн өсөлтийг зогсооно. Хорт хавдрын эсийг устгахын тулд эдгээр хоёр найрлагыг хэрхэн хослуулах талаар эндээс үзээрэй” гэсэн байна.

Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Хүний бие, цус хүчилшсэнээр хавдар үүсдэг гэх мэдээлэл #ХУДАЛ

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Health Feedback анагаах ухааны баримт шалгах төв 2022 оны 08 дугаар сарын 13-ны баримт шалгалтын тайландаа  “Хорт хавдар нь бие хүчилшсэнээс бус мутациас үүдэлтэй” болохыг дурджээ.Тайланд:

“Бие хүчилшсэнээр хавдар үүсдэг гэх ойлголт нь Химич, физикч Отто Варбургийн шинжлэх ухааны нээлтийг буруугаар тайлбарласнаас үүдэлтэй. Варбург эсүүд хүнс тэжээлийн бодисыг энергид хувиргах үйл явц буюу эсийн амьсгалын суурь механизмыг тайлбарласан бүтээлээрээ 1931 онд Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн байдаг.

Хүчилтөрөгчийн хүрэлцээнээс хамааран эсүүд хоёр төрлөөр амьсгална. Эсүүд хүчилтөрөгчийн оролцоотойгоор хоол тэжээлийн бодисыг исэлдүүлж байвал аэроб амьсгал, хүчилтөрөгчгүй орчинд глюкозыг исэлдүүлэн задалснаар энерги үүсгэвэл анаэроб амьсгал гэдэг. Хэвийн нөхцөлд эрүүл эсүүд аэроб амьсгалаар энерги үйлдвэрлэдэг бол хавдрын эсүүд хүчилтөрөгчтэй орчинд ч глюкозыг исэлдүүлэн задалж анаэроб амьсгалаар энерги үүсгэдгийг Варбург илрүүлжээ. Анаэроб амьсгалаар энерги үйлдвэрлэхтэй зэрэгцээд сүүн хүчил ялгардаг. Хорт хавдрын эсүүд анаэроб амьсгалаар энерги үйлдвэрлэх тул ялгарсан сүүн хүчлийн нөлөөгөөр хорт хавдрыг хүрээлсэн орчин хүчиллэг шинжтэй байна. Хүчиллэг орчин хорт хавдрын эсүүдийг тэжээдэг гэж үзэх хандлага бий, гэвч шүлтлэг орчинд ч мөн ялгаагүй хорт хавдрын эсүүд өсөж, хуваагддаг. Варбургийн хорт хавдар хүчиллэг орчинд оршдог гэх нээлтийг шүлтлэг хоол идээд байх юм бол хавдар үүсэхгүй гэж тайлбарлах нь түгээмэл болжээ. 

Нэгдүгээрт, хүчилшсэнээр хавдар үүсэхгүй, эсрэгээрээ хавдар үүсэхдээ хүчиллэг орчин бүрдүүлдэг. Хүрээлэн буй орчны нөлөө, эсийн хуваагдал доголдох зэргээс үүдэлтэй эсийн мутаци нь хавдрын гол үүсгүүр юм. Үе дамжсан эсийн мутацийн нөлөөгөөр хавдар тусах эрсдэл улам нэмэгдэх нь ч бий.

Хоёрдугаарт, шүлтлэг хүнс идлээ гээд таны биеийн хүчил, шүлтийн тэнцвэр өөрчлөгдөхгүй. Хэт их шүлтлэг хүнс хэрэглээд байвал бөөрөнд ачаалал өгөх бөгөөд таны цусны 7.35-7.4 pH гэсэн pH өөрчлөгдөхгүй. Таны элэг, бөөр байнгын ажиллаж таны биеийн хүчил, шүлтийн тэнцвэрийг маш нарийн зохицуулдаг” гэсэн байна. 

2. Эмчийн зөвшөөрөлгүй эмчилгээг дур мэдэн дагах нь хавдрын өвчтөнд сөрөг нөлөөтэй.

АНУ-ын Йелийн их сургууль, Вашингтоны их сургууль, Салт Лэйк их сургууль зэрэг сургуулийн 16 эрдэмтэн хамтран гүйцэтгэсэн судалгааны ажлыг Үндэсний хавдрын хүрээлэнгийн сэтгүүлд 2022 оны 07 дугаар сард хэвлүүлсэн тайланд “Хамгийн түгээмэл хорт хавдруудад чиглэсэн 2018, 2019 онуудад хүмүүсээс хамгийн их хандалттай байсан 200 гаруй зөвлөмжийг судлахад тэдний 35.2% нь худал, оновчгүй, хүний биед халтай зөвлөмжүүд агуулж байсан” гэж дурджээ. АНУ-ын Анагаах ухааны холбооны сэтгүүлд Йелийн их сургуулийн эрдэмтдийн 2018 оны 04 дүгээр сард хэвлүүлсэн тайланд “2004 оноос 2013 он хүртэлх хорт хавраар өвчилсөн 1,901,815 өвчтөний үр дүнд анализ хийхэд стандарт эмчилгээнээс татгалзаж алтернатив эмчилгээг сонгосон болон эмчийн зөвлөөгүй дур мэдэн хавсарга эмчилгээг хийлгэсэн өвчтөнүүдийн хорт хавдраар нас барах магадлал зөвхөн эмчийн зааврыг дагасан өвчтөнүүдийнхээс хоёр дахин их байлаа” гэсэн байна.

IFCN Буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Full Fact баримт шалгах төвийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны тайланд Эдинбургийн их сургуулийн судлаач, эмч Томас Дрэйкийн ярилцлагыг хавсаргажээ. Ярилцлагад “Хуруу шилэнд хавдрын эсийг шүлтлэг орчинд байлгахад зөвхөн хавдрын эс гэлтгүй эрүүл эс ч бас өртдөг. Хүнсний содыг их хэмжээгээр ууж хэрэглэх нь хавдрын эмчилгээнд эерэг нөлөө үзүүлэхгүй, амт нь ч таагүй байна. Их хэмжээгээр сода ууж хэрэглэх нь шээсээр дамжин гадагшлах ба энэ нь бөөрний асуудалтай хүмүүст аюултай байх боломжтой. Содыг амаар ууж хэрэглүүлсэн эмнэл зүйн практик огт байхгүй” болохыг сануулжээ.

АНУ Нью-Йоркийн Mount Sinai эмнэлгийн вэбсайтад хүнсний содын хордлогын тухай мэдээлэл байршуулжээ. Мэдээлэлд:
“Хүнсний содыг хоол, жигнэсэн бүтээгдэхүүний орц, найрлагад ашиглахад ямар нэг хор нөлөө байхгүй. Харин шингэнээр ууж хэрэглэх үед хордлого үүсгэх эрсдэлтэй. Зарим төрлийн эмчилгээний үед л эмчийн зөвлөгөөгөөр хүнсний содыг ууж хэрэглэх тул дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Хүнсний содыг ууж хэрэглэх үед дараах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандана уу
-Гүйлгэх
-Шөрмөс татах
-Булчин сулрах
-Хоол боловсруулах замд түгжрэл үүсэх
-Ойр, ойрхон шээх
-Бөөлжих” гэсэн байна. 

“Зөгийн бал шинжлэл” Олон улсын судалгааны ажлын эмхэтгэлд Бразил улсын Паранагийн Холбооны их сургуулийн эрдэмтдийн нийтлүүлсэн судалгааны ажилд “Зөгийн балын pH буюу устөрөгчийн ионы концентраци 3.5-5.5 хооронд байдаг бөгөөд харьцангуй хүчиллэг шинжтэй” гэсэн байна. Иймд шалгаж буй мэдээлэлд зөгийн балыг шүлтлэг шинж чанартай гэсэн нь буруу ажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document